2013.12.14

Иргэдийн худалдан авах чадвар 50 хувиар буурчээ

Монголын иргэдийн олонхи нь 598 000 төгрөгийн цалин авч байна гэж Монголын Үйлдвэрчний Эвлэл мэдээлж байхад Үндэсний Статистикийн Хороо  иргэдийн дундаж цалин 600-800 мянган төгрөг болж өссөн гэж мэдээлж байна. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянга болж иргэдийн худалдан авах чадвар жилээс жилд буурч, 50 хувьд хүрэхэд ойрхон байна.

500 гаран мянган төгрөгний цалинтай иргэд татвар төлөөд 400 орчим мянган төгрөг гар дээрээ авдаг. Энэ мөнгөөр хүнсний хэрэгцээгээ арай ядан хангаж, үлдсэн хэрэгцээ нь орхигдож байна.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Манайх шиг эдийн засгийн өсөлттэй, хэрэглээний өндөр өртөгтэй оронд бол цалингийн хэмжээ маш доогуур байна. Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянга байна. Судалгаагаанаас харахад энэ мөнгөөр нэг хүн хүнсний хэрэгцээнийхээ дөнгөж 70 хувийг хангадаг.

Иргэд:

10 мянган төгрөгөөр их бодож гурван кило гурил л авна.

Зургаан ширхэг оймс л авна. Жилийн өмнө бол би олон юм худалдан авч чадахаар байлаа.

Сүүлийн 20-иод жил Монголын хүн амын гуравны нэг нь ядуурчээ. Ромбо хэлбэртэй байх ёстой нийгмийн бүтэц пирамид хэлбэртэй болчихоод байна. Хүнсний хангамж хүртээмжтэй байгаа боловч иргэдийн худалдан авах чадвараас давчихаад байна. Тодруулбал, хотын ядуу иргэд орлогынхоо 46 хувь, хөдөө орон нутгийнх 58 хувийг хоол хүнсэндээ зарцуулдаг ч хоол тэжээлийн дутагдалтай байсаар байна.