Г.Баасан: Ахмад настнуудыг зөвхөн МАН-ынх байх ёстой мэтээр үзэж байна
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2013.12.11

Г.Баасан: Ахмад настнуудыг зөвхөн МАН-ынх байх ёстой мэтээр үзэж байна

Монголын ахмадуудын дийлэнх нь яагаад амьдралд хүрэхгүй тэтгэвэртэй, тэтгэврийн зээлийн өрөнд хүлэгдсэн, ялгаварлан гадуурхагдсан, амьдарч байгаа нийгмээ ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй, орхигдсон байна вэ? Эдгээр асуултанд хариулах үүднээс Монголын Ахмадын чөлөөт холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монголын ахмадын байгууллага ахмадуудынхаа төлөө ажиллаж байгаагүй, намын бодлогоор ажиллуулдаггүй, ахмадуудыг зөвхөн сонгуульд ашигладаг хэрэгсэл болгодог, тэднийг ядуу дорой, хүлцэнгүй номхон, айдас хүйдэстэй, хуучинсаг үзэлтэй, ардчилсан нийгмийг үзэн ядагчид байлгах гэсэн далд санааны балаг гэдгийг УИХ-ын чуулганы танхимаас Д.Хаянхярваа, Д.Оюунхорол нар баталж өглөө гэдгийг хуралд оролцогчид онцоллоо.

Тодруулбал энэ сарын 3-нд УИХ-ын чуулганаар Монгол Aрдын намын бүлэг Монголын Ахмадын чөлөөт холбоо Монголын ахмадуудыг хувааж байна гэсэн саналыг оруулсан юм. 

Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан:

Өнөөдөр улсад 31 жил ажиллласан хүн 145200 төгрөгийн тэтгэвэр авч байна.

УИХ-ын гишүүн Д .Хаянхярваа, Д.Оюунхорол нар ахмад настнуудыг зөвхөн Монгол Ардын намынх байх ёстой мэтээр үзэж байна. Өнөөдөр ахмадуудад олон бэрхшээл зовлон амтагдаад байхад үл тоож тархай бутархай болж байна гэж гүтгэж  байна. Гэтэл намчирхах хэрэггүй юм байна, тэтгэврийн асуудлын талаар төр засагт дуу хоолойгоо хүргэх, тэтгэврийн зээлийн өрнөөс салж байж нүд анимаар байна гэсэн бодолтой ахмадын тоо маш их байна шүү дээ. 

Социалист нийгмийн үед ажилгүй хүн гэж бараг  байсангүй. Ажлын насны ажилгүй хүнийг хүчээр ажил хийлгэдэг байсан. Нам төрөөс яв гэсэн газарт нь очиж ажиллаж байсан хүмүүс өнөөдрийн ахмадууд. Тэгэхээр ахмадуудыг УИХ-ын нэр бүхий гишүүд  залхуу гэж хэлж байгааг хатуу эсэргүүцэж байна. 

Ажилгүй залхуу байснаас биш  ажиллаж байсан газрын архивуудыг устгасан, цалингийн тодорхойлолтыг санаатайгаар устгаснаас болж өнөөдөр ахмадууд маань 180.000, 145.000  мянгын тэтгэвэр авч байна шүү дээ. Үнэндээ хуучин үзэлтэй,  шинэ ардчилсан нийгийг хүлээн  зөвшөөрдөггүй,  татгалздаг намуудын бодлогоор ахмадуудын  тэтгэвэр бага байгааг онцолж хэлэхийг хүсэж байна. 

Өнөөдөр улсад  31 жил ажиллласан хүн 145200 төгрөгийн тэтгэвэр авч байна. Баян-Өлгий аймагт гэхэд Хөдөлмөрийн баатар хүн өнөөдөр 145200 төгрөгийн тэтгэврээр амьдарч байх жишээтэй. Тэр хүн залхуудаа Хөдөлмөрийн баатар болоогүй. 

Ахмадууд бага тэтгэвэртэй амьдарч хорвоог орхих ёстой юм уу, ахмадууд зах зээлийн нийгэмдээ хайрлагдаж хүндлэгдэж амьдрах ёсгүй юм уу, албан тушаалтны хараа хяналтан дор хүлэгдэж байсаар байгаад  ардчилсан нийгмээ нэг удаа ч гэсэн сайн сайхнаар харах тавилангүй юм уу гэх мэтчилэнгээр маш олон асуултын тэмдэгүүд үүсч байна. 

Тийм учраас Монголын ахмадын чөлөөт холбоо  ахмад настнуудыг бутаргаж хууль бус ажил хийгээгүй. Харин ч эсрэгээр 20 гаруй жил төр засагтаа гомдож, гутарч яваа ахмадуудыг амьсгал хураахаас нь өмнө тэтгэврийг өндөр болгоё, төр засагт дуу хоолойг нь хүргэе гэсэн зорилгоор явж  ирсэн бүрэлдэхүүн. Ахмад үе гэдэг бол залуу үеийн өмнөх үе.

Монгол улсын түүхэн үүрэг гүйцэтгэсэн азай буурлууд. Монголын ахмадын чөлөөт холбоо  мөнгөгүй, улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, цалин хөлсгүй, муу муухай үгийг сонсон адлагдаж, доромлогдож, янз бүрийн нэр зүүж ирсэн.  Улс төрийн ямар ч  арга хэмжээнд ордоггүй,  аль ч намыг шүтдэггүй,  аль ч  даргын хараа хяналтанд дальдардаггүй өөрийнхөө дуу хоолойгоор ахмадын эрх ашгийг хамгаалж яваа иргэний нийгмийн байгууллага.

Монголын ахмадын холбоо, УИХ-д суусан ахмад настныг хэдэн үеэр нь өөрийнхөө хараа хяналтанд байлгасан хуучин намын бүрэлдэхүүнд хандаж  Монголын ахмадуудыг тархай бута байлгах намаа дахин дахин  төрийн эрхэнд байлгахын тулд тэднээр сонгуулийн шоу хийх, насаараа явсан нам чинь шүү гэж ахмадуудыг айлган сүрдүүлэх ажлаа таслан зогсоогооч ээ гэдгийг энэ хэвлэлийн  бага хурлаар  дамжуулж хариуцлагатайгаар мэдэгдэж байна.