Г.Баасан: Ахмадуудын тэтгэврийг хувьчилж нэмдэгийг зогсоох ёстой
Цалин, тэтгэврийг нэмэхээр болсон нь сайшаалтай ч зарим нэг зүйл дээр анхаарахыг ахмадууд сануулж байна. Тухайлбал, тэтгэврийн хэмжээг тэр чигт нь нэмэх бус 550 мянгаас дээш тэтгэвэртэй ахмадуудаа нэг удаадаа өнжөөж, түүнээс дооших тэтгэврийн хэмжээг өсгөх, дундаж хэмжээг 350 мянгад хүргэх хүсэлтээ тэд дэвшүүлж байна.
Ахмадууд эмнэлэгт хүргэгдээд очиход насны доройтол гэхээс өөр онош тавьдаггүй, сонгуулийн үеэр итгэл үнэмшлээр нь далимдуулан ашигладаг болсон зэрэг ахмадуудын асуудал сүүлийн жилүүдэд улам хүндэрч байгааг Монголын Чөлөөт Ахмадын Холбооныхон ярьж байна.
МЧАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Амгаланбаатар:
Бид ингэж ярьж байгаа нь цаанаа шалтгаантай. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн иргэн, Хөдөлмөрийн баатар Пунцаг гэдэг хүн өнөөдөр 108300 төгрөгний тэтгэвэр авч байна. Тэр хүн залхуудаа тийм тэтгэвэр аваагүй. Ийм гавьяатай хүмүүсийнхээ тэтгэврийг 350 мянгад хүргэж яагаад болохгүй гэж.
Монголын Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн Г.Баасан
Манай улсад 309 000 ахмад тэтгэвэр авдагаас нэг саяас дээш тэтгэвэр авдаг нь 0,2 хувь, 555 000 төгрөгний тэтгэвэртэй нь 1,9 хувь, 350 000 төгрөгний тэтгэвэртэй нь 10 хувь, хувь тэнцүүлсэн тэтгэвэр буюу 145 000 төгрөгний тэтгэвэртэй нь 17 хувь байна. Үлдсэн нь тэтгэврийн доод хэмжээ болох 180 300 төгрөгөөр амь зууж байна. Ийм ялгаатай байгаа тэтгэврийг ижилхэн хэмжээгээр нэмчихвэл доод хэмжээ 188 700 төгрөг, харин дээд хэмжээ 1 сая 300 мянган төгрөгт хүрэх тул ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг хэлж байна.
Монголын Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн Г.Баасан:
Ахмадуудын тэтгэврийг хувьчилж нэмдэгийг зогсоох ёстой. Мөн дээд, доод хэмжээний ялгааг арилгах хэрэгтэй. Гуравдугаарт, дээд тэтгэврийг хэвээр орхиж, доод тэтгэврийг мөнгөн дүнгээр татаж ижил болгомоор байна. Яагаад гэвэл тэр хүмүүс бүгд социализмд амьдарч байсан, бүгд ижил гавьяатай, бүгдээрээ одоо зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас үндсэн хуулийг зөрчиж хооронд нь ялгаварлаж байгааг зогсоох болно.
Тэтгэврийн зөрүүг арилгах талаар ахмадуудаас судалгаа авахад тэдний 90 орчим хувь нь үүнийг дэмжжээ.