Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013.12.02

Э.Бат-Үүл: Ахмадууд бол хариуцлагатай ажиллах хүч

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр СТӨ-нд намынхаа ахмадуудтай уулзаж, ирэх онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал оролцож, ахмадуудад чиглэсэн нийгмийн халамж үйлчилгээний талаар салбарын яам, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрүүдийн талаар танилцуулсан юм. Аль ч улс оронд ахмад настан бол нийгмийн чухал хэсэг.

Тийм дээ ч тэдэн рүү чиглэсэн нийгмийн халамж, үйлчилгээ, бодлого чухал гэдгийг ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал онцолсон. Салбарын яамнаас ахмад настангуудад зориулсан цогц бодлого боловсруулахаар судалгаа хийж байгааг ч тэрээр дуулгав.  Улсын хэмжээнд өндөр настаны тэтгэвэр авдаг 230400 ахмад настан байдаг. Тэдний зургаан хувь нь цэргийнхэн бол долоон хувь нь хувь тэнцүүлж тэтгэвэр тогтоолгосон иргэд гэнэ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас цаашид ахмад настангуудаар зохих хөдөлмөр эрхлүүлэх, тэдний туршлага, зөвлөх үйлчилгээг авч хэрэгжүүлэх зорилгоор ахмадын мэргэжлийн сүлжээ байгуулан ажиллах юм байна. Түүнчлэн ахмадын асрамжийн газрыг тухайн орон нутагт нь ойртуулах, ахмад настны эрүүл мэнд, хөгжил хамгааллын бодлогын баримт бичиг боловсруулан гаргах зэрэг олон ажил төлөвлөжээ.  

Харин хотын захирагч Э.Бат-Үүл “Бид ахмадуудтайгаа байнга уулзаж байх болно. Сая нэг хүн надад хандаж хэлж байна, нөмөр нөөлөгтөө биднийгээ аваач гэж. Дүүргүүдийн Ардчилсан намын удирдлагууд олигтой уулзалт хийхгүй байгаа болохоор ахмадууд маань над руу хандаж байх шиг байна. Цаашдаа дүүргийн дарга нар чинь та бүхэнтэй уулзах болно. Ер нь бид байнга уулзах хэрэгцээ шаардлага их байгаа юм. Та нараасаа асууж шийдэх асуудал ч олон байна” гээд өнгөрсөн хугацаанд хотын хэмжээнд хийсэн гол ажлуудаасаа танилцууллаа.

“Бид ахмадуудтайгаа байнга уулзаж байх болно.

Тэрээр “Хотод нийтдээ 55 томоохон ажлыг амжуулжээ. 145 км замыг шинэчилж, 33 уулзварын 18-ыг нь амжилттай хийсэн байна. Эдгээр нь сүүлийн хориод жилд хийгдээгүй томоохон ажил болсныг хотынхон сайн мэдэж байгаа байх. Замын түгжрэл бага боловч буурлаа. Шинээр 40 мянган автомашин хотын замын хөдөлгөөнд нэмж орсон, энд тэндгүй томоохон зам засвар, барилга, бүтээн босголтууд хийгдсэн саруудад автомашины дугаарын хязгаарлалт үнэхээр зөв алхам болжээ.

Хотын хэмжээнд газрын наймаа таслан зогсоогдсон нь мөн томоохон ахиц өөрчлөлт байлаа” гэв.  Хотын удирдлага өнгөрсөн хугацаанд ахмад настангуудад чиглэсэн цөөнгүй ажил санаачилж, хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, хотын захиргаанд ахмад настангуудаас байр орон сууц хүссэн 8600 өргөдөл иржээ. Үүнийг шийдвэрлэхэд дор хаяж 10 мянган айлын орон сууц барих шаардлагатай. Энэхүү ажлын эхлэл тавигдсан, ахмадуудаа нийгмийн халамжийн орон сууцаар хангах, орон сууцны дэмжлэгийн сан байгуулах ажлыг эхлүүлсэн гэдгийг ч хотын захирагч Э.Бат-Үүл ахмадуудад дуулгав.

Удахгүй эхний байрууд ашиглалтад орох бол Орон сууцны дэмжлэгийн санд гэхэд л одоогоор 15 тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа гэнэ. Хотын захиргаанаас ахмад настангуудын талаар баримталж байгаа өөр нэгэн шинэлэг бодлого, үйл ажиллагаа гэвэл, ирэх онд тэдэнд зориулсан нийтийн тээврийн сүлжээг хэрэгжүүлэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Ахмадууд бол хариуцлагатай ажиллах хүч. Токио хотын жишгээр ахмадууддаа ажлын байр гаргаж өгөхөд анхаарч ажиллана.  Ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил хотод улам эрчимжих тул ахмадууд маань энэ бүхэнд гар бие оролцох боломжтой” гэлээ. Түүнчлэн бичил зээлд 15 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийн зээлд таван тэрбум төгрөг баталсан. Энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулахыг иргэд өөрсдөө шийдвэрлэнэ гэдгийг ч онцолсон юм.