Г.Шийлэгдамба: МАХН-ын Их чуулганд Н.Энхбаяр дарга ирж оролцох хүсэлтэй байгаа
МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Намын зүгээс “Шударга ёсны аян” зохион байгуулахаар болсон байна. Ингэхдээ 21 аймгийг зургаан бүсэд хуваан намын удирдлагын баг ажиллах аж. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын танхимд ажиллаж байгаагийн хувьд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулах юм байна. Улмаар намын Их чуулганыг үүний дараа хийхээр болсон байна.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.
-Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгаа вэ?
-Хэвийн, сайжирч байна. Өнгөрсөн наймдугаар сараас хойш эмчилгээ үргэлжилж байгаа.
-Намын их хуралд ирж оролцох уу?
-Намын Их чуулганд Н.Энхбаяр дарга ирж оролцох хүсэлтэй байгаа. Нэг талдаа өөрт нь тийм бодол байна. Нөгөө талаар намын гишүүд ч даргаа их Чуулганд ирж оролцох болов уу гэсэн хүлээлт байгаа.
-Намын их чуулган хэзээ болох вэ. Цаг хугацааны хувьд тодорхойгүй байна.
-Их чуулганы товыг бид хараахан зарлаагүй байна. Дөрөвдүгээр сард хуралдуулна гэсэн урьдчилсан төлөвлөгөө байсан. Гэхдээ тодорхой шалтгаанаар энэ чуулганы маань үйл ажиллагаа хойшлох нөхцөл байдал үүсч байна. Би түрүүн хэлсэн, хөдөө орон нутагт ажиллах шаардлага байгаа гэж. Мөн нөгөө талд намын даргын биеийн байдалтай холбоотойгоор Их чуулганы товыг Бага чуулганаар зарлана.
-Их чуулганаар хэлэлцэх гол асуудал юу байх вэ. Нэг талаас “Шударга ёс” эвсэл Засгаас гарч магадгүй гэсэн мэдээлэл яваад байгаа.
-Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах асуудал албан ёсоор огт яригдаагүй. Бид бол Засаг төрийг тогтвортой ажиллах нь зүйтэй гэж харж ирсэн. Намын Их чуулганаар тодорхой асуудлыг ярилцдаг. Энэ бол өмнөх хурлаас хойш авч хэрэгжүүлсэн намын дотоод амьдралын хүрээнд болсон үйл ажиллагаануудаа илтгэл тавьж хэлэлцүүлж санал шүүмж сонсоно. Түүнчлэн улс орны өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдалд үнэлэлт дүгнэлт өгнө. Улс орны эрх ашигт хамаатай гэсэн тодорхой шийдвэрүүдийг бид гаргана.
-Н.Энхбаяр дарга ирэхгүй юм биш үү, хууль хяналтын байгууллагаас тодруулах асуудал байгаа. Дахиад баригдах үндэслэл бий гэх юм?
-Н.Энхбаяр дарга ирэлгүй яахав дээ. Эх орондоо иргэн хүн эргэж ирэх эсэх дээр эргэлзээ гараад байгаа нь утгагүй асуудал. Эрүүл мэндийн байдал хэзээ сайжирна тэр үед ирнэ. Хууль хяналтын байгууллагынхантай холбоотой мэдээллийг бид өмнөөс нь өгөх боломжгүй. Энэ хүн эх орондоо эргэн ирж, намынхаа үйл ажиллагаанд оролцох бүрэн боломжтой.
-Таныг огцруулах гэж байгаа гэсэн?
-Ийм асуудал албан ёсоор яригдаагүй.