Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд 235 тэрбумыг төсөвлөхөөр боллоо
Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн байгууллагын гурван талт хэлэлцээрийн үр дүнд ирэх оны цалин тэтгэврийг нэмэх төсвийн төсөлд өөрчлөлт оруулснаа өнөөдөр мэдэгдлээ.
Энэхүү хэлэлцээрийн үр дүнд засгийн газрын зүгээс цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр 200 тэрбум төгрөг тусгасан байсныг дахин 35 тэрбум төгрөг нэмэхээр болж нийт 235 тэрбумыг төсөвлөхөөр шийдвэрлэсэн байна. Үүнд дан ганц гурван тал бус эдийн засагчдыг оролцуулж, дүн шинжилгээ хийсний үр дүнд энэхүү шийдвэрийг гаргасан гэлээ.
Өнгөрөгч сард Монголын эрүүл мэнд, боловсрол шинжлэх ухаан, соёл урлаг, төрийн зарим мэргэжлийн салбарын ажилтнуудын ҮЭ-ийн холбоод ирэх жилийн цалин тэтгэврийн нэмэгдлийн 200 тэрбумын төсвийг хэтэрхий бага байгааг хэлж, наанадаж найман хувиар нэмэхээр харагдаж байгааг тэд онцолж байсан юм.
Ирэх онд төсөвлөсөн 235 тэрбумын 139 тэрбум нь цалин нэмэхэд үлдсэн 96 тэрбум нь тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр төсөвлөгдөх аж.
Мөн гурван талт хэлэлцээрээр зах зээл дэх өргөн хэрэглээний барааны үнэ, шатахууны үнэ огцом нэмэгдэхээс сэргийлж цалин тэтгэврийг нэмэх хугацааг урьдчилж мэдээлэхгүй байхаар болсон бөгөөд энэ удаагийн хэлэлцээрийн давуу тал нь засгийн газрын зүгээс гаргаж байгаа үнэ тогтворжуулах чиглэлийн ажлуудад гурван тал оролцож байхаар болсныг тэд онцоллоо.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав "Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ нэмэгдэж иргэдэд улам дарамт болох талтай байдаг. Тиймээс цаг хугацааг нарийн мэдээлэхгүйгээр цалин, тэтгэмжийг нэмэхээр болсон. Мөн аль салбар дээр, хэрхэн нэмэгдүүлэх талаар гурван тал хэлэлцээрээ дахин үргэлжлүүлэх болно" гэсэн юм.