Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин нэмэхийг шаардав
Монголын үйлдвэрчний эвлэл
2013.10.21

Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин нэмэхийг шаардав

Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийлээ.

Тэд “Манай улсын эдийн засгийн өсөлт иргэн бүрт хүрч, амьжиргаанд нь дэмжлэг болсонгүй. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж байхад ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулж 200 тэрбум төгрөг тусгасан нь хэтэрхий бага” гэж мэдэгдэв.

Засгийн газраас энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол МҮЭийнхэн тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэлээ. Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг “Урьд нь цалин нэмэхдээ өмнөх онуудын инфляцийн түвшинг харгалздаг байсан. Гэтэл ирэх онд цалин нэмэхдээ 2014 оны инфляцийг харгалзана гэсэн нь учир дутагдалтай.

Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнууд бусад ажил, мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад хоёр дахин илүү ачаалалтай ажилладаг. Тухайлбал, 30 хүүхэд суралцах ёстой ангид 60 хүүхэд суралцаж, эмнэлгүүд стандартаасаа хэд дахин олон хүнд үйлчилж байна. Энэ мэт асуудлыг шийдэж чадахгүй бол цалин нэмэх ёстой. Гаднын хөгжингүй орнуудад боловсролын салбарынхны цалин 5000 ам.доллар. Гэтэл манайд 300 ам.доллар хүрэхгүй шахуу байна” гэв.