“Цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гараагүй”
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.01.06

“Цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гараагүй”

Сар шинийн баяраас өмнө цалин тэтгэвэр нэмэх талаар иргэдэд хүлээлт үүсгээд буй.

2014 оны төсөвт цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмнэ гэж 200 тэрбум төгрөгийн суулгасан боловч хэзээ нэмэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-2014 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тэтгэвэр нэмэгдсэн гэсэн мэдээлэл гараад байна. Ажилласан жилээ нөхөн тооцуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой юу?

-Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гараагүй, Засгийн газар тогтоол гаргаж, албан ёсоор нэмнэ. Хүмүүсийн дунд төөрөгдөл, буруу ойлголт өгөөд байгаа зүйл нь Ажилласан жилийг нөхөн тооцох хууль хэрэгжсэнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа. Тодорхой хугацаанд нийгмийн даатгалаа төлж чадаагүй иргэдэд боломж олгож, нөхөн төлүүлэх тухай хууль юм.

Энэ хуулийн хүрээнд ажилласан жилээ нөхөн тооцуулахаар материалаа бүрдүүлж өгсөн хүмүүсийн мөнгө дансанд нь орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр нэмэгдсэн гэдэг нь ажилласан жилээ нөхөн тооцуулсан хүний мөнгө нь тэтгэвэр дээр нь нэмэгдэж ороод байгаа юм. Энэ нь тэтгэвэр нэмэгдсэн гэсэн төөрөгдөлд оруулаад байх шиг байна.

-2014 оны төсөвт 200 гаруй тэрбум төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэлд тусгасан. 2014 онд цалин, тэтгэвэр ямар шатлалаар нэмэгдэх вэ. Сар шинийн баярын өмнө нэмэгдэх үү гэсэн хүлээлт иргэдийн дунд маш их байна?

-Улс орны эдийн засаг, нийгмийн өсөлттэй холбоотой, инфляцитай уялдуулж, цалин, тэтгэвэрийг нэмж байхаар Засгийн газраас хуульд тусгасан. Энэ жил инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулж, цалин тэтгэвэрийг нэмэгдүүлнэ. Жилийн жилд эдийн засгийн өсөлт бодитой, боломжтой байгаа нөхцөлд иргэдийн амжиргааг дэмжих, иргэддээ тааламжтай байдал үүсгэх талаар бодлогоо барьж ажиллана. Одоогоор Засгийн газраас цалин, тэтгэвэрийг нэмэх талаар шийдвэр гаргаагүй.