Ц.Оюундарь: Ардчилсан нам сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж чадсан
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2013.12.09

Ц.Оюундарь: Ардчилсан нам сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж чадсан

Ардчиллын үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Ардчилсан намын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар мэндчилгээ дэвшүүллээ. 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Идэр залуухан 24 настай Монголын Ардчиллын үнэнч цэрэг, мятрашгүй дайчид болсон хүндэт ахмад буурлууддаа Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол оронд Ардчиллын салхи сэвэлзсэн тэртээх он жилүүдээс хүртэл Ардчиллын ариун үйлсийн төлөө хувиршгүй сэтгэлээр хандаж, ялалт ялагдлын амтыг мэдэрч ирсэн та бүхний хичээл зүтгэлийн үрээр Ардчилсан нам сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж чадсан билээ.

Сонгогч олон түмэн Ардчилсан намыг сонгохдоо өнөөдрөөс илүү маргаашийн сайн сайхны төлөө, хүнд суртал авлигыг таслан зогсоохын төлөө,  баялаг бүтээгчдээ дэмжсэн шударга тогтолцооны төлөө түүчээ нь байлгахыг хүссэнчлэн Ардчилсан намын гишүүн Та бид хамтдаа улс орныхоо цаашдын хувь заяаны эзэд нь болсон юм аа. Энэхүү нэр төртэй, хүндтэй үүргийг хүлээсэн Ардчилсан нам ахмадууд та бүхэнтэйгээ хамтран улс орондоо шинэчлэлийн үрийг тарих хариуцлагатай ажлыг эхлүүлээд байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд бодлогын уялдаа бий болгож, Ерөнхийлөгч “Шууд ардчилал, иргэний оролцоо”, УИХ “Эрх зүйн шинэчлэл”, Засгийн газар “Нийгэм эдийн засгийн шинэчлэл”-ийн зорилтыг тавин ажлаа эхлүүлж чадлаа.  Эдгээр ажлыг үр дүнтэй зохион байгуулахад нийгмийн түүчээ болсон ахмадууд та бүхний оролцоо дэмжлэг, шинэчлэлийн салхийг түгээх чин сэтгэл, хүчин чармайлт хамгаас чухал юм.

Ардчиллын үнэт зүйлсийг улам бүр бэхжүүлж, хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийн төлөө хийх та бидний үйл хэрэг Ардчилсан намын ялалтын тугийг ахин дахин мандуулах болно” гэлээ.