Хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг хувийн хэвшлийнхэн хийдэг
2014.04.14

Г.Түмэнжаргал: Хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг хувийнхан хийдэг

“Ийгл” телевизийн “Зочны цаг”-аар Монголын барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал оролцлоо.

-   Бүтээн байгуулалтын ажил үндсэндээ эхэлж байна. Өнгөрсөн онд манай улсын эдийн засагт оруулсан хувь нэмрээрээ хамгийн өндөр оруулсан нь барилгын салбар болж байсан. Энэ жил хэдий хэмжээний хөрөнгө оруулалт барилгын салбарт хийгдэхээр байна вэ?

Дөрөвдүгээр сарын нэгнээс барилгын ажил эхлэх төлөвтэй байгаа. Гэхдээ энэ онд барилгын салбарын хөрөнгө оруулалтын асуудал нэлээд төвөгтэй байна. Хувийн хөрөнгө оруулалт буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилгуудын тендер зарлагдахаар хувийн хөрөнгө оруулалт дээр санхүүжилт нь гацсан асуудлууд байгаа.

Ер нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.5 орчим их наяд төгрөг байгаа бол хувийн хөрөнгө оруулалтад ч  энэ хэмжээний оруулалт хийгдсэн.  Хувийн  хөрөнгө оруулалт нь орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийж байна.  Он дамжих шатад 2 их наяд төгрөг орон сууцны зах зээлд орсон байдаг.

Энэ жилийн хувьд өмнөх оноос хоёр дахин их орон сууцны барилга барихаар төлөвлөгдсөн. 2012 онд 11 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орсон. Харин 2013 онд 20 мянга орчим айлын орон сууцны барилга ашиглалтад оруулсан бол энэ жилийн хувьд зах зээл дээр баригдах гээд төлөвлөгдсөн байгаа 40 орчим айлын мянган орон сууцны барилга байгаа.

-     Өнөөдөр УИХ дээр гол маргааны нэг  болчихоод байгаа  царцаасан хэдэн барилгуудынн асуудал. Тэгэхээр өнөөдөр барилгын компаниудын өөрсдийнх нь санхүүгийн боломж нь хэр хэмжээнд байгаа вэ?

Ихэвчлэн барилгын хөрөнгө оруулагчид орон сууцны барилгад нэлээд хөрөнгө оруулдаг. Мөн үйлдвэрийн барилга буюу оффис, худалдаа, үйлчилгээний болон зочид буудлын барилгад нэлээд хөрөнгө оруулдаг. Гэхдээ ихэнх нь буюу 80 орчим хувь нь орон сууцны барилгад хөрөнгөө зарцуулдаг. Орон сууцны барилгын хувьд хувийн хөрөнгө оруулалтаар явж байсан ажлууд төрийн хөрөнгө оруулалтын ажлаас хамаарч орох, орохгүй нь шийдэгдэхгүй улс төрийн эсрэг тэсрэг байр суурь,  амлалтаас шалтгаалан хувийн хөрөнгө оруулалт гацаанд орсон.

-     Хөрөнгө оруулалтыг харахад төр болон хувийн гэсэн байдлаар ижилхэн оруулчихсан байдаг юм байна. Үүнийг энгийн нүдээр харвал зөв өрсөлдөөн үүсээд энэ дундаас метр.квадратын үнэ хямдрах нь гэсэн дүр зураг харагдаад байгаа юм. Төрөөс та бүхэнд ижил хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээд зах зээлд ороод ирэхээрээ ямархуу нөхцөл байдал үүсдэг вэ?

Сүүлийн жилүүдэд барилгын өөрийн өртөг нь байнга нэмэгдээд явж байгаа.

Төр орон сууцны барилгад тийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй. Орон сууцны зах зээл дээр байгаа 10 орчим хувьд л төрийн хөрөнгө оруулалт хийдэг. Нийт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа нийгмийн барилгууд, бусад инженерийн шугам сүлжээний барилгуудыг хэлсэн. Орон сууцны барилга дээр нийт зах зээлийн хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг хувийн хэвшлийнхэн, 10 орчим хувийг л төрийн оролцоотой хийж байна. Тэгэхээр 10 хувийн хөрөнгө оруулалт хийчихээд зах зээлийн үнийг унагаана, орон сууцны үнийг бууруулна гэж болохгүй. Энэ бол улс төрийн худал амлалт болж байгаа.

-    Ерөнхийдөө гол асуудал метр квадратын үнэ дээр байгаа шүү дээ. Ийм хэмжээний орон сууц тийм хугацаанд ашиглалтад орно. Үүнийгээ дагаад зах зээлийнхээ хуулиар дагаад метр квадратын үнэ буурна гэдэг. Гэтэл өнгөрсөн хугацаанд буурах нь битгий хэл эсрэгээрээ яваад байгаа байдал харагдаад байгаа. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

 Ер нь сүүлийн жилүүдэд барилгын өөрийн өртөг нь байнга нэмэгдээд явж байгаа. Ихэвчлэн барилгын салбарын машин, механизм буюу материал, хүн хүчний бүх зардлууд импортоор орж ирдэг. Тэгэхээр бүх зардлын 70 орчим хувь нь импортын хамааралтай. Ноднин, ноднингийн өмнөхөөс 30 орчим хувиар нэмэгдсэн. Энэ жил мэдээж барилгын өртөг өсөх нь ойлгомжтой. Улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдсэн ч зогссон барилгуудын хувьд  төсөвт өртөг 1990 оноос хойш хуульд дүрэмд нь өөрчлөлт ороод  нэмэгдээгүй байсан.  30 орчим хувь нь барилгын өртөг нь нэмэгдсэн.

Хувийн хэвшлийнхний хувьд энэ өртгийг аль хэдийн зах зээл дээрээ зохицуулаад явж байсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалт норм дүрэмдээ ороогүй байсан. 2012 оны сайдын тушаалаар шинэчлэгдсэн нормд орсон. Түүнээс хойш улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилгын өртөг нь 30-40 хувь нэмэгдсэн. 

Үүнээс болоод олон барилгуудын төсөв нь нэмэгдсэн, олон барилгуудыг зогсоосон. Энэ бол авилгажсан гэхээсээ илүү төсөвт өртөгтэй холбоотой. Мэдээж авилгын асуудал бол зах зээл дээр байгаа. Цаашдаа ч байх нь ойлгомжтой. Үүнийг улс төрчид нүдэн будилаад авилгажсан гэж хоёр нам хоорондоо барилгын салбарыг хямрааж болохгүй.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...