Нэг сум 800 сая төгрөгөөр баярладаг уу
2014.04.15

Нэг сум 800 сая төгрөгөөр баярладаг уу

Монголчууд дэнж хотойтол нааддаг учир үндэсний их баяр наадмын төсөв гэж улсаас нэлээд их мөнгө төсөвлөдөг. Өнгөрсөн он гэхэд л улсаас нэг тэрбум 581 сая төгрөг төсөвлөсөн. Тэгвэл аймаг, сумдын баяр наадам үндэсний баяр наадамтай эн зэрэгцэхүйц хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг талаар шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүс байна.

Энэ нь аймаг, сумын ойгоор хамгийн их мэдрэгддэг байна. Өнгөрсөн жил л гэхэд 90 жилийн  ойгоо тэмдэглэсэн олон аймаг байсан. Аймгийн ойгоо бараг долоо хоног тэмдэглэж, хутаг тавилгүй идэж, хундага тавилгүй уудаг нь энэ үеэр болдог гэх ам дамжсан яриа байдаг. Үүнийг ч үнэний ортойг баталж нийтлэлч Г.Дашрэнцэн нэг сум 800 сая төгрөгөөр баярладаг тухай нийтлэлдээ бичжээ.

Тэрээр 2000 оны үеэр аймгийн наадмын төсөв 10 сая төгрөг, сумын наадмын төсөв хоёр сая төгрөг байхаар баталдаг байсан. Гэтэл морь, бөх, дуу хуур нь хэрээс хэтэрч наадмын ханш өссөн талаар шүүмжилжээ. Тэрээр өөрийн төрсөн сум болох Төв аймгийн Баян сумын 90 жилийн ойн талаар хэдэн зүйл бичсэн байна. 

2000 оны үеэр аймгийн наадмын төсөв 10 сая төгрөг, сумын наадмын төсөв хоёр сая төгрөг байхаар баталдаг байсан

Сумын удирдлагууд ойгоо тэмдэглэхийн тулд нэг хүний 20 мянган төгрөгөөр билет худалдаалж тоглолт зохион байгуулж, хандив цуглуулсан, сумын уяачдын холбоо 80 сая төгрөг өгсөн, зарим малчид хүртэл хоёр сая төгрөг хандивласан гэжээ.  Энэ мэтчилэнгээр тус сум хандив нэрийдлээр 800 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

Тэгвэл 21 аймгийн 360 сум 90 жилийнхээ ойг тэмдэглэхэд хичнээн төгрөг зарцуулах болоо. АТГ-аас аймаг, тэр дундаа сумдууд авилгын эсрэг хууль тогтоомж зөрчиж байна.  Авилгатай холбоотой зөрчил дутагдал их байгаа бөгөөд иргэдийн хурлын төлөөлөгчид нь хууль бус шийдвэр гарган төсөв хэтрүүлэн баяр наадам тэмдэглэж байгаа талаар мэдээллэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: “Орон нутгийнхаа хөгжлийн санд тодорхой хэмжээний хандив авч болох нь хуулиар нээлттэй. Тэнд ямар нэгэн асуудал байхгүй. Ялангуяа ойгоо тэмдэглэж байгаа сумд ойдоо зориулан тусгай данс гаргаад ойн арга хэмжээндээ сум орон нутгаас гарсан иргэд, пүүс, компаниудаас хандав авч болно. Энд болохгүй зүйл ерөөсөө байхгүй.”гэсэн юм.