С.Эрдэнэ: Хамтын тэтгэвэр нь үлдсэн нэгнийх нь амьдрах хугацаанд олгогдоно
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Хамтын тэтгэврийн даатгалын тухай хуулийг өргөн барилаа. Энэ хууль гарснаар гэр бүлийн тэтгэврийн насны хүмүүсийн аль нэг нь бие барсан тохиолдолд үлдсэн нь халамжийг нь үргэлжлүүлэн авч байх зохицуулалттай гэв үү?
-Хуулийг гаргах болсон гол шаардлага гэвэл өнөөдрийн Монгол гэр бүлийн үнэ цэнэ, бат бэх байдал алдагдсантай холбоотой. Мөн ахмад настнууд өнөөдөр бие дааж амьдрах хандлага ихэссэн. Хуучин хэдэн үеэрээ, олуулаа нэг гэрт амьдардаг байсан системийг халж тэс өөрөөр амьдрах сонирхолтой болсон. Үүнээс болж ахмад настнуудын амьдрал, нийгмийн хамгааллын асуудлууд хурцаар хөндөгдөж байгаа цаг үе. Тиймээс “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор ахмад настны нийгмийн баталгааны асуудлыг ихээхэн хөндөж байгаа нь энэ.
Ийн Хамтын тэтгэврийн даатгалын тухай хуулийг гаргаснаар ахмад настнууд аливаа эрсдэлд орохоос хамгаалах, тайван амьдрах орчинг нь бүрдүүлэх зорилготой. Ер нь хорвоогийн жамаар гэр бүлийн хоёрын хэн нэг нь түрүүлж мөнх бусыг үзүүлдэг. Харин үлдсэн нэг нь сэтгэл санааны хямралд орохоос гадна амьдралын, эдийн засгийн байдал нь эрс хүндэрдэг. Өнөөгийн манай ахмадууд бүгд социализмын үед амьдарч байсан. Цалингаас цалингийн хооронд байж бий болгосон хуримтлал ч үгүй байдаг.
Хоёр ахмад нийлээд 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байлаа гэж үзье. Муугаар бодож нөхөр нь нас барлаа гэж үзэхэд тухайн өрхийн орлогын 60 хувь нь алга болдог. Сэтгэл санааны хохирлоос гадна ийм орлоготой үлдсэн хүн яаж амьдрах вэ. Хоол унднаас эхлээд хувцас хэрэглэл, ахуйн хэрэглээ гээд олон зүйл дутагдана. Үүнээс болж тэтгэврийн зээл авч хүүд нь давхар шатаж бүр эцэст нь өөртөө байгаа бүхнээ өгч өрнөөс салаад орох оронгүй үлдэх тохиолдол ч олон байна. Энэ эрсдэлийг байхгүй болгохын тулд уг хуулийг гаргасан.
-Хууль батлагдвал нас барсан ханийнхаа тэтгэврийн хэдэн хувийг авна гэсэн үг вэ?
Одоогийн байдлаар 50, 70, 100 хүртэлх хувь гэсэн тоо яригдаж байгаа.
Одоогийн байдлаар 50, 70, 100 хүртэлх хувь гэсэн тоо яригдаж байгаа. УИХ-ын гишүүд 50 хувийг нь өгнө гэх нь үү эсвэл 70 хүртэлх хувь бүр цаашлаад 100 хувь өгнө гэсэн шийдвэрийг ч гаргаж магадгүй. Тэтгэврийн даатгалын сангийн даац, ачааллыг тооцож үзээд хэд байхыг шийдэх байх. Ер нь Тэтгэврийн даатгалын сан мөнгөтэй, мөнгөгүйдээ гол нь биш.
-Энэ хууль гарснаар ямар хэмжээний ачаалал үүсэх бол?
-Энэ хуулийг баталснаар эдийн засгийн сөрөг нөлөө бага байна. Угаасаа тэр хүн авч байсан тэтгэвэр шүү дээ. Гэхдээ энэ давхар тэтгэвэр нь ямар нөхцөлд хамаарах вэ гэвэл үлдсэн нэгнийх нь амьдрах хугацаанд олгогдоно. Шууд хэлбэл насаараа нэг гэрт амьдарсан хоёр хүний сүүлд амьсгал хурааснаар нь тооцож тэтгэврийг хаадаг болно. Хүн насаараа нийгмийн даатгал төлж хуримтлал бий болгосон байгаа.
Түүнээс нь хувь хишиг хүртээд амьдарна гэдэг бол их том буян юм. Бурхан болсон хойно нь ханийнхаа буяныг хүртэж амьдарна гэдэг сайхан байна биз дээ. Харин тэтгэвэр авах хүмүүсийн тооны хувьд ойлгомжтой тэлнэ. Гэхдээтухайн буурай нас бараагүй бол тэтгэврээ авдгаараа авна. Тэгэхээр эндээс ямар нэгэн зохиомол эрсдэл үүсэхгүй. Тооцооллыг бид хийнэ.
-Бас сөрөг талууд гарах байх. Гэр бүлээ цуцлуулалгүйгээр хоёр тийш болсон гэр бүлүүд олон бий. Энэ тохиолдолд нэг нь нөгөөгөө нас барсан тохиолдолд тэтгэврийг нь үргэлжлүүлэн авах уу. Бас захиран зарцуулах эрх нь хэр хангалттай байх бол?
-Сүүлийн 10 жилд нэг хаяг дээр, нэг гэрт хамт амьдарсан байх шаард- лага тавьж байгаа. Харин нас барсан ханийнхаа тэтгэврийг яг л эзэмшигчийн эрх үүргийг адил эзэмшинэ. Ямар нэгэн хязгаар байхгүй. Шууд хэлбэл нас барсан гэдгийг нь тодотгож өгөөд захиран зарцуулах эрхийг нь шилжүүлнэ. Банкнаас зээл авна уу, сар сард нь тэтгэврээ авна уу өөрийнх нь эрх болж байгаа гэсэн үг.
-Зарим өндөр настнууд тэтгэврээ үр хүүхдүүддээ булаалгах тохиолдол элбэг байдаг?
-Ахмадын эрхийн тухай хуулийг боловсруулж байна. Энэ хуулиар ахмад настныг асардаггүй, ямар нэгэн хэлбэрээр дарамталдаг, тэднийг сэтгэлзүйн болон эд материалын хохиролтой үлдээдэг, үүрэг хүлээсэн үр хүүхэд нь үүргээ хүлээдэггүй ийм этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Уг хуулийг гаргах цаг нь болчихож. Гэр бүлийн хүрээнд гарч байгаа хүчирхийллийг судалж үзсэн.
Хүүхэд, эмэгтэйчүүд ихээр өртдөг байсан бол өнөөдөр ахмад настнууд дутахааргүй өндөр хувьтай гарч байна. Тэтгэврийг нь булааж аваад үнэгүй зарцалдгаас эхлээд асуудал их. Зоддог тохиолдол ч байна. Үүнийгээ ч ахмадууд нууж үхэхийн хооронд үр хүүхэд болоод өөрийнхөө нэрийг бодож хамгаалдаг. Ийм далдын далд хэлбэрийн хүчирхийллийг таслан зогсоохоор Ахмадын эрхийн тухай хуулийг гаргах юм.
-Эдийн засаг хөгжөөд иргэд, тэтгэврийн насныхан төрийн гар харахааргүй болсон цагт энэ хууль хэрэгжсээр байх уу. Хуулийн хэрэгжих хугацаа гэж тавьж өгсөн үү?
-Хуулийг хэрэгжих хугацаа гэж байхгүй. Давхар тэтгэвэр авахгүй болох шаардлагагүй үе гэж ер нь гарахгүй дээ. Хүний хэрэглээ хязгааргүй. Тиймдээ ч улс орон эдийн засгийн боломжтой болох тусмаа давхар тэтгэврийг өгөх нь илүү үр дүнтэй хэрэг болно. Өнөөдрийн байдлаар Япон, Австрали гэх мэтээр өндөр хөгжсөн орнуудад нийгмийн хамгааллын систем их хүчтэй байдаг.
Тэтгэврийн даатгалын тухай хуульд хүн бүрт тэгш олгодог суурь тэтгэврийн сан бий болгох ёстой. Суурь тэтгэврийн сан дээр одоогийн авч байгаа тэтгэврээ нэмээд дээрээс нь нэмэлт тэтгэврийн сантай болох хуулийн төсөл боловсруулж байна. Суурь тэтгэврийн сан гэдэг маань эдийн засгийн хямрал болох мэт гэх сөрөг нөлөөлөл үүсэхэд суурь тэтгэврийг нэмж тухайн иргэнийг ямар нэгэн эрсдэлд орохоос хамгаалдаг учиртай.
-Энэ хуулийг сонссон ахмад настнуудад хүлээлт үүсэх байх. Хэрэгжилт нь хэзээнээс эхлэх вэ?
-Бид 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тооцож байгаа.
-МАН-ынхан улс орны эдийн засаг уналаа, их өрөнд орлоо гэж байна. Энэ үед хууль хэр дэмжлэг авах бол?
Өр зээлийн асуудал гэдэг бол эдийн засагтай огт холбоогүй цэвэр улстөржсөн алхам.
-Өр зээлийн асуудал гэдэг бол эдийн засагтай огт холбоогүй цэвэр улстөржсөн алхам. Сөрөг хүчин өнөөдөр энэ Засгийн газрыг яавал гар хөлийг нь хүлээтэй байлгах вэ. Яавал ажил хийлгэхгүй байх вэ, яаж нэр хүндийг нь унагааж, сөхрүүлэх вэ гэдгийн төлөө л ажиллаж байгаа. Энэ Засгийн газрыг унагаад 2016 онд хуучин эрх мэдэл, албан тушаалаа авъя гэсэн увайгүй бодолтой байгаа. Түүнээс биш улс орны сайн сайхны төлөө тэд гоншгоноод байгаа юм биш. Өнөөдөр бондыг хориглосноор ирээдүй өргүй байхгүй.
Тэртээ тэргүй Монголд бүтээн байгуулалт хийх нь үнэн үү, үнэн. Монгол орон 2014 онд эдийн засгаараа тэргүүлнэ гэдгийг дэлхийн топ судалгааны байгууллагуудаас мэдээлж байгаа. Эдийн засгийн өсөлт 15.7 хувьд хүрнэ гэсэн магадлал бий. Ийм боломжтой үед бид бонд гаргана гэдэг аймшигтай зүйл биш. Харин ч цаг хожиж бүтээн байгуулалтаа хийх ёстой. МАН-ынхан эрх барьж байхдаа өөрсдөө, өөрсдийнхөө зөв гэж үзэж байгаагаар энэ бүтээн байгуулалтуудыг хийхгүй юм.
-Тэтгэвэр нэмэх шаардлагыг МАН-ынхан тавилаа. Тэтгэврийн насныхан ч хүлээлттэй байгаа байх.Энэ асуудлыг хэзээ хэрхэн шийдэх бол?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг урьдчилан зарлахгүй гэж заасан учраас тодорхой зүйл ярих боломжгүй байна. Яагаад вэ гэвэл зарласнаас болж үнийн хөөрөгдөл бий болж цалин, тэтгэвэр нэмсний үр ашиг гардаггүй. Энэ нь үнэн. Ямартай ч тэтгэврийн нэмэгдлийн асуудлаар Засгийн газарт хуулийн төсөл хүргүүлсэн. Нэг зүйлийг хэлэхэд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тухайн жилийн инфляцитай уялдуулж цалин, тэтгэврийг нэмэгдүүлж байна гэсэн заалт бий. Өнгөрсөн оны сүүлээр инфляци 11-12 хувьтай байсан.