Нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьж ачуулсан жолооч нарт мессежээр мэдээлэл өгнө
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 04 сарын 14-ний өдөр болж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 2/08 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/67 дугаар захирамжийн дагуу замын хөдөлгөөний зохиомол түржрэлийг бууруулах зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв нь Ачиж журамлах албыг шинээр байгуулж 12 тусгай зориулалтын автомашинтайгаар Хууль зүйн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу ачиж журамлах үйл ажиллагаа явуулж байна.
Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх ажиллагааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гадна хувийн зургаан компани нийт 43 тусгай зориулалтын автомашинаар ачиж, журамлах үйлчилгээ хийж байна. Энэ зохицуулалт хийж байгаатай холбогдуулан 2013 оны 9-р сарын 1-нээс хойш иргэдээс 7562 санал, гомдол ирснээс 87 хувь нь хувийн хэвшлийн явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой, 13 хувь нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны талаар байжээ.
Харин төрлөөр ангилвал тээврийн хэрэгслийг нь ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг, зогсоолгүй, үйлчилгээний хураамжийг бэлнээр авдаг, төлбөрийн баримт өгдөггүй зэрэг гомдлыг дийлэнх иргэд ирүүлжээ.
Иргэдийн дээрх санал, гомдлыг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс автомашин зөөж, шилжүүлэх зохицуулалтад өөрчлөлт оруулж, түргэн шуурхай үйлчлэх хүрээнд дараахь ажлуудыг хэрэгжүүлэх саналыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Тээврийн хэрэгслийг нь ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг, зогсоолгүй, үйлчилгээний хураамжийг бэлнээр авдаг, төлбөрийн баримт өгдөггүй зэрэг гомдлыг дийлэнх иргэд ирүүлжээ.
- -Үүрэн телефоны операторуудтай хамтран тээврийн хэрэгслийг нь зөөж шилжүүлсэн талаар эзэмшигчдэд мессежээр мэдээлэл өгөх
- -Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн болон бусад үйлчилгээний хураамжийг бэлэн бусаар авах тогтолцоог нэвтрүүлэх, үйлчилгээний хураамжийг 24 цагийн турш төлөх боломжийг олгох зорилгоор ухаалаг гар утастай иргэд шууд төлөх боломжтой “SWIPE” үйлчилгээг ашиглалт оруулах
- -Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг хол зайд зөөхгүйгээр дугуйг нь түгжих
- -Тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашиныг хянах зорилгоор тусгай зориулалтын автомашинуудад хяналтын GPS суурилуулах зэрэг ажлыг хийх санал гаргалаа.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх ажлуудыг хийх нь зүйтэй гэж үзээд зарим ажлыг нийслэлийн Засаг даргын захирамж гарган хэрэгжүүлж, тээврийн хэрэгслийг түгжих зэрэг журмын шинэчлэлтийг нийслэлийн ИТХ-ын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо