УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.01.27

МАН-ын бүлгийн яриад байгаа шиг төсөвт дарамт ирэхгүй гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын хэлэлцэх асуудал болон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хийсэн мэдээллийг сонссон байна.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат орон нутагт ажиллаж байгаа учраас бүлгийн мэдээллийг бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн А.Бакей нар хийсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

"Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүлгийн зүгээс дэмжиж байгаа. МАН-ын бүлгийн завсарлага дуусангуут хэлэлцүүлэх саналтай байна. Мөн НӨАТ-тай холбоотой  хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ НӨАТ-ын босгыг нэмэх буюу 200 саяар тогтоох УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж бүлгийн зүгээс  үзсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 38-р зүйлд Улсын төсөвтэй холбоотой аливаа хуулийн төслийг Засгийн газар өргөн барина гэж заасан байгаа. Тиймээс НӨАТ-ын босгыг нэмэх нь татвар буюу Засгийн  газрын нэг бүрэлдэхүүн хэсэг учраас зөвхөн Засгийн газраас өргөн барьсан хувилбарыг хэлэлцэхээр болсон" гэлээ.

-С.Бямбацогт нарын өргөн барьсан НӨАТ-ын босгыг 200 саяар тогтоох хуулийн төслийг хэлэлцэнэ гэж УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэсэн. Яагаад дэмжихгүй байгаа юм бэ?

-Үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас АН-ын бүлгийн зүгээс С.Бямбацогт нарын төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Харин Засгийн газраас өргөн барьсан НӨАТ-ын буцаан олголт болон холбогдох төслүүдийг дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байгаа.

-Засгийн газраас оруулж ирсэн татвар, НӨАТ-тай холбоотой төсөл дээр НӨАТ-ын босгыг 50 хувь байх эсэх дээр тодорхой байр сууринд нэгдсэн үү, АН-ын бүлэг?

-НӨАТ-ын босго 50 сая байх эсэхийг байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр нээлттэй хэлэлцэж болно. НӨАТ-ын босгыг 50 сая байлгах эсэх дээр гишүүд саналаа илэрхийлж болно. Хэлэлцүүлгийн явцад нухацтай шийдэх ёстой.

-Хамтын тэтгэврийн төслөөр МАН-ын бүлэг завсарлага авсан.  Төсөвт ачаалал өгнө гэж яриад байгааг АН-ын бүлэг судалж үзсэн үү?

АН-ын ээлжит хуралдаан

-Хамтын тэтгэврийн төсөл дээр МАН-ын бүлгийн яриад байгаа шиг төсөвт дарамт ирэхгүй. Яагаад гэвэл тэтгэвэр авч байгаа хүн нас барсан тохиолдолд тэтгэвэр олгогдоно. Хэрэв нас бараагүй байсан бол тэтгэвэрээ аваад явах боломжтой байсан. Мөн насан туршдаа ирээдүйд авах тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж байсан учраас энэ хүнд оногдох ёстой мөнгө.

Тиймээс өөрийнхөө авч чадаагүй  мөнгийг гэр бүлдээ өгөх л төсөл байгаа юм. Энэ хууль өргөн баригдсан бөгөөд ажлын хэсэг гарч, намын бүлгүүд саналаа хэлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Одоогийн судалгаагаар өнөөдөр 312 мянган хүн тэтгэвэр авч байгаа. Үүнээс 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагдаж байгаа. Бидний хийсэн судалгаагаар  хамтын тэтгэврийн хууль батлагдвал болзлыг хангаж байгаа 76 мянга орчим хүн байгаа гэсэн тооцоо гарч байна.

-Хамтын тэтгэврийн хуулийн хугацааг хэдийнээс байх ёстой гэж АН-ын бүлэг үзэж байгаа вэ?

-Хамтын тэтгэврийн хэрэгжих хугацаа болон хуулийн үйлчлэх хугацааг иргэд их сонирхож байна. Аливаа хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх эсвэл тодорхой хугацаа зааж өгдөг. Зарим хууль батлагдахдаа хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагддаг. Хамтын тэтгэврийн хувьд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс санал авч, гаргана.Хуулийн хамрах хүрээ буюу доторхой заасан оноос хэрэгжүүлэхийг хуулийг дагаж мөрдөх журамд тусгаж болно.

-НӨАТ-ын буцаан олголтыг аж ахуй нэгжээс гадна иргэдэд буцаан олгох боломжтой гэж зарим бүлгийн зүгээс үзэж байгаагаа илэрхийлсэн?

-Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд тусгаснаар аж ахуй нэгжүүдэд буцаан олголтыг 90 хувь гэж тусгасан. Энэ нь татвараас зайлсхийх, татварын бааз суурийг өргөтгөх давуу талуудтай. Тиймээс аж ахуй нэгжүүдийн буцаан олголтыг зохион байгуулах талаар бүлгийн зүгээс ярилцсан. АН-ын бүлгийн зүгээс аж ахуй нэгжээс гадна иргэнд буцаан олголт хийх эсэх талаар яригдсанггүй. Хэлэлцүүлгийн явцад тодорхой болох байх.

-Соёлын өвийг хамгаалах хуулийн төслийг дэмжиж байгаа юу. Алдагдсан өвийг тоолох, ямар нэг тооцоо судалгаа гарсан уу?

-Бүлгийн зүгээс Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Ер нь бол Монгол Улс дэлхийд нүүдэлчдийн соёлын өвийг хадгалж яваа ард түмэн. Тиймээс соёлын өвийг хамгаалах, зохицуулалтгүй үлдэж байгаа зарим газар байна. Улсын төсөвөөс анхаара ёстой гэж үзэж Дэлхий соёлын өвийг хамгаалах, гадаадын судлаачдыг дэмжих, судалгаа хийлгэх  нэрээр соёлын өвийг авч гарах тохиолдол гарч байсан. Монголын соёлын өв алдагдсан тохиолдолд шуурхай мэдээлэх зэрэг асуудлыг бүлэг чухалчлан ярилцлаа.

-"Давхар дээл" тайлах хуулийн төслөөр АН-ын бүлгийн авсан завсарлага пүрэв гаригт дуусна. Завсарлага дууссаны дараа хэлэлцэх үү?

-"Давхар дээл"-ийн асуудлаар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Ажлын тав хоногийн хугацаа дууссаны дараа хэлэлцэнэ.

-УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Уул уурхайн яамны  ажилтан Д.Батболдын талаар асуулга хүргүүлсэн байсан. Энэ талаар Уул уурхайн яамнаас тодорхой хариу өгсөн үү?

-УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидэд санал хүргүүлсэн байгаа. Сарын өмнө татварын байцаагч эмэгтэй нэгнийгээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод шууд болон шууд бусаар холбоотой хэрэг.

Тиймээс төрийн албан хаагчийн ёс зүйгээ дээдэлж чадаагүй гэж үзэж албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардсан бичгийг хоёр хоногийн өмнө хүргүүлсэн. Энэ хүнийг ёс зүйгүй, төрийн албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөж чадаагүй гэж шаардлага хүргүүлсэн. Одоогоор тодорхой хариу ирээгүй байна.