Сайдын үзэмжээр хуулийн төслийг хэлэлцэх ёсгүй
Чуулганаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулав.
Уг хуулийн төсөл батлагдсанаар 10 буюу түүнээс дээш жил хамт амьдарсан, 20-иос дээш жил нийгмийн даатгал төлсөн иргэд хуульд хамрагдаж, нэг нь өөд болсон тохиолдолд үлдсэн нэг нь нөгөөгийнхөө тэтгвэрийг үргэлжлүүлэн авах хууль эрхзүйн орчин бүрдэх юм байна.
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үед нэлээд маргаан дэгдэж, МАН-ын бүлгээс завсарлага авав. Ингэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Энэ үеэр УИХ-ын гишүүд ийн саналаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Л.Энх-Амгалан: Хуулийн төсөлд тусгаснаар хуульд хамрагдах 76 мянган иргэн байна гэжээ. 38 мянган айл өрхийг хамруулах нь байна. 310 мянган иргэдээс ихэнх нь энэ шаардлагыг хангахгүй байна. Тэгэхээр хань ижлээ алдсан хүмүүсийг сайтар судлаад хамрах хүрээг жаахан өргөжүүлэх хэрэгтэй байна.
С.Эрдэнэ: Энэхүү хуулийн төсөл нь төрийн анхан шатны нэгж болсон гэр бүлийн бат бэх байдлыг бэхжүүлэхэд чиглэж байгаа. Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталснаар төсөвт ирэх ачаалал их биш гэж тооцсон. Насан турш улсад хөдөлмөрлөж, шимтгэл төлчихөөд, үр шимийг нь хүртэж чадаагүй хүмүүсийн тэтгэврийг гэр бүлд нь өгөх ёстой.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
Д.Оюунхорол: Ийм хууль оруулж ирж байгаа нь хоёр талтай. Нийгмийн хамгааллын сайд та даатгалын тогтолцоо, халамжийн тогтолцоо, нийгмийн даатгалын салбарын өнөөгийн байдал ямар байгаа талаар ул суурьтай харж чадаж байгаа юм болов уу. Нийгмийн даатгалын санд хуримтлах ёстой мөнгө ачааллаа дийлэхгүй байна. Улсын төсөвт зайлшгүй холбогдох, нийгмийн даатгалын сангаас төлөгдөж чадахгүй, Засгийн газраас санал аваагүй асуудлууд байсаар байтал энэ хуулийг хэлэлцэх нь буруу.
Ямар ч шинжлэх ухааны суурь тооцоо, судалгаагүй ийм хуулийг хэлэлцэж болохгүй. Суурь хуулиудыг яриагүй байж даатгалын тогтолцоогоор гэр бүлийн асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг хандах нь буруу. Гэр бүлийн тухай хууль зэрэг суурь хуулиудаа эхлээд хэлэлцэх хэрэгтэй. Нийгмийн даатгалын чинь ачаалал дийлэхгүй. Даатгалын шимтгэлээ төлөх ёстой хүмүүсийн 40 хувь нь төлбөрөө төлж байна. Масст таалагдах байдлаар асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хандах хэрэггүй.
Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төсөл өргөн барьсан. Тэр хуулийг яагаад ач холбогдол өгөхгүй байгаа юм. Өөрийнхөө санаачилсан ямар ч тооцоо судалгаагүй хуулийг гоё хууль гээд батлах гээд, хэлэлцэх гээд дайраад байж болохгүй.
С.Бямбацогт
С.Бямбацогт: Дандаа өөрсдийн эрх ашгийн үүднээс битгий хандаачээ. Сайдын, өөрийн фракцын хүний үзэмжээр хуулийн төслийг хэлэлцэхээ болиочээ. Дэмжихгүй гэж үг хэлнэ гээд дэмжсэн үг хэлж байна. Дэмжихгүй гэчихээд дэмжиж үг хэлэхэд Л.Энх-Амгалан гишүүнд харицулага тооцно гэж УИХ-ын дарга хэлж байсан. Тэгсэн хэрнээ сая Р.Бурмаа гишүүнээр зүв зүгээр үг хэлүүллээ.
Цөөнхийн зүгээс санаачилсан Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 21 мянган төгрөг олгох, Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох хууль өнгөрсөн жил санаачилсан. Бүсийн нэмэгдлийн тухай хуулийг өргөн барьсан. Бидний өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй жил болж байгаа хэрнээ хууль зөрчиж байгаа энэхүү хуулийн төслийг хүчээр хэлэлцэх гээд байна. Тиймээс бид завсарлага авна.