ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн ахмад, буурлуудад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын төр үр хүүхэд, элгэн садан нь болж, асран хамгаалж байдаг "Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв"-ийн ахмад буурлуудад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон бусад төлөөлөгчдийн хамт 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр очиж хүндэтгэл үзүүллээ.
Сар шинийн баярыг тохиолдуулан салбарын сайд болон нийгмийн хамгааллын салбарын хамт олны төлөөлөл бүтэн өдрийн турш ахмад буурлуудтайгаа хамтдаа байж, тэдний санал хүсэлтийг сонсдог уламжлалын хүрээнд "Настнаа хүндэлье" өдөрлөгийг зохион байгуулж байгаа нь энэ юм.
Тус өдөрлөгийн үеэр "Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв"-ийн ахмадуудад зориулан Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн эмч нар асаргаа, сувилгаа болон зарим шаардлагатай эмчилгээг хийж үйлчилсэн юм.
Ахмадын сувилалын шинэ байр баригдана.
Батсүмбэрийн гэх тодотголтой байсан ахмадын асрамжийн төвийн нэрийг "Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв" болгосон. Цаашид энэхүү төвийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэн ахмадын хөгжлийн үндэсний цогцолбор төв болгон өргөжүүлнэ гэдгээ салбарын сайд өдөрлөгийн үеэр онцлон хэлж байсан.