“Цалин, тэтгэвэр нэмэхэд 200 тэрбум төгрөг хангалтгүй” гэв
Өнгөрсөн есдүгээр сард Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Тусгаар тогтнолын талбайд цалин, тэтгэврийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй хэмээн жагсаж байсан.
Тэд шаардлагаа УИХ, Засгийн газарт хүргүүлсэн тухайгаа ч мэдэгдсэн. Тэд энэ үеэр эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа ч цалин тэтгэврийг 40 орчим хувиар нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг хамгаалах нь зүйтэй гэдгийг ч илэрхийлж байсан юм.
Тус жагсаалын үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Цалингийн хэмжээ өсөөгүй байхад зарим бараа, бүтээгдэхүүний үнэ дунджаар 10-30 хувиар нэмэгдсэн. Тиймээс цалин нэмснээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэдэг нь батлагдаагүй зүйл болж байна.
Цалин, тэтгэвэр нэмэгдэхээр инфляци өснө гэж айх нь ядуурлыг бий болгоно. Үүнээс улбаалж иргэдийн цалин, тэтгэмжийг нэмэхгүй байж болохгүй” гэж байсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт Боловсрол шинжлэх ухаан, Шинжлэх ухааны, Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний холбооноос мэдээлэл хийсэн.
Харин одоо цалин нэмэхдээ ганцхан 2013 оны инфляцийн түвшинг харгалзаж үзнэ гэдгийг эсэргүүцэж байгаа.
Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.Батзориг “Бид Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байгаа. Мөн бидний зүгээс гурван талт ажлын хэсэг байгуулж Засгийн газраас баримталж буй шаардлагыг эсэргүүцэж байна” гэсэн юм. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ индексжүүлнэ гэж байгаа. Уг асуудлыг үйлдвэрчний эвлэл хууль эрхзүйн нөхцөл нь бүрдээгүй байхад дээрх хэлэлцээрийг ашиглах боломжгүй гэж үзэж байгаа аж.
Учир нь 2011 онд цалин тэтгэврийг нэмэх шаардлагыг үйлдвэрчний эвлэлүүд тавихдаа өнгөрсөн хоёр оны инфляцийн түвшинтэй уялдуулахыг шаардаж байсан. Харин одоо цалин нэмэхдээ ганцхан 2013 оны инфляцийн түвшинг харгалзаж үзнэ гэдгийг эсэргүүцэж байгаа аж. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнэ нэг хувиар өслөө гэхэд цалингийн хэмжээ 0.7 гэсэн харьцаагаар өснө гэсэн үг юм байна.
Үүнийг үйлдвэрчний эвлэлийн дээрх гурван салбарын төлөөллүүд эсэргүүцээд байгаа юм. Төрийн албан хаагч тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн ажилчдын цалингийн хэмжээ хангалтгүй байдаг. Тухайлбал Европын хөгжилтэй орнуудад цалингийн дундаж хэмжээ нь таван мянган ам.доллар байдаг аж. Гэвч манай улсын төрийн албан хаагчдын дундаж цалин 300 ам.доллар хүрэхгүй байгаа юм.
Засгийн газраас хөдөлмөрийн хэлэлцээртэй холбоотой асуудлыг авч үзэхдээ үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, Засгийн газар гэсэн гурван талын оролцоотой шийддэг. Гэтэл энэхүү дүрмийг зөрчиж Засгийн газар дангаараа олон нийтэд мэдэгдэлгүйгээр цалинг хэзээ, хэдэн хувиар нэмэх нь тодорхойгүй байгааг дээрх холбоодын төлөөллүүд буруутгаж байгаагаа хэлж байлаа.