Д.Тэрбишдагва: Н.Энхбаяр даргын эмчилгээ дуусангуут Монголд ирнэ
МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва
2014.02.18

Д.Тэрбишдагва: Н.Энхбаяр даргын эмчилгээ дуусангуут Монголд ирнэ

Өчигдөр  өглөө 11:00 цагт МАХН-ын жижигхэн төв байр хөл гишгэх зайгүй шахам хөдөлгөөн ихтэй байв. Учир нь МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн, МАН-аас нүүр бууруулан МАХН-д дагаар орогсод, цоо шинэ гишүүнээр элсэгсэд гээд хөгшин залуугүй хөл хөөр ихтэй, аргагүй л улстөрийн тэмцлийн аядуу зөөлөн, баясгалантай хэлбэр МАХН-ын байранд оволзоод өнгөрөв.

МАХН-ын шинэхэн батлах гардан авсан 185 хүний хамгийн залуу нь 22 настай Х.Тэмүүжин гэх залуу байсан бол 1971 оны МАХН-ын гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, химийн ухааны доктор, профессор, академич Ж.Амгалан, Цэргийн ансамбль /хуучнаар/-ийн гоцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Шагдар, 2010 оны чөлөөт бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг нарын алдар цолтнууд  байсан нь олны анхаарлыг  татаж байв.

Энэ үеэр Монгол Улсын шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Өнөөдөр УИХ, Засгийн газарт суудалтай МАХН 180 гаруй  шинэ гишүүнээр  хүрээгээ тэлж байна. Энэ үйл явдлыг МАХН-ын дэд даргын хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-МАХН-ын монголын түүхэнд гүйцэтгэсэн түүхэн үүргийг сонины нэг нүүр, телевизийн 10-20 минутын ярианд багтаах ямар ч бо­ломжгүй. Хамгийн товч­хоноор МАХН гэсэн энэ нэр нь монголын ард түм­ний сэтгэл зүрхэнд хэзээ ч арилж балрахгүйгээр хо­ногшоод үлдчихсэн юм.

Ийм  агуу   түүхтэй намын нэрийг хэдхэн ухвар мөчид улстөрчид өөрчилж, намыг хоёр хувааснаас хойш удаа дараагийн сонгуульд ялагдаж улстөрийн хүчний хувьд хүч нь ихээхэн тарамдсан.Монгол Улсыг хөгжил дэвшлийн замд 90 жил удирдан чиглүүлсэн энэ агуу түүхт намыг хоёр хуваасан тэр этгээдүүд  хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээх ёстой.

Тийм ч учраас МАХН-ын одоо явуулж байгаа үйл ажиллагаа, шударга үнэнийг тогтоохын төлөөх тэмцэл, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндийг монголын ард түмэн хүлээн зөвшөөрч МАХН-ын  гишүүнчлэлээ сэргээх, МАН-аас МАХН руу элсэн орох, цоо шинээр гишүүнээр элсэх үйл ажиллагаа болж байгаад бид ихээхэн баяртай байна.

Энэ олон хүн биднийг дэмжиж байгаа нь бидэнд ихээхэн хариуцлагатай үүрэг даалгавар өгч байгаагийн нотолгоо юм. Манай намын рейтинг тасралтгүй өсч байгаа үзүүлэлт бий.

Өнөөдөр  Монгол Улсын гавьяат цолтон гурав, дээр нь олон эмч, багш зэрэг сэхээтнүүд, түүнчлэн жирийн хөдөлмөрчин олон ард манай намд гишүүнчлэлээ сэргээж, шинээр элсэж байгааг МАХН-ын дэд даргын хувьд гүн хүндэтгэлтэйгээр  хүлээн авч байна.

Нөгөөтэйгүүр УИХ, Засгийн газарт суудалтай томоохон намын хувьд  ард түмэн маань биднээс өшөө илүү хариуцлагатай ажиллаж, нийгэмд үгүйлэгдээд байгаа шударга ёсны төлөөх тэмцлээ улам эрчимжүүлэхийг шахаж, шаардаж байна гэдгийг МАХН-ын удирдлагын зүгээс сайтар ойлгож, ажлаа улам эрчимжүүлэх ёстой болж байна.

Товчхондоо Монгол Улсад сахилга хариуцлага, дэг журмыг тогтоохын төлөө МАХН манлайлж ажиллах болно.

-МАХН-аас зохион байгуулдаг “Шударга ёсны аян” удахгүй эхэлнэ. Энэ жилийнх нь уриа, онц­лог юу байх бол?

-“Шударга ёсны аян” өнгөрсөн жил бүх аймаг, сумаар явж бидний тооцоолж байгаагүй маш өөдрөг үр дүнд хүрсэн. Энэ аянаар бидний дэвшүүлсэн зорилт, ний­гэмд шударга ёсыг хэвшүүлэх гэсэн уриалга, тэмцлийг маань ард түмэн талархан дэмжсэний хамгийн тодорхой үзүүлэлт нь УИХ, болон орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сон­гуульд МАХН-ыг халуунаар дэмжсэн явдал юм.

Өнгөрсөн жил ийм сайхан үр дүн үзүүлсэн ч гэсэн бид энэ жил бүр илүү далайцтай, монголын нийгэм, ард  түмэнд  илүү үлдэц­тэй, бүтээлч ажил болгохоор бэлтгэлээ хангаад дуусч байна. Яг өнөөдрөөс энэ удаагийн “Шударга ёсны аян” Хөвсгөл, Булган, Архангай аймгуудаас эхлээд явна.

Энэ долоо хоногтоо багтаад бүх аймагт төлөөлөгчид хуваарилагдан очиж ажиллана. “Шударга ёсны аян”-аар нийгэмд бухимдал үүсгэж, хууль ёсыг гажуудуулж байгаа олон асуудлыг ярихаас гадна МАХН-ын үйл ажиллагааг дэмждэг олон мянган жирийн иргэд, журмын нөхөдтэйгээ ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх нэн тэргүүний зорилтуудаа тодорхойлно.

МАХН манлайлж Монгол Улсын өнцөг булан бүрт сахилга хариуцлага, шударга ёсыг тог­тоохын төлөө, “Дэгтэй монгол дэлхийд манлайлна” уриалгыг хэрэгжүүлэхийн төлөө, энэ жилээс бид улам хариуцлагатай буух эзэн буцах хаягтай, нийгэм ард түмэнд шууд наалдах үлдэцтэй ажил хэрэгжүүлэх болно.

-Та  саяхан  Н.Энхбаяр дарга­тай уулзаж, золголт  хийгээд ирсэн. Сүүлийн үед Н.Энхбаяр даргын талаар “Солонгосын нэртэй поп дуучинтай хамтран амьдарч  байгаа” гэсэн мэдээл­лийг нэгэн “шар” хэвлэл дэлгэн тавьсан. МАХН-ын дэд даргын хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Яг энэ талаар хаана, ямар сонинд юу гэсэн мэдээлэл гарсан талаар одоохондоо би  үнэхээр мэдэхгүй байна.Гэхдээ энэ талаар намынхаа нөхөдтэй ярьж, сайтар судалж үзээд удахгүй мэдээлэл өгөх болно. Одоогоор энэ тухай уншаагүй, дуулаагүй болохоор ямар хариуцлага тооцох болон дараагийн арга хэмжээний тухай ярихад эрт байна.

-Н.Энхбаяр  даргын биеийн бай­дал, хэзээ Монголд ирэх та­­­лаарх асуудлыг олон нийт ихээ­­хэн со­нирхсоор байгаа. МАХН-ын дэд даргын хувиар энэ асуу­л­­тад тоймтой хариулт өгнө үү?

-МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчилгээ хараахан дуусаагүй байгаа. Төлөвлөгөөт эмчилгээ дуу­сангуут Монголдоо ирнэ. Бидний хувьд Н.Энхбаяр дарга нэг хоногийн өмнө ч болтугай ирээсэй гэсэн л хүлээлттэй байгаа. Ер нь МАХН-ын мянга мянган гишүүд дэмжигчид ч тэгж хүсч хүлээж байгаа нь ойлгомжтой.

Энэ хүний улстөрийн ноён нуруу, холч ухаан, монголын ард түмэн, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд нь МАХН-д юугаар ч орлуулашгүй эрхэм чухал юм. Нэгэн цагт одоогийн МАН-ыг ямархуу хүнд байдалд байхад нь удирдаж, хөл дээр нь босгож байсныг зарим хүмүүс хааяа ч гэсэн санаж явахад илүүдэхгүй.

-МАХН-ын их, бага чуулган хэзээ болох бол гэсэн хүлээлт  монголын нийгэмд байгаа нь тодорхой. Ер нь яг хэзээ эдгээр чуулганаа хуралдуулах вэ. Их чуулганаар намын удирдлагын түв­шинд халаа сэлгээ хийгдэх үү?

-Бид их чуулганаа хийнэ. Гэхдээ одоо удахгүй хаврын мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил өрнөж эхлэх болохоор цаг хугацааны хувьд эдгээр чухал ажилтай давхцуулж болохгүй.

Монголчуудыг тэжээдэг мал­­чин, тариаланч түмнийхээ энэ чухал их ажлын үеэр бид хурал­даад сууж байж таарахгүй.

Өнгөрсөн жилийн мал тооллогоор 45 гаруй сая  толгой мал тоо­луулсан малчид маань энэ жил бараг 15-20 сая төл хүлээн авах нь зайлшгүй.

Тэгэхээр бид ч гэсэн гар хамхиад  сууж байж болохгүй. Чадлынхаа хэрээр тэдэндээ туслах учиртай. Тийм ч учраас МАХН-ын их чуулганыг ирэх тавдугаар сард хийхээр төлөвлөж байгаа.

-Өнөөдөр МАН-аас тодорхой албан тушаал хашиж байгаа томоохон улстөрч, олны танил хүмүүс МАХН-д элсэнэ гэсэн мэдээлэл тархаад байсан ч тийм эрхмүүд харагдсангүй. Нэр бүхий хүмүүс МАХН-д элсэх нь хэвээрээ юу. Аль эсвэл Б.Бат-Эрдэнэ аварга шиг замхраад алга болох хэрэг үү?

-Өнөөдрийн арга хэмжээ бол урьдчилсан байдлаар урдаас төлөвлөөгүй ажил юм. Өнөөдрийн байдлаар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх, шинээр элсэх хүсэлт ирүүлсэн хэдэн мянган хүний өргөдөл шийдвэрээ хүлээгээд байж байна.

Бид хамгийн түрүүнд Монгол Улсын гавьяат хуульч, таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Ц.Шаравдорж гуайн гишүүнчлэлийг сэргээ­сэн.

Тодорхой хүмүүстэй ярил­цаж, тэдний зүгээс  намын  гишүүнчлэлээ сэргээхээр ярилцсан юм бол бий.


Аймаг, сум, хороо, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан олон хүний өргөдөл ирчихээд  шийдвэр нь  хүлээгдээд байж байгаа. Дараагийн удаа тун ойрхон эдгээр хүмүүсийн  МАХН-ын гишүүнчлэлийг сэргээн тогтоох болно.Та бүхэн харж байгаа. Манай өнөөдрийн арга хэмжээ болж байгаа энэ өрөө маань 200-аас илүү хүн орох боломжгүй шүү дээ.

Тэгэхээр бид зай талбайндаа багтаагаад өнөөдрийн арга хэмжээг зохицуулан явуулж байна. МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх, шинээр элсэх ийм үйл ажиллагаа зөвхөн намын төв байранд бус хөдөө орон нутагт тун удахгүй олноороо зохион байгуулагдах болно. Нэр бүхий тодорхой хүмүүсийн талаар яг одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.