Д.Зоригт: 2014 оны төсөвт цалин тэтгэвэр нэмэх 200 орчим тэрбумын хөрөнгийн эх үүсвэр суулгасан
МАН-ын 10 гишүүний зүгээс нийгмийн даатгалын сангийн тухай, хөдөлмөрийн хуулийн тухай, төрийн албаны тухай, нийгмийн халамжийн тухай, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх тухай зэрэг таван хуулийн төсөлд өөрчлөлт оруулах төслөө засгийн газарт өргөн барилаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Оны өмнө тооцооны төвүүд тэтгэврээ тавьж чадсангүй. Олон газар маш их чирэгдэл үүссэн. Их үүсвэр байхгүйгээс цалин тэтгэврийг хоёр жил нэмсэнгүй. Харин МАН жил болгон нэмж бүр цаашлаад 2011 онд 47 хувь нэмж байсан. Хоёр жил цалин нэмээгүй гурав дахь жилдээ орлоо. Гэтэл ханш унаж, юмны үнэ цэнэ өсч байхад өгөх ёстой тэтгэмжийг өгч чадахаа байлаа. Тэгэхээр байнгаа нөөц хөрөнгөө харж байгаад тэтгэвэр тэтгэмжээ өгөх, нэмэх асуудлыг шахаж ажиллана.
2014 оны төсөв нэгэнт батлагдаж хуулийн хүрээнд ямар ч боломжгүй хугацаанд МАН шаардлага өгч байгааг АН шүүмжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
Сөрөг хүчний популист алхмуудын л нэг гэж бодож байна. хамтдаа суугаад улс орны 2014 оны төсвийг баталсан байгаа. Тэр төсөвт угаасаа цалин тэтгэврийг тодорхой хэмжээгээр ялангуяа юмны үнийн өсөлт, инфляцийн өсөлттэй уялдуулан нэмэхээр 200 орчим тэрбумын хөрөнгийн эх үүсвэр суулгасан.
Үүнийг хуучнаас арай өөрөөр хэрэгжүүлэхээр засгийн газраас шийдээд урьдчилан зарлаж, юмны үнийг хөөрөгдөхгүйгээр үе шаттай хэрэгжүүлэхээр тогтсон. Төсвийг их хуралд байгаа бүлэг, намууд ярилцаад л баталсан байгаа. Батлагдсан төсвийнхөө дагуу л ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэрнээс биш олон нийтэд зарлаад цагаан сарын өмнө нэмэх боломжгүй.
Цалин тэтгэврийг нэмэхдээ бага дунд орлоготой иргэдийн цалинг юуны түрүүнд нэмэх шаардлагатай гэж МАН үзэж байна. төрийн албан хаагчдын цалин дунджаар 615 мянга, багш эмч нарын дундаж цалин 540 мянга байхад төрийн албанд ажиллаж байгаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин 320 мянган төгрөг байгаа юм. Тиймээс эхний ээлжинд бага орлоготой хүмүүст өндөр цалин нэмж, өндөр цалинтайг нь бага нэмэх саналыг тавьж байна.