Иргэд бага цалинтай эмч нарт эрүүл мэндээ даатгаж буй нь эрсдэлтэй
Цалин, тэтгэврийг нэмэх тухай асуулгыг УИХ-д тавьсан гишүүн С.Ганбаатар С1 телевизийн мэдээллийн хөтөлбөрийн зочноор оролцож цалин тэтгэврийн асуудлаар тайлбар өглөө.
Хоёр сар гаруйн өмнө би бараа бүтээгдэхүүүний үнэ өсчихөөд буй өнөөгийн нөхцөлд цалин тэтгэврийг ямар байдлаар нэмэхийг тодруулах зорилгоор УИХ-д асуулга тавьсан. Өнгөрсөн жилийн 200 000 төгрөгийн тэтгэвэр өнөөгийн амьдралын өртөгөөр бодвол 160 000 болчихоод байна. Цалин тэтгэврийг төгрөгийн худалдан авах чадварт тохируулж өнгөрсөн жилийн хэмжээнд яаж барих гэж байгааг асуусан. Өнөөдөр нийгмийн бодлогын байнгын хороон дээр уг асуудлыг ярилцаж тодорхой шийдэлд хүрсэн.
- Ямар шийдвэр гаргасан бэ?
Цалин тэтгэврийн нэмэдэл бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг гэж ярьдаг. Бага хэмжээгээр өсч болох ч өнөөгийнх шиг байж болохгүй. 2012 оны 5 дугаар сард цалин тэтгэврийг нэмсэн. Түүнээс хойш ямар ч өөрчлөлт ороогүй. Бид цалин тэтгэврийн нэмэгдлийг дагаад үнэ өсдөг явдалд эцэслэсэн хариу өглөө. Нэмэхдээ гол нь биш өмнөх жилийн түвшинд иргэдийн худалдан авах чадварыг нь хадгалах хэрэгтэй. Ийм зөв механизмыг бий болгохыг л бид хичээж байна. Ч.Улаан, С.Эрдэнэ, Я.Санжмятав сайдууд надад хариулт өгсөн ч хариултаа би дутуу авсан. УИХ-ын нэгдсэн чуулган дээр хариултаа бүрэн авна гэж бодож байна.
- Хоёрдугаар сарын нэгнээс цалин тэтгэвэр албан ёсоор нэмэгдэнэ гэж байна. Гэхдээ иргэдийн амжиргаанд нөлөөлөхүйц хэмжээгээр нэмэгдэж чадах уу?
Нөлөөлөх эсэхийг нь мэдэхгүй ч тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Нэг зүйлийг бид онцолж ярилцсан. Боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, түүнчлэн хувийн хэвшлийн бага орлоготой хүмүүсийн цалинг яаж нэмэх вэ гэдэг арга замаа тодорхойллоо. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн талаар чуулган дээр гишүүдийн амыг асууна.
Өнөөдөр манай иргэд 400-500 мянган төгрөгийн цалин авдаг хүнд эрүүл мэндээ даатгаж байгаа нь эрсдэлтэй асуудал. Харин боловсрол бол бидний ирээдүй. Боловсролын ажилтнуудын цалинг дэлхийн жишигт хүргэх нь Засгийн газрын гол зорилтуудын нэг. Ойрын хугацаанд бид гурван талын хурал хийнэ. Мөн хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүстэй холбоотойгоор салбарын болон тарифын гурван талт хэлэлцээрийг хоёр сардаа багтааж хийнэ.
- Цалин тэтгэврийн тухай асуулгыг та олон хүний өмнөөс авч чадлаа. УИХ-д ажиллаж буй хүний хувьд цаашид уг асуудлаар ямар ажил төлөвлөж байна вэ?
Зүгээр нэг байнгын хороон дээр суугаад шийдвэр гаргахад оролцоод явах биш байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж өөрөө ахлаад гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хянах болно. Тарифын гэрээ, хууль тогтоомжууд хэрэгжиж байна уу үгүй юу гэдгийг орон нутаг болон салбаруудаар явж шалгана.