С.Эрдэнэ: Гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн үед ахмадууд өртөх нь өндөр хувьтай байгаа
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2014.01.07

С.Эрдэнэ: Гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн үед ахмадууд өртөх нь өндөр хувьтай байгаа

2014 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгож байгаа. Энэ талаар өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.

-Энэ оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байгаа гол шалтгаан нь юу вэ?

-ХАХНХЯ байгуулагдсан цагаасаа хүн амын бүлэг тус бүрээр сэдэвчилсэн зөвлөгөөн зохион байгуулж ирсэн. Эдгээр чуулган зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан зөвлөмж болон 1999 оноос төр, төрийн бус байгууллагуудаас удаа дараа зохион байгуулсан үндэсний хэмжээний онол практикийн бага хурлуудаас гарсан саналд түшиглэн 2014 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байна.

Учир нь гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй үндэсний ёс заншил, соёл уламжлал овог удмын үнэт зүйл хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин байдагт гол онцлог нь оршдог. Гэр бүлийг дэмжих жил болгох саналыг бид Засгийн газрын хуралдаанд оруулж Засгийн газар дэмжиж тогтоол гаргасан байгаа. Хүн амын өсөлт, насжилтын нэн тааламжтай цонх үе тохиож байгаа энэ үед бид гэр бүлийн хөгжлийн асуудлыг төрийн бодлогын түвшинд нэлээд онцгой авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

-Монгол Улсын хүн амын өсөлт хэр байгаа вэ. Хүн амын хөгжлийн талаар өнгөрсөн жил хийсэн ажлуудаасаа сонирхуулбал?

-Манай нийт хүн ам 2929000 орчим байна. Монгол Улс маань тун удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээн авахад нэн ойртсон цаг үе юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөр 79600 шинэ хүн төрсөн статистик мэдээ байгаа. Сул таван өдрийг тооцох юм бол өнгөрсөн жил 80 мянга орчим хүүхэд мэндэлсэн гэсэн үг. Өдөрт дунджаар 260-280 хүүхэд төрж байгаа. Гэр бүлийг дэмжих чиглэлээр бодитой олон ажлуудыг эхлүүлж байна. Бид өнгөрсөн жил "Өнөр бүл" төвийн хүүхдүүдийн орчныг сайжруулж, тэдэнд зориулсан Хүүхэд хөгжлийн ордныг ашиглалтад оруулсан.

Удахгүй спортын томоохон заал тоноглолын хамт энэ онд ашиглалтад өгнө. Энэ жил Сэргээн засах үндэсний төвийн барилгыг өргөтгөж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сэргээн засалтын үндэсний томоохон төвийг бий болгохыг зорьж байна. Одоо протез ортопедийн үйлдвэрт гэхэд хоёрхон тоног төхөөрөмж ажиллаж байна. Бид энэ жил протез ортопедийн үйлдвэрийг иж бүрэн шинэчлэх зорилт тавьж байгаа.
Манай яамнаас Улсын ахмадын асрамжийн газар гэж байсныг Улсын ахмадын асрамж гэж байсныг Улсын ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв болгож өөрчилсөн. Энэ жил одоо байгаа ахмадын асрамжийн газрыг өргөтгөх чиглэлээр нийтдээ арваад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд зураг төслийн ажил бэлэн болсон.

Мөн энэ жил анх удаа нийслэлийн төвийн таван дүүрэгт хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгөнөөс 2012 онд хэмнэгдсэн 5,4 тэрбум төгрөгөөр таван хүүхэд хөгжил хамгааллын төвийг барьж ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа. Энэ төвүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төв байх юм. Цаашдаа хүн амын хөгжлийн бодлогыг сайжруулах, хүн амын бүлэг тус бүр рүү чиглэсэн хөгжлийн орчныг бодит орчин болгох ажлуудыг хийнэ.

-Гурван сая дахь иргэддээ байр, мөнгө өгнө гэсэн яриа байна. Гурван сая дахь иргэн гадаадад төрвөл хэрхэх вэ?

-Бид энэ асуудлуудыг ярьж байна. Манай Элчин сайдын яам, консулууд байгаа газруудад төрсөн хүүхдүүдийн бүртгэл, судалгааг байнга авч байгаа. Тэр шугамаараа бид тухайн цагт Монгол Улсынхаа гурван сая дахь иргэн болж төрж байгаа иргэдийнхээ судалгааг Элчин сайдуудтайгаа хамтарч зохион байгуулж бүрэн болно гэж тооцсон. Хүн амын өсөлт чухлаар тавигдаж байгаа цаг үед гурван сая дахь иргэн төрнө гэдэг бол манай улсын хувьд маш чухал асуудал.

-Хүүхэд төрөх эмнэлэг, цэцэрлэг, сургууль байхгүй нөхцөлд яаж төрөлтийг дэмжих гээд байгаа юм гэх хүмүүс бий?

-Үүнд зарим хүмүүс хийсвэр утгаар хандаад байгаа. Монголчууд хүн нэмбэл хүнс нэмнэ гэж ярьдаг шүү дээ. Нэгэнт хүн ам, төрөлт нэмэгдээд ирэх юм бол төрөх эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, сургууль руу төрөөс тавих анхаарал нэмэгдээд ирнэ. 2014 онд улсын хэмжээнд баригдах цэцэрлэг сургуулиудын тоо урьд жилүүдээс нэлээд өндөр хувьтай өссөн байдлаар хөрөнгө оруулалт тавигдсан.

Дунджаар нэг аймаг, дүүрэгт 5-12 сургууль цэцэрлэг баригдахаар хөрөнгө оруулалтын төсвүүд гарсан байгаа. Дээр нь дөрвөн төрөх эмнэлэг баригдах ажил ид явагдаж байна. Энэ ондоо тэднээс хоёрыг нь ашиглалтад өгөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Ингэх юм бол төрөх эмнэлгүүдийн ачааллыг харьцангуй тэнцвэртэй байлгах боломжийг бүрдүүлж чадна. Ер нь гэнэтхэн өнөөдөр нөхцөл байдал ийм болчихсон юм биш шүү дээ.

Бид аль болох нөхцөл байдлыг сайжруулах хүн амын өсөлтийг дэмжих бодлогыг дэмжихийн тулд орчин, ахуй бий болгох чиглэл рүү аль аль талаасаа хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй гэж харж байгаа. Ер нь аливаа улс орны хөгжлийн үндэс нь хүн амын тоо шүү дээ. Улаанбаатар хотод одоогоос арван жилийнхээ өмнөхийг бодвол бизнес зах зээлийн орчин илүү сайжирсан.

Хүн амын тоо нь ихэссэнээр зах зээлийн эргэлт, эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн гэж үзэж байгаа. Тиймээс хүн амын өсөлт бол зөвхөн үндэсний аюулгүй байдлаас гадна эдийн засгийн нийгмийн маш олон эерэг үзүүлэлтүүдийг дагуулж байдаг. Тэр утгаар үнэхээр хүчирхэг бие даасан хөгжилтэй улс болъё гэвэл хүн амаа өсгөх, хүн амынхаа өсөлтийг анхаарах цаг болсон гэж ойлгож байгаа.

-Гэр бүлийг дэмжих жил болгож байгаатай холбогдуулан хуульд өөрчлөлт оруулах ажлууд хийж байгаа юу?

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бид өргөн барьж байна. Энэ хуульд бид маш олон чухал заалтуудыг оруулж байгаа. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд мөн бусад холбогдох байгууллагуудаас энэ хуулийн нэмэлт заалтууд орж ирэх байх. Мөн Гэр бүлийн тухай хуультай холбоотойгоор Хүүхдийн эрхийн тухай хууль, Эмэгтэйчүүдийн эрхийн тухай хууль, мөн дээр нь бид Ахмадын эрхийн тухай хууль гээд шинэ хуулийн төслийг судалгааны түвшинд явж байна. Учир нь хүн амын бүлгүүд дотроо гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн үед ахмадууд өртөх нь өндөр хувьтай гараад байгаа.

Энэ дээр бид бас илүү анхаарал хандуулах шаардлагатай гэж бодож байна. Бид гэр бүлийн орчинд явагдаад байгаа хүчирхийллийг таслан зогсоох боломж бололцоо юу байна вэ гэдэг талаар маш их судалгаанууд хийж байгаа. Олон улсын байгууллагуудтай хамтарсан судалгаа шинжилгээнүүдийг хийж байна. Энэ дээр тулгуурласан эрхзүйн хууль, актуудыг бид боловсруулж өргөн барина.

-Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэсэн мэдээлэл гарч байна?

-Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр тэтгэмж нэмэх тухай шийдвэр гараагүй байгаа. Засгийн газар дээр бид тэтгэврийн нэмэгдлийг хэд хэдэн хувилбараар санал оруулсан. Одоо ид яригдаад явж байна. Тэтгэврийн нэмэгдэл бол тусдаа нэмэгдлээр олгогдоно. Дээр нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хуулийн хэрэгжилтийг хангах асуудал бас тусдаа санхүүжилтээр явагдах юм. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс энэ жилийн төсөв дээр бид 32 орчим тэрбум төгрөгийг нэмж батлуулсан.

-Гадуур зарим ахмадуудын тэтгэвэр 3000 төгрөгөөр нэмэгдсэн байна гэсэн яриа гарсан. Энэ талаар?

-Шийдвэр гараагүй болохоор тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй байгаа. Ажилласан жил нөхөн тооцох байдаг юм уу эсвэл тухайн хувь асуудлаар бага сага өөрчлөлт гарч байгааг үгүйсгэхгүй. Одоо нэгдүгээр сарын 1-нээс ажилласан жил нэмэгдсэн хүмүүсийн нэмэгдэл шууд олгогдоод эхэлнэ. Хуульчилсан учраас энэ дээр ямар нэгэн асуудал гарахгүй. Тэтгэврийг Засгийн газар албан ёсоор тогтоол шийдвэр гаргаж байж нэмнэ.

-Хүүхдийн зориулалтаар баригдсан барилгыг эргүүлж авах судалгаа хийгдэж байгаа гэсэн. Энэ асуудал юу болж байна вэ?

-Үндсэндээ бид анх яам байгуулаад хамгийн эхэнд хийсэн ажил бол хүүхэд залуучуудын чиглэлээр баригдсан барилга, өмч хөрөнгийн ашиглалт ямар байгаа юм гэдэг дээр 181 өмч хөрөнгө, барилга байгууламжийг сонгож хяналт мониторинг хийсэн. Эндээс 141 барилга байгууламж зориулалтын бусаар ашиглагдаж байгаа буюу үрэгдэж алга болсон гэсэн дүгнэлт гарсан. Үүн дээр Засгийн газар буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Засгийн газрын комисс гараад одоо яг ажиллаж байгаа. Удахгүй яг энэ чиглэлээр Засгийн газар дээр мэдээлэл хийгээд холбогдох арга хэмжээ авах шийдвэрүүд гарна.

-Гадаад иргэнтэй гэр бүл болсон хүмүүс хүчирхийлэлд өртөж буй асуудал их гарах болсон. Энэ асуудлаар ямар ажил хийж байна?

-Энэ чиглэлээр манай яам ажлаа эхлүүлээд жил болж байна. Нэн тэргүүнд монголчууд их байгаа улс орнуудад буй Элчин сайд, консулуудаар дамжуулаад судалгаануудыг нэлээд нарийн авч байгаа. Олон соёлт гэр бүлийн асуудал манайд цоо шинэ зүйл болж орж ирсэн. Энэ олон соёлт гэр бүлийн асуудалд ярвигтай зүйл маш олон байгаа. Тухайлбал, хүчирхийлэл гарсныг нотлох асуудал маш хүнд байгаа. Мөн тухайн гэр бүлийн салалт дээр маш олон хүндрэлтэй асуудал үүсдэг.

Манайх ганцхан иргэнээ хамгаалах юм уу иргэнээ авъя гэхээр тэр гэр бүлээс төрсөн хүүхдээ яах вэ, хүүхдийн харьяаллыг яах вэ гээд маш олон асуудал гардаг. Ялангуяа Солонгост энэ асуудал түгээмэл яригдаж байгаа. Солонгост гэхэд 2800 орчим соёлт гэр бүл байна. Болно, бүтнэ гээд гэрлэдэг очоод зан заншил ахуйгаасаа болоод таарч нийлдэггүй. Үүнээс болоод гэр бүл салж сарних асуудал өргөн дэлгэр байдаг юм билээ. Үүн дээр Элчин сайд, консулуудтай хамтарч ажиллаж байгаа гэдгээ хэлье:

-Өрх, иргэний амьжиргааны түвшинг судлах судалгааны дүн гарсан уу?

-Энэ ажил маш эрчимтэй яваад улсын хэмжээнд судалгааны тооллого дууссан. Судалгаа хоёр үе шаттайгаар явагдсан. Бидний ойролцоогоор тооцож байгаагаар дөрөвдүгээр сарын 1-нд эхний дүн мэдээ гарна. Өрх иргэний амьжиргааны түвшин судлах судалгааг нийт дүнгээр мэдээлнэ. Нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Хувь хүний нууц, улсын нууцтай холбоотойгоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ судалгаа улсын хэмжээнд анх удаа явж байгаа судалгаа.

Хүн ам, орон сууцны тооллого улсын хэмжээнд 10 жилд нэг удаа явагддаг байсан. Өрхийн, иргэний амьжиргааны судалгаа өмнө нь огт хийгдэж байгаагүй. Энэ судалгаа гарснаар бидний өмнө нь ярьдаг байсан хавтгайрсан халамж үйлчилгээг таслан зогсоох, зорилтот бүлэг рүү чиглэсэн төрийн халамж үйлчилгээг зөв болгож чадна гэж тооцож байгаа. Салбар дундын маш том мэдээллийн сан бий болж байгаа гэж ойлгож болно.