Г.Баасан: Монгол улсын хамгийн үнэтэй уурхай бол ахмадууд
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2013.10.25

Г.Баасан: Монгол улсын хамгийн үнэтэй уурхай бол ахмадууд

Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ахмадуудад тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.

-        Монголын ахмадын чөлөөт холбоо ахмадуудынхаа эрхийг хамгаалж ажиллаж эхэлснээс хойш тэтгэвэр 32 мянган төгрөгөөс 180 мянга болтол өссөн нь дэвшилттэй. Тэтгэврийн зөрүү байсаар байна.  Одоогийн засгийн газар ахмадуудынхаа төлөө юу хийж байна, тэднийг хэрхэн үнэлж байна вэ?

Монгол улсын ахмадууд гэдэг бол социолизмын бүтээн байгуулсан хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь социолизмыг бүтээн байгуулахын тулд нийгэмдээ асар их хөдөлмөрлөж, хувийн эрх ашгийг хэзээ ч хөөдөггүй нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Нийгмийн сайн сайхны төлөө, улсынхаа хөгжлийн төлөө амралтгүй чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байсан хүмүүс бол ахмадууд.

Өнөөдрийн энэ ахмадууд насныхаа эцэст, бяр барагдах үедээ, жаргах насандаа жаргаж чадахгүй, сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа нь монголын ахмадын чөлөөт холбоог өдөр цаг тутам шаналгаж байдаг. Монголын ахмадын чөлөөт холбоо 9 жилийн өмнө галаа асаасан. Бид анх байгуулагдахдаа монголын ахмадын холбоог ахмадуудынхаа төлөө явна, тэднийг хариуцаад ажилладаг гэж ойлгодог ахмадуудынхаа асуудлыг олж харж хариуцан ажиллах хүсэлтийг удаа дараа тавьсан. Харамсалтай нь бидэнд үгүй гэдэг хариу өгсөн.

 Монголын ахмадын холбоо нь ард түмний татвараас бүрддэг төсвөөс санхүүждэг байгууллага. Тиймээс мөнгийг нь аваад ажлыг нь хийх үүрэгтэй улс учир үүргийн нь дагуу шаардлага тавьсан. Гэтэл мөнгө авах үүргийг эдлээд ахмадуудын төлөө засаг төрд шаардлага тавих, дуу хоолойг нь хүргэх, шийдвэрлүүлэх үүрэг хүлээдэггүй гэдгийг есөн жилийн өмнөөс мэдсэн. Бидний хувьд хамтран ажиллах, нэгдэх, ахмадуудыг нэгдмэл болгох хүсэлт  тавьсан. Мөн л татгалзсан хариу хүлээн авсан.

Сая 2013 оны 5 сарын 22 ны өдөр Ахмадын холбоо төсөв хөрөнгө авахаа больсон учир Монголын ахмадын чөлөөт холбоотой хамтран ажиллах, нэгдмэл болгох хамтарсан мэдэгдэл гаргасан боловч дүр эсгэсэн хуурамч зүйл байжээ гэдэг нь одоо батлагдаж байгаа. Монголын ахмадын чөлөөт холбоо, Шинэчлэлийн засгийн газартай хамтран ажилласан гол зорилго нь  хамгийн түрүүнд ахмад настан гэдэг жам ёсны үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх. Ахмадуудыг хөгжих урт наслах аж жаргалтай байх бүх нөхцөлөөр хангуулахыг хүссэн.

 Эв нэгдэлтэй ахмад настанд чиглэсэн шийдвэр нь оновчтой мөртлөө ямар ч ялгаварлалгүйгээр бодлого гаргамаар байна. Өмнө нь оноор нь ялгаж шийдвэр гаргадаг байсан. Шинэчлэлийн засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд нь нүдээ олсон оновчтой байхаас гадна бүх ахмадуудыг ялгаварлахгүй байхад чиглэх ёстой. Дараагийн нэг зүйл нь нийгэм ахмад настанд хандах хандлага сөрөг байна. Эерэг болгоход чиглэж ажиллаж байна. Хэн нэгэн, хэзээ нэгэн цагт ахмад болох нь ертөнцийн жам шүү дээ.

Ахмадууд маань амьдарч байгаа нийгмийнхээ үнэ цэнийг мэдэхгүй. Яагаад ардчилсан нийгмийн сонгох болсон, бусад нийгмээс юугаараа ялгаатай, ямар үнэ цэнэтэй, яаж нандигнан хайрлах ёстой бэ гэдгийг мэдэх хэрэгтэй.  Амьдарч байгаа нийгэмээ хүлээн зөвшөөрсөн, итгэл үнэмшилтэй, нийгмийн сайн сайхнаас амсдаг байх боломжийг ахмадуудад бүрдүүлмээр байна. Монголын ахмадууд дэлхийн  ахмадууд яаж сайхан амьдарч байгаа тэр л жишгээр амьдрах ёстой.

Засгийн газрын хэмжээний ажил гэдэг нь монгол улсын нутаг дэвсгэрийн харьяллаар шат болгон доо жигд хүрч явахыг хэлж байгаа.

Энэ бүхнийг биелүүлэхийн тулд монголын ахмадын чөлөөт холбоо засгийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Засгийн газрын хэмжээний ажил гэдэг нь монгол улсын нутаг дэвсгэрийн харьяллаар шат болгон доо жигд хүрч явахыг хэлж байгаа. Монголын ахмадын чөлөөт холбоо чин сэтгэлээсээ нэгдэн нийлээд иргэний нийгмийн байгууллага байгуулаад явж байна. Харин үүнийг өмнөх ахмадын холбоо эрс эсэргүүцэж байсан.

Ахмадын байгууллага гэдэг нэртэй мөртлөө ахмадын эрх ашгийн төлөө бус тухайн үеийн засгийн газарт шаардлага тавихад засгийн газрыг өмөөрч бидний эсрэг, засгийн газрын бус яамны харьяа, хүрээ жижиг, улсаас төсөв авдаг хэрнээ юу ч хийдэггүй, хуучин намын үзэл бодолд өнөөдрийг хүртэл хүлэгдсэн хэвээр байна.

Монголын ахмадын холбоо урд нь дарга хийж байсан, өндөр тэтгэвэртэй, амьжиргааны түвшин сайн. Өмнөх намыг байлгах үзэл бодлыг хадгалахын төлөө идэвхтэй ажилладаг ийм л ахмадуудыг хамруулдаг. Тэрнээс биш энгийн жирийн бүх ахмадуудыг хяналтандаа авдаггүй гэдгийг би маш олон зүйлээр нотолж чадна. Шат бүхэнд салбартай хэрнээ нийт ахмадуудад хүрдэггүй намын шугамаар явцуу хүрээнд ажиллаж, төсвийн мөнгийг хэсэгхэн намын ахмадуудад зарцуулдаг гэмт хэрэг үйлдэж байжээ.

Ахмадын төлөө чин сэтгэлээсээ ажилладаггүй ахмадын нэрээр хөрөнгө мөнгө нэр алдар завшдаг, сонгуульд ашигладаг, ардчилсан нийгмийг ахмадуудаар үзэн ядуулах, нийгмээ эсэргүүцэх хүчин болгож байсан газар бол монголын ахмадын холбоо.  Үүнийг өөрчлөхийн төлөө бид ажиллаж байна. Өнөөдөр монголын ахмадуудын 87 хувь нь  амьдралд хүрэхгүй 145.200 – 180 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Монгол улсын хэмжээнд 306.900 хүн тэтгэвэр авч байгаагаас 6000 хүн 550 мянгаас дээш тэтгэвэр авч байгаа. Зургаан мянган ахмадын ахуй амьдрал боломжийн байна гэж харахаар. Бусад нь бүгд бага тэтгэвэр авдаг.

Монгол улсын дээд тэтгэвэр сая давсан байхад бүрэн тэтгэвэр 180, хувь тэнцүүлсэн тэтгэвэр нь 145.200 байна. Ийм заагтай монголын ахмадуудыг амьдруулж болохгүй. Учир нь монголын ахмадууд адилхан социолизм байгуулсан. Адилхан хөдөлмөрлөсөн, адилхан өндөр настай, адил зах зээлд амьдарч байгаа. Үндсэн хуулиараа тэгш шударга, нийгэм байгуулна гэсэн хэрнээ өмнөх нийгмийн ангийн ялгаагаар тэтгэвэр өгч байгаа нь ахмад настнуудыг нийгмээ хүлээн зөвшөөрөхгүй нөхцөлд авчирсан.

Монголын ахмадын чөлөөт холбоо энэ бүхнийг засаж залруулах, төрөөс ялгаварладаггүй, нүдээ олсон шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа. Жишээлбэл багш, эмч нар 1995 оноос өмнөх нь ямар ч тэтгэвэр аваагүй дунд хэсэг нь 18 сарын, сүүлийнх нь 36 сарын тэтгэлэг авч байна. Гурван янзын тэтгэлэг авсан ахмадууд хэзээ ч эвлэлдэн нэгдэхгүй дээ. Ийм шийдвэрийг болих ёстой.

Дараагийн асуудал бол ахмадууд бага тэтгэвэртэй. Зээлээр авах гэхээр банкны зээлийн хүү өндөр. Сарын хүү 1.5 жилийнх нь 18 хувь байна.  Энэ бол арилжааны зээл биш. Энэ бол ахмадын амьд явах сэтгэл санааны баталгааны, амьжиргааны гол баталгаа тэтгэвэр шүү дээ. Тэтгэврийг зээлээр урьдчилж авсны төлөө их өндөр хүү тооцож, тэтгэврийн ихэнхийг нь банк авч үлдэж байгаа. Энэ нь ахмадуудад асар их хохиролтой. Бид үүнийг багасгана.

Тэтгэврийг зээлээр урьдчилж авсны төлөө их өндөр хүү тооцож, тэтгэврийн ихэнхийг нь банк авч үлдэж байгаа

Орон сууцны хүү найман хувь байхад яагаад тэтгэврийн зээл найман хувь байж болохгүй гэж. Ахмадууд тэтгэврийн зээлийн хүүд хүлэгдээд өрнөөс гарах ямар ч боломжгүй болсон. Зээлийн энэ дарамтын арилгаж өрийг тэглэх ёстой. Хөдөөгийн ахмадууд өмнөх зээлийн өрийг тэглэж өгч аминд орооч гэж гуйдаг. Үүнийг анхааралдаа авах ёстой. Бүрэн бус хувь тэнцүүлсэн тэтгэвэр тэтгэмжийг 52.700 хүн авч байгаа нь ядуурлын туйл.

Ахмад настны эрүүл мэнд бүр хаягдсан. Монголд ахмадын эмнэлэг гэж байгүй. Ахмадын эрүүл мэндийг судалдаг төв байхгүй. Ахмадын насжилтыг судалдаг Геренталогийн төв нь улсаас 437 сая төгрөг авдаг мөртлөө. Ахмадуудад огт хүрээгүй байна. Судалгаанаас 5392 монголын нийт ахмадуудын  97 хувь нь мэдэхгүй гэж хариулсан.  Монголын ахмадын холбоо энэ төвтэй гэрээгээр ажиллаж байсан хэрнээ ахмадуудад мэдээлэл өгөөгүй.

Бид одоогоор хөдөө орон нутгийн 14 цэг, нийслэлийн бүх цэгийн 3000 ахмадуудаас Монголын ахмадын холбоо хүрч ажилласан уу гэдэг судалгаа авахад хүрээгүй гэдэг нь 64.8 хувь, намчирхдаг гэдгийг үнэн гэсэн нь 62.3 хувь байна. Ахмадууд эв нэгдэлтэй байх нь зөв гэсэн 98 хувь байгаа. Монголын ахмадын чөлөөт холбоо өмнөх ахмадын холбоог үгүйсгэх гээд байгаа юм биш, устгах гээд байгаа юм биш, энэ 90 жилийн түүхтэй ахмадын холбоог хадгалаад цааш нь шинэчлэх, нэгдмэл болгох, буруу муухайгаа засах зорилго тавьж байгаа.

 Гэтэл ахмадын холбоо хамтарна гэж гэрээ хийчихээд Монголын ахмадын чөлөөт холбоог Засгийн газартай хамтарч байгаа нь хууль бус хэмээн зарлаж байна.  Монголын ахмадын холбоо төсвөөс мөнгө авч байхдаа хуулийн дагуу байсан мөртлөө ахмадын чөлөөт холбоо төсвөөс мөнгө авахаар яагаад хууль бус болчихдог байна. Эрүүл хүн ойлгох зүйлийг улс төржүүлдэг, ахмадын сэтгэл санаагаар тоглож байгаад ахмадын чөлөөт холбоо маш их харамсаж байна.

Ахмадын эрүүл мэнд хөдөлмөр эрхлэлт амралт сувилал, өдөр өнжүүлэх, чөлөөт цагаа өнгөрөөх газар, шагнал урамшуулал гээд асар олон асуудал хүлээгдээд байгаа учир маш хурдтайгаар ажиллах шаардлагатай үед бид энэ ажлыг аваад ажиллаж байна. Монголын ахмадын чөлөөт холбоо  төсөвгүй гудамжны нэртэй ажиллахдаа монголын ахмадуудын төлөө их ажил хийсэн гэдгийг монголын ард түмэн мэдэж байгаа.

Монголын ахмадын чөлөөт холбоо хэзээ ч хүний нэр зээлдэж улс төржиж ажиллаж байгаагүй. Ахмад настны нийгмийн халамжийн хууль 2005 онд биднийг тэмцэл хийх үед батлагдсан. Энэ хуулийг ахмадуудад огт сурталчлаагүй, мэдээлээгүй байна. Энэ бол төсөв аваад ажиллаж байсан ахмадын холбооны буруу. Ахмадын байгууллага гэрээгээр төрийн чиг үүрэг хүлээсэн иргэний байгууллага байх ёстой.

Мөн ахмадын холбоо нь намын байгууллага байсан. Харин монголын ахмадын чөлөөт холбоо бол хөрснөөс нь үүссэн иргэний нийгмийн байгууллага. Иргэний нийгмийн байгууллага жам ёсоороо хөгжихийг шинэчлэлийн засгийн газар хүлээн зөвшөөрч гэрээ хийгээд төсвийн мөнгөнөөс өгч албан ёсоор засгийн газрын нэрийн өмнөөс ажлаа явуулах үүрэг өгсөнд бид маш их талархаж хүлээж авсан. Энэ нэр төр итгэл үүргийг алдахгүй, жишиг болгохоор ажиллаж байгаа.

-        Монголын ахмадын чөлөөт холбоо ахмадуудын нийгмийн үйлчилгээг хангуулна гэж зорилгодоо тусгадаг. Өнөөдөр ахмадууд хангалттай нийгмийн үйлчилгээ авч чадаж байгаа юу?

Нийгмийн халамжийн хамгийн тулгамдсан асуудал бол тэтгэвэр тогтоолт. Монголын ахмад настнууд социолизмын үед хаа очиж ажил гэнэ тийшээ л явдаг байсан. Тэтгэвэрт гарахад ажлын байр нь хол, янз бүрийн газар байсан. Дорнодод 6 жил, Завханд 8 жил, Өмнөговьд 5 жил, Улаанбаатар хотод 5 жил гэх мэт ажилласан байхад тэр хүн энэ бүх аймгууд руу өөрөө явж ажилласан нь үнэн гэсэн цалингийн тодорхойлолтоо өөрсдөө хөөцөлддөг. Яваад очихоор архив шатсан, татан буугдсан, үерт автсан гэх мэт шалтгаанаар буцааж байгаа нь хамгийн хэцүү байна. Үүнийг болиулахын төлөө ажиллаж байна.

Ахмад настан тэтгэвэрт гаргахаас хоёр сарын өмнө нийгмийн даатгалынхан архивтай хамт гэрт нь очоод  ажиллаж байсан баримтуудыг төрөөс цэгцэлж үйлчлэх ёстой. Гэрээр үйлчлэх энэ үйлчилгээг хүсч байна. Ингэж байж тухайн хүний хувьд төрд ажилласан юм байна, гавьяаныхаа амралтад гарч байгаа юм байна гэдэг сэтгэл ханамж авах болно. Одоо бол ахмадууд явж явж сэтгэлдээ хүрэхгүй тэтгэвэр аваад удахгүй хорвоог орхиж байгаа нь маш том эмгэнэл. Гэтэл ахмадууд социолизмын үед 17-21 төрлийн татвар төлдөг байсан хэрнээ сэтгэлд хүрэхгүй тэтгэвэр авч байна.

Дараагийн нэг үйлчилгээ бол хүн урт наслах гэж амьдрах ёстой байтал ахмадуудыг ихэнх эмнэлгүүд “насны доройтол” гэдэг ганцхан онош тавиад буцаадаг. Монголд ахмадын эмнэлэг хэрэгтэй байна. Ахмад настны халамжийн тухай хуульд 1000 км-ээс ирж эмнэлэгт үзүүлбэл талыг нь төр төлнө гэсэн заалт байдаг. Гэтэл 1000 км-ын цаана дөрвөн аймаг найман сум л байгаа. Манай хууль хэтэрхий явцуу жигд биш, ойлгомжгүй байгааг засах ёстой.

Эрүүл мэндийн үйлчилгээг маш хурдан нэвтрүүлэхгүй бол ахмадууд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч байна.

Эрүүл мэндийн үйлчилгээг маш хурдан нэвтрүүлэхгүй бол ахмадууд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч байна. Нийтийн тээврийнхэн ахмадуудаас зугтаадаг хэрнээ тэднийг суулгасан нэрийн дор төсвөөс асар их татаас авдаг. Тэгэхээр нийтийн тээвэрт өгдөг ахмадуудад зориулсан төсвийг тэтгэвэр дээр нэмж олгох. Ахмадууд мөнгөөрөө автобусанд суугаад үгүй бол сүүгээ авч уух нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Автобусанд суудаггүй ахмадуудын мөнгийг нийтийн тээврийнхэн авч байгаа нь буруу.

Ахмадууд зүгээр суухыг тэвчдэггүй хөдөлмөр эрхлэх дуртай. Хөдөлмөрийн яамнаас 40-с дээш насныхныг хөдөлмөр эрхлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч сүүлийн 10 жил улсад ажилласан байх ёстой гэсэн заалт тавьснаас болоод ахмадууд хамрагдаж чадахгүй байна. Хөтөлбөр нь хөрсөнд буухгүй байгаа болохоор Хөдөлмөрийн яаманд санал оруулна. Ахмад эмч баг нарыг цагийн 5000-р ажиллуулах хөтөлбөр бий.

Энэ сайн гэхдээ хөрсөн дээр буулгаж ногоон байгууламж, цэвэр байлгах гэх мэт олон янзын ажилд тээврийн үйлчилгээнд ахмадуудыг ашиглаж болно. Манайд 5 жилийн ажлын нэг жилд хийж хөдөлмөрлөдөг гавшгаач 180 мянган төгрөгийн тэтгэвэр аваад алхаж байна. Ахмадуудаас гавьяа шагналыг харамлах ёсгүй. Өмнөх ахмадын холбоо шагналыг мөнгөөр, намаар өгдөг байсан.

Монгол рашаан ихтэй боловч тендерт 10 Рашаан шалгарч, энэ 10 рашаанд очсон ахмадуудад улсаас хөнгөлөлт өгч байгаа. 10 рашаанд монголын бүх ахмадууд орж амжихгүй, 33 амралтын газар тендерт ялсан энд 300 мянган ахмадууд яаж багтах вэ дээ. Ачааллаа даахгүй байна шүү дээ. Тэгэхээр монголд рашаан сувилал эмнэлэг, асрамжийн газар маш их хэрэгтэй. Батсүмбэрийн асрамжийн газар ачааллаа даахгүй хамаг чадлаараа ажиллаж байгаа.

Маш тохитой, тоног төхөөрөмж сайтай ачааллаа дийлдэггүй. Бас хүмүүсийн дунд ээж аавыгаа ахмадын газарт өгөх нь хамгийн буруу гэж ойлголттой байна. Нэгэнт өөрсдөө асраад  суух завгүй бол өглөө аваачиж өгөөд орой авдаг байх, хүүхэд ач зээ нь цэцэрлэгт, ахмадууд нь өдөр өнжүүлэхэд үйлчилгээ авдаг байж болно. Энэ бүгдийн төлөө бид ажиллаж байна. Богинохон хугацаанд 13 аймагт, 50 гаруй сумдад Монголын ахмадын чөлөөт холбоог байгууллаа. Ахмадыг сонсох 7000-1181 гэсэн дугаар ажиллаад найман сар болж байна. www.ahmad.mn сайт ажиллаж байгаа.

Монголын ахмадын чөлөөт холбоо нь хүн хэзээ ч тэтгэвэрт гардаггүй гэдэг зарлигтай ажилладаг. Ахмадуудад хүрэх нийгмийн үйлчилгээ маш  их хэрэгтэй байна. Гадаадад оюутан ажилд авахдаа хэр нийгмийн ажилд оролцсон гэдгийг шалгадаг. Манайд тийм шалгуур байхгүй, байсан бол оюутнууд ахмадуудад олон янзаар тусалж чадна шүү дээ. Монголын ахмадын чөлөөт холбоонд хийх ажил маш их байна.

Саяхан ахмадын баяраар Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Сэлэнгийн баруун таван сумын ахмадуудын спорт урлагийн уулзалт болсон. 86 настай өвөө бүжгийн тэмцээнд алтан медаль авсандаа баярлаж дахиад 10 жил амьдрах насаа олж авлаа хэмээн ярьж байсан нь маш их аз жаргал шүү дээ. Монголын ахмадын холбооны удирдлага, салбарын хүмүүст ахмадын байгууллагыг битгий улс төржүүлээчээ, ахмадуудаар битгий тоглоочээ, муу муухайн зүйлээс салж сураачээ гэж шаардаж  байна.

-     Монголын ахмадын чөлөөт холбоонд Монголын бүх ахмадууд хамрагдаж чадаж байна уу?

Бүх ахмадуудаа хамруулж чадсан. Бидний дэвшүүлсэн бүх ажил монголын нийт ахмадуудад хүрдэг энэ утгаараа бид ахмадуудын дунд нэр  хүндтэй байгууллага.

Хөдөө орон нутагт байгаа ахмадууд, хотод суурин суугаа ахмадуудын хувьд ялгаа гарч байна уу?

Ер нь могол хүн мал аж ахуйгаар дагнан ажиллаад байгаль цаг ууртайгаа ойрхон өглөө оройны нарыг харж, амьтан ургамлын чимээг сонсож байгаа хүний ухаан маш тэнэгэр уужуу байдаг. Гэтэл Улаанбаатарт гурав алхаад л 00, гурав алхаад л гал тогоо , гадаа гарна асар их шуугиан, машины аюул, хэвлэл мэдээллээр бүтэхгүй олон мэдээлэл, хэрүүл дунд байгаа учир хотын ахмадууд асуудалд хандахдаа уужуу хандах нь бага, харин хөдөөнийхөн маань асуудлыг ойроос  мэддэггүй болохоор арай дутуу байдаг гэх мэт ялгаа байгаа.

Хотынхон эмнэлэг, амралт сувилалд хамрагдаж чаддаг бол хөдөөнийхөн маань бүр муудахын даваан дээр л эмнэлэг барааддаг шүү дээ. Яаж ч ялгаатай байсан ахмадууд амьдрал үзсэн гэдэг утгаараа санал нэгтэй байдаг.

-   Ахмадууд маань монголын хөгжилд томоохон зөвлөх болж өгдөг. Ахмадын оролцоо хэр байна?

Салбар болгонд ахмадын дуу хоолой зайлшгүй хэрэгтэй. Ямар технологи ашиглах, аль нь буруу зөв гэдгийг тэд сайн мэдэж байгаа.  Ахмадуудын үүрэг оролцоо маш их байна. Бичиг үсэг муу болсон нь олон зүйлээс харагддаг бусад ахмадууд анхаарч ажиллах ба өвдсөн ахмадуудыгаа ахмад эмч нар хянаж, асарч тусалж, тэд нарт цалин өгөх хэрэгтэй.

Учраа олохгүй байгаа гэр бүлүүдэд ахмадууд зөвлөх боломжтой. Ахмадуудад хэлэх, хийх, бүтээх ажил маш их байна. Тэднийг тоогоод ажлын байраар хангаад өгвөл ахмадуудаас маш их хүч гарна. Монгол улсын хамгийн үнэтэй уурхай бол ахмадууд Хамгийн их харж хандаж, ид шилийг авах уурхай бол ахмадууд бид нар үүнийг төрийн бодлогод оруулахаар ажиллаж байна.