Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын 76 гишүүдийн анхааралд
Монголын ахмадын чөлөөт холбооноос санал хүргүүллээ
2013.11.14

Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын 76 гишүүдийн анхааралд

Таны энэ өдрийн амгаланг айлтгая.

Нийгмийн бодлогын байнгын хороогоор цалин тэтгэвэр, тэтгэмжийг 30%-иар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжсэнд талархаж байна. Гэвч дараах асуудлыг онцгой анхаарч шийдвэр гаргахыг дийлэнх ахмадууд их хүсч байгааг уламжлая. Үүнд:

1. Цалин тэтгэврийг нэмэх асуудалдаа хүнс, барааны үнийг нэмэхгүйгээр бодитоор шийдэж өгөхийг тэтгэврийнхэн хүсч байна.

2. Тэтгэвэр нэмэлтийн талаарх ялгаварлан гадуурхсан үзэл баримтлалыг зогсоож, шинэчилсэн бодлого хэрэгжүүлэхийг ахмадууд их хүсч байна.

3. Тэтгэврийг бүхэлд нь 30% нэмэхийг бага тэтгэвэртэй ахмадууд эрс эсэргүүцэж байна. Шалтгаан нь:

- Нийт тэтгэвэр авагч 309.000 байгаагийн саяас дээш тэтгэвэртэй 0,2%, 550.000 төгрөгийн тэтгэвэртэй нь 1,9%, 350.000 төгрөгийн тэтгэвэртэй нь 10%, бүрэн бус хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй нь 17%, бүрэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй нь 70,9% байна. Дундаж тэтгэвэр 224.000 төгрөг байна.

- Хэрэв тэтгэврийг 30%-иар нэмэх шийдвэр гаргавал тэтгэврийн зөрүү улам ихсэж, ахмад настнуудын дийлэнх нь УИХ-ыг, шинэчлэлийн Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэхээр байна. Тэтгэврийг 30%-иар нэмвэл нийт тэтгэвэр авагчдын 17%-д нь 43,560 төгрөг нэмэгдэж 188,760 төгрөг, 70,9% -д нь 54,090 төгрөг нэмэгдэж 234,390 төгрөг, 10%-д нь 105,000 төгрөг нэмэгдэж 455,000 төгрөг, 1,9%-д нь 165,000 төгрөг нэмэгдэж 715,000 төгрөг, 0,2%-д нь 300,000 төгрөг нэмэгдэж 1.300.000 төгрөгөөр тус тус нэмэгдэж дийлэнх ахмадууд бага тэтгэвэртэй хэвээрээ, нэн цөөнх нь өндөр тэтгэвэртэй болж дундаж тэтгэвэр 291,200 төгрөг болж байна. Энэ нь нийтлэг эрх, ашгийг орхигдуулсан, цөөнхийг онцгой анхаарсан шийдвэр болох гэж байгааг анхаарч үзэх хэрэгтэй байна.

Санал хүргүүлэх тухай

- Иймд тэтгэврийг хувь зааж нэмэхийг дийлэнх ахмадууд эрс эсэргүүцэж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Харин нь 550.000 төгрөгөөс дээш тэтгэврийг нэг удаа нэмэхгүйгээр өнжиж түүнээс доош тэтгэврийг мөнгөн дүнгээр нэмэх хүсэлт их тавьж байна.

- Хувь тэнцүүлсэн тэтгэврийг бүрэн тэтгэвэрт шилжүүлэх шийдвэр гаргахыг их хүсч байна. Өмнө

нь нэгдлийн тэтгэврийг бүрэн тэтгэвэрт оруулах шийдвэр гарч байсан.

- Тэтгэврийн доод хэмжээг 350.000 төгрөгт хүргэх хүсэлтийг дийлэнх ахмадууд дэвшүүлж байгааг анхаарч үзэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Дунджаас доош тэтгэвэр авагчдын 81% нь тэтгэврийн зээлтэй байна. Тэтгэврийн зээлийн сарын хүү 1,5%, жилийнх 18% байна. Ахмад настнууд 3-36 сараар тэтгэврийн зээл авч байна. Урт хугацаагаар зээл авахад банк хүүг нэг дор авч багагүй мөнгө суутгаж байна.

- Тэтгэврийн мөнгө амьжиргааны өндөр өртөгт, оюутны төлбөрт, жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжлэг, эрүүл мэндийн өндөр үнэтэй төлбөрт тус тус зарцуулагдаж байгааг анхаарч үзэх хэрэгтэй байна.

4. Ахмад настнууд социолист системийг адилхан бүтээн байгуулцсан, адилхан өндөр настан, адилхан зах зээлийн нийгэмд амьдарч байгааг харгалзах хэрэгтэй байна. Хуучин бодлого нь дарга нар өндөр тэтгэвэр авах учиртай, ажилчид бага тэтгэвэртэй ёстой гэж ахмадуудыг ялгаварлан гадуурхсан хуучин нийгмийн ангийн ялгаа арилаагүй хэрэгжиж байгааг анзаарч, шинэ бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлага байна.

- Социолист нийгмийн архивыг санаатайгаар, бодлогоор устгаж, хувь хүний гарт хадгалуулж, ахмад настны тэтгэврийн жилийг тогтоох гол үзүүлэлт ажилласан жил, цалингийн тодорхойлолтгүй болгож олон зуун ахмадуудыг хохироож байна.

- Тэтгэвэр тогтоох гол үзүүлэлт цалингийн жишиг байхгүй байгаа учраас ихэнх тэтгэвэр 180,300-аар тогтоогдож байгаа алдааг засах шаардлага их тавьж байна.

4. Ахмад настанд хандсан шийдвэрийг ахмад настны дийлэнх олонхийн сэтгэл санаа болон амьдралд нийцүүлэхийн төлөө манай байгууллага Засгийн газар, тус яамтай гэрээ байгуулан, төсвийн хөрөнгөөр улсын хэмжээнд ажиллаж байгаа тул дээрх саналууд бодит байдалд үндэслэсэн гэдэгт эргэлзэхгүйгээр шийдвэр гаргахад нөлөөлж өгөхийг хүсч байна.

Хүндэтгэсэн: Г.Баасан