Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.01.24

Х.Амгаланбаатар: Улсын төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан

Ойрын хугацаанд хөдөлмөр нийгмийн гурван талт хороогоор цалинг хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг ярилцаж цалин тэтгэврийг хэзээ хэрхэн нэмэх тухай шийдвэрийг гаргана. Ингэхдээ хавтгайруулан нэмэхгүй гэдгийг мэдэгдэж байна.

Хөдөлмөр нийгмийн гурван талт хороогоор цалин тэтгэврийг хэрхэн нэмэх чиглэл гаргасны дараа засгийн газрын байр суурийг сонсоно. Тухайн шийдвэрийг засгийн газар хүлээн зөвшөөрсний дараа хэн хэдэн төгрөгийн цалинтай байна. хэний цалинг хэрхэн нэмэх шаардлагатай байгааг салбарын яамнаас авч тооцоотой, үе шаттай нэмнэ гэдгийг үйлдвэрчний эвлэлээс мэдээлж байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Салбарын онцлогт тохирсон цалин, тэтгэвэр нэмнэ. Тухайлбал сувилагчийн цалинг хэдэн төгрөгөөр нэмбэл болох уу, эмч нарын цалинг хэдэн хувиар нэмэх гэх мэт асуудлыг дотооддоо шийдвэрлэх боломжийг  анх удаагаа олгож байгаа. Улсын төсвийн өмнө хэлэлцээрийг зохион байгуулсан онцлогоос болж 2014 онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан.

Цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг нэмж орлого нэмэгдэх арга хэмжээ авсны дараа барааны үнэ нэмэгддэг гаж тогтолцоог өөрчлөхөөр гурван тал нилээн ярилцаж үнэ бүрдэлтийн хууль, цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх эрх зүйн орчныг цалин тэтгэвэр нэмэхтэй зэрэгцүүлэн авч явах хуулийг боловсруулж байгаа. Мөн ШӨХТГ, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон бусад төрийн байгууллагатай үнийн хууль бус өсөлтөөс сэргийлсэн арга хэмжээг авна.  

Хэдэн төгрөгөөр нэмэх нь тодорхойгүй ч цалин нэмнэ гэсэн сураг гарсан бол бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэл бий болдгийг өмнөх туршлагууд харуулсан. Тэгвэл ийм зөрчил гаргахгүйн тулд холбогдох хууль журмыг давхар боловсруулсан байна.