Харамсахгүйгээр нийгмийн даатгал төлж болох нь
Ажил хийж, олсон хэдэн төгрөгийнхөө 10 хувийг төрд өгч, өтөл насандаа эргүүлээд авч байгаа зүй тогтлыг манайхан тэтгэвэр гэж нэрлэж байгаа.
Манай улсад эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 нас хүрч тэтгэвэрт гарч байгаа. Гэхдээ олон хүүхэдтэй гэх мэтчилэн шалтгаанаар эрт тэтгэвэрт гарах тохиолдол бий.
Залуу насандаа өөрийнхөө төлөө хөрөнгө оруулалт хийгээд, өтөл насандаа эргүүлээд сар сард нь авч иднэ гэдэг сайхан хэрэг. Гэхдээ хэд хүрч наслахыг мэдэхгүй энэ орчлонд хий дэмий мөнгө төлөөд яах вэ гэж үздэг хүмүүс ч бас байна. Ерөнхийдөө бага мөнгө төлж байхыг илүүд үздэг нөхөд ч байх. Аргагүй биз дээ, нийгмийн даатгалын санд нэг ч төгрөг байдаггүй. Иргэдийн төлсөн мөнгийг зүгээр л үрчихдэг гэх мэт хэл ам их гардаг. Дээрээс нь хамаг залуу насандаа мөнгө төлж төлчихөөд тэтгэвэрт гарахаас жилийн өмнө бурхны оронд одож байгаа хүмүүс ч цөөнгүй бий.
Тэр болгонд энэ мөнгө улсад үлдэнэ. Эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд ороод өнгөрдөг ч байж болох. Хань ижил, үр хүүхэддээ ч үлдээх эрх байхгүй байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй түшээд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн бариад байгаа. Яах вэ, цөөнгүй хэдэн гишүүн хамтарч оролцсон ч гол хүн нь ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ байсан. Тиймээс түүнийг өнгөрсөн долоо хоногийн “Дуулиант нөхөр”-өөр нэрлэж байгаа юм.
Энэ хуулийн төсөл бол яах аргагүй дуулиан байж чадлаа. Яагаад гэвэл иргэддээ төр нь шударга хандах орон зайг бий болгож байгаа юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь хамгийн товчхондоо Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, бататгахад чиглэж байгаа бөгөөд насаараа ханилсан ахмад буурлуудын хэн нэг нь түрүүлж хорвоогоос халих юм бол нөгөөд нь уламжлагдана гэсэн үг. Гэхдээ мэдээж тодорхой заалтуудаар зохицуулж өгч байгаа.
Гарч болох олон эрсдэлээс хамгаалсан заалтууд гэх үү дээ. Тухайлбал, Монгол Улсад 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг өөрийн амьдрах хугацаандаа үргэлжлүүлэн авах юм. Уг хуулийн төсөлд зааснаар бол хамтын тэтгэвэр авах гол шаардлага нь дээрхээс гадна гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэн байх ёстой юм.
Өөрөөр хэлбэл, доод тал нь 10 жилийн хугацаанд нэг хаягт хамт амьдарсан, дундаасаа үр хүүхэдтэй “жинхэнэ” гэр бүл байна гэсэн үг. Энэ бол хэн дуртай нь тэтгэврийн мөнгө аваад, улсыг хохироогоод байхаас сэргийлсэн заалт. Зайлшгүй хэрэгтэй зүйл, заалтууд гэхэд болно. Дээрээс нь хуулийн төсөлд 20-иос дээш насны зөрүүтэй бол хамтын тэтгэвэр олгохгүй гэсэн заалт байгаа.
Энэ нь аливаа хууран мэхлэлт, эрсдлээс сэргийлсэн заалт бөгөөд хуурамч гэр бүл болчихоод тэтгэврийн эзэн “өнгөрчихвөл” тэтгэврийг нь үргэлжлүүлэн авах бодолтой бусармаг нэгнээс сэргийлсэн хэрэг. Мөн гэрлэлтээ батлуулсан ч хамт амьдардаггүй хүмүүс энэ хуульд хамаарахгүй юм байна. Ямар ч байсан энэ мэт хэрэгтэй зүйл, заалтууд багтсан. Ерөнхийдөө хуулийн зүйл, заалтын тухай дурьдвал ийм. Хэрвээ энэ хууль батлагдчихвал харамсахгүйгээр нийгмийн даатгал төлж болох нь.
Учир нь 20, 30 жил ажиллаж, төлсөн мөнгөө өөрөө авч чадахгүй ч гэсэн ханилсан хань нь насны эцэст авна гэж бодвол зөвхөн өөрийнхөө төлөө биш бас хайртай хүнийхээ төлөө хийж буй хөрөнгө оруулалт болно шүү дээ. Ийм сэтгэхүйгээр залуус нийгмийн даатгалаа илүү идэвхтэй, бодитоор төлөх ч гарц гарч ирж байна шүү дээ. Дээрээс нь Монгол Улс иргэнийхээ өөрийнхөө төлөө төлсөн мөнгийг дураараа “идэхгүй” болох нь. Цаашлаад насаараа хөдөлмөрлөж, мөнгө төлсөн хосууд хоёулаа нас барвал мөнгийг яах тухай ч яригдах байх гэж найдаж байна.