Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.11.08

Х.Амгаланбаатар: 2012 оноос хойш цалин нэмэгдээгүй

Ийгл телевизийн “Зочны цаг”-т Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцлоо.

-Гурван талт хэлэлцээрийн хүрээнд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо, Засгийн газар хамтран хэлэлцээр байгуулсан. Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа ч шийдвэр гаргах түвшинд хүрсэн зүйл алга. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Өмнөх долоо хоногийн баасан гаригт хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэлсэн. Энэ хэлэлцээр хоёр үндсэн асуудлаар буюу цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр явагдаж байгаа. Хэлэлцээрийн хүрээнд гурван талаас гурав гурав есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Ажлын хэсэг цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2014 онд хэдэн хувиар, хэзээнээс нэмэгдүүлэх боломжтой, одоогийн байдлаар Засгийн газраас зарлаад улсын төсөвт суулгасан 200 тэрбум төгрөг хүрэлцээтэй эсэх дээр судалгаа шинжилгээ хийх үүрэгтэйгээр ажиллаж байна.

МҮЭХ-ноос ажлын хэсэгт орсон хүмүүс 200 тэрбум бол МҮЭХ-ны цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тавьсан саналыг хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн байр суурьтай байгаа.

Засгийн газрын улсын төсөвт суулгасан 200 тэрбум төгрөг бол цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг долоо найман хувь нэмэгдүүлэх л эх үүсвэр. МҮЭХ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40 орчим хувь нэмэгдүүлэх саналыг урьдчилсан байдлаар тавьсан.

МҮЭХ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40 орчим хувь нэмэгдүүлэх саналыг урьдчилсан байдлаар тавьсан.

40 хувь дотор 23,3 хувь нь инфляцийг хаах, өөрөөр хэлбэл, цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж буй асуудал биш зөвхөн хоёр жилийн инфляцийн алдагдлыг орлого дээр нөхөж байгаа. Үлдсэн 17 орчим хувь нь 2014 онд  цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр илэрхийлсэн санал.

-Яг өнөөдөр тухайн салбар салбартаа болоод орон нутагт иргэдийн цалин хөлс ямар түвшинд байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт гэхэд 10 жил суралцаад эмч болж буй залуу эмчийн хувьд 429 мянган төгрөгийн үндсэн цалинтай. 30 жил ажилласан тэргүүлэх чиглэлийн нилээн туршлагатай эмч нар 530 орчим мянган төгрөгийн үндсэн цалинтай. Үндсэн цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл гээд, бусад шимтгэлээ хасахаар гар дээрээ 400-450 мянган төгрөгийн цалин авч байна.

Цэцэрлэгийн багш, асрагч нарын хувьд 350 орчим мянган төгрөгийн цалинтай. Нийтийн тээврийн Автобус-1, Автобус-3 гэсэн төрийн өмчит компани дээр очиж, ажилчидтай уулзахад кондукторуудын үндсэн цалин 350 мянган төгрөг, жолооч нар 450 мянган төгрөгийн цалинтай. Багш нарын хувьд 500 гаруй мянган төгрөгийн цалинтай. Ийм л байдалтай манай гол гол салбарын ажилчид цалинжиж байна.

Хүмүүсийн орлогын түвшин, авч буй тэтгэвэр тэтгэмжийнх нь түвшингээр нь хүн амыг дотор нь тав ангилдаг. Нэн ядуу, ядуу, дунд зэргийн орлоготой, чинээлэг, баян гэсэн. Тэгэхээр манай гол гол төрийн албанд, төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй мэргэжилтэй хүмүүс ядуугийн түвшинд байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...