Д.Сумъяабазар: "Ухаалаг төр"-тэй болохын тулд Төрийн данхагар бүтцийг багасгах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.04.17

Д.Сумъяабазар: "Ухаалаг төр"-тэй болохын тулд Төрийн данхагар бүтцийг багасгах хэрэгтэй

Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазарыг "Зочны индэр" буландаа урьж ярилцлаа.

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. УИХ-ын намрын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Та чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулав гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Юуны өмнө уншигч олондоо энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд чуулганы завсарлагаанаар аль болох тойрогтоо ажиллахыг хичээдэг. Өнгөрсөн хаврын чуулганы завсарлагаанаар иргэдтэйгээ уулзалт хийж явахад тойргоос сонгогдсон бусад гишүүдтэйгээ хамтран уулзалт хийгээчээ гэсэн хүсэлт ирж байсны дагуу энэ удаа Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг гишүүдийн хамтаар уулзалт хийлээ. Хороодоор уулзалт хийгээд явах нэг талаар хангалттай биш байдаг. Олон иргэд цаг завын болон бусад шалтгаанаар уулзалтад ирж амждаггүй учраас хороо бүр дээр ажиллах, томоохон аж ахуйн нэгжүүдээр орох зэргээр аль болох олон хүнтэй уулзахыг хичээж байна. Үүнээс гадна 2 хуулийн төслийн ажил дээрээ нилээн суулаа, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар Эрүүл мэндийн сайдад тавьсан асуулгын хариутай танилцаж тодруулах зүйлүүдээ судлалаа, намын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэрэг олон ажлуудыг шийдвэрлэж үр бүтээлтэй өнгөрөөлөө.

- Иргэд ямар асуудлыг түлхүү санал болгож тавьж байна. Та иргэдээс тавьсан санал асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Маш олон зүйлийг иргэд хэлж захидаг. Жишээ нь сүүлийн 2 уулзалтаар л гэхэд нийт 600 гаруй санал хүсэлт өргөдөл ирсэн байгаа юм. Тэр бүрийг шийдэх эрх мэдэл, нөөц гишүүнд байхгүй боловч аль болох хүсэлтийг шийдвэрлэхийн төлөө боломжтой бүх арга хэмжээг авсны дүнд санал хүсэлтийн 80 хувьд нь бүтэмжтэй хариуг өгч чадаж байгаа.

Миний барьдаг нэг байр суурь бол өөрийн тавьсан асуудлын шийдлийг бүтэмжтэй ч байсан, бүтэмж муу ч байсан иргэд заавал албан бичгээр хариу авах ёстой. Энэ тохиолдолд бүтэмж тааруу хариу сонссон 20 хувь гомдолтой үлдэж уулзалт дээр түүнийгээ илэрхийлж л байдаг юм. Гэхдээ бодит байдлыг булзааруулалгүй эртхэн хэлэх нь зүйтэй гэж боддог юм.

Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг гишүүдийн хамтаар иргэдтэй уулзалт хийлээ.

Харин сүүлийн уулзалтаар би урьд урьдын уулзалтаас өөр уур амьсгал, хандлагыг мэдэрлээ. Жилийн өмнөх уулзалтаар иргэд маань ирээдүйн хөгжил дэвшил хаашаа чиглэх, Чингис бондын хөрөнгийн зарцуулалт, боловсролын салбарын хүртээмж гэх мэт зүйлсийг ярьж байсан бол одоо дийлэнхдээ өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гүйцэгдэхээ больсон.түүнчлэн цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг илүү хүлээж байгаагаа ярьж байна. Амьдрал хүнд байгааг төр засаг ойлгоочээ гэсэн үгийг хашгирч, загнаж, уйлж хүртэл хэлж байна.

Танхимын уур амьсгал, иргэдийн дууны өнгө, илэрхийлэл тэс өөр ажиглагдаж байна. Энд ямар нэгэн улс төржилт байхгүй шүү. Хамт уулзалт хийсэн бусад гишүүд маань ч адилхан мэдэрсэн гэж бодож байна. Энэ мэдрэмж, энэ үгсийг УИХ-ын танхимд хүргэх нь миний үүрэг учраас хаврын чуулган дээр байгаа нөхцөл байдлыг хэлнэ гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл та хоёр Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн саналыг сонссон. Тэд юу ярьж байна вэ?

Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад, эрдэмтдийн саналыг сонсоод хэд хэдэн дүгнэлт хийсэн. Нэгдүгээрт, яамны зүгээс менежментийн, тэр дундаа санхүүгийн менежментийн зөв бодлогыг хэрэгжүүлж, байгууллагыг эдийн засгийн хувьд бэхжүүлэх шаардлагатай.

Энэ хүрээнд яамны хийх хамгийн эхний алхам бол дэмжлэгээ үргэлжлүүл, эрх мэдлээ шилжүүл. Сүүлийн үед хаа сайгүй ажиглагдаад байгаа дээд шатны байгууллага нь эрх мэдлийг өөртөө төвлөрүүлдэг гаж тогтолцоо энд ч байна. Хэт төвлөрөл улс орны, байгууллагын хөгжлийг боомилдог нь батлагдсан зүйл шүү дээ.

Мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж олон хурал зөвлөгөөн дээр яригдсан. Гэтэл тэр хамтын ажиллагаа чинь хамгийн их хэрэгтэй эрдэм шинжилгээний байгууллагууд дээр энэ нь хангалтгүй байсаар байна. Үүнээс болоод шинжлэх ухаанч судалгаанууд практикт нэвтрэхгүй, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийгөө санхүүжүүлэн хөл дээрээ зогсож чадахгүй байдалд оржээ.

Хоёрдугаарт, хүний нөөцийн бодлого. Эцсийн дүндээ эрдэм шинжилгээний байгууллага гэж юу вэ? Эрдэмтэд л биз дээ. Гэтэл бүхэл бүтэн эрдэмтдийн үе тасарч байгаа тухай ярьж байна.

Энэ нь эргээд л нөгөө санхүүгийн байдал, эрдэмтдийн бүтээлийг үнэлэх үнэлэмж, ажлын орчин нөхцөлтэйгөө холбогдоод ирж байгаа юм. Үүнтэй холбогдуулан эхний ээлжинд төрийн эрдэм шинжилгээний байгууллагыг ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангах шаардлагатайг хэлж байсан. Энэ мэтийн олон зүйлүүд байгааг байнгын хороо, цаашлаад нэгдсэн чуулганд оруулан хэлэлцүүлэх бодолтой байна.

-Ер нь манай төр барьж байгаа эрхмүүд эрдэмтдийн үгийг тэр бүр сонсоод байдаггүй, өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн заалтыг өөрчлөх ч юм уу, тогтоол шийдвэрүүдээ гаргаад байгаа нь ажиглагддаг. Уг нь салбар салбарын эрдэмтдийн үгийг сонсож, ажилдаа хэрэгжүүлбэл, улс орны хөгжилд ч түлхэц болох болов уу?

Чингис бонд гаргаж хөрөнгө босгосныг хувьдаа дэмжиж байгаа.

- Эрдэмтдийн үгийг сонсох нь байтугай түүнд нь редакци хийгээд байдаг бололтой. Статистикийн мэдээнд итгэх боломжгүй, засвартай байгаа тухай олон удаа яригдлаа. Тэр ч байтугай эрдмийн ажлынх нь үр дүнд яамны нэг мэргэжилтэн үнэлэлт өгөөд зөв, буруу гээд сууж байгаа тухай эрдэмтэд их ярьж байсан. Ингэхээр эрдэмтэд судалгааны ажлаа, үр дүнгээ хэнд зориулж гаргах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа биз. Энэ бол байж боломгүй зүйл.

-Ерөнхийлөгчийн санаачилсан “сайд гишүүд”-ийн “давхар дээл”-ний асуудалд та ямар бодолтой явдаг вэ?

-Болохгүй байгааг өөрсдөөс нь бусад нь бүгд мэдэж байгаа. Магадгүй өөрсдөө ч мэдэрч байгаа. Нөгөө талаар Засгийн газрын тогтвортой байдал ч бас чухал. Аль аль талыг бодолцсон шийдэл гаргах хэрэгтэй, Энэ талаар намаас байр сууриа илэрхийлж байгаа тул нэмж хэлэх зүйл алга байна.

-                “Том төрөөс ухаалаг төр”-ийг бий болгоход нэн түрүүнд юу хийх ёстой вэ?

-                Төрийн данхагар бүтцийг багасагахаас эхэлнэ. Бас төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулах хэрэгтэй.

-                Ээлжит бус чуулган зарлаад ч 2014 оны төсөвт тодотгол хийх боломжгүй гэх байр суурийг зарим улс төрчид илэрхийлж байна?

-                Төсвийн тодотголын хувьд тодотгол хийхдээ чухал биш. Гол нь учир шалтгаан, мөн хэрхэн хийх арга зам. Миний бодлоор ирээдүйгээ бодвол боловсрол, эрүүл мэндийн салбарт бид бүсээ чангалмааргүй байна.

Өнөөдрийн байдлаар нэн шаардлагатай сургууль цэцэрлэгийн олон барилга тодотгол хүлээгээд эхлэхгүй байж л байгаа шүү дээ. Үүнээс болж маш их сөрөг үр дагаврууд гарч байгаа. Бүсээ чангалах хэрэгтэй бол данхагар төрөөс, хогны уутнаас, хэрэггүй бусад зардлаас хэмнэе  бүсээ чангалъя.

-                Уг нь одоо эрх барьж байгаа Шинэчлэлийн Засгийн газар өмнөх танхимуудаас харьцангуй их мөнгөтэй гэх юм билээ. Гэтэл мөнгөтэй байхад яагаад эдийн засаг хүндрээд байна вэ?

-Хөрөнгө мөнгө босгох бий болгох нь их чухал. Иймдээ ч Чингис бонд гаргаж хөрөнгө босгосныг хувьдаа дэмжиж байгаа. Харин өр зээл нь хөгжил авч ирэх ёстойгоос гадна хойч үедээ гай болохгүй тун хэмжээ нь тохирсон байх хэрэгтэй. Мөнгө босгохоосоо дутахааргүй ач холбогдолтой чухал зүйл нь зарцуулалт. Улс, компани, айл өрх, хувь хүн бүгдэд энэ хамааралтай.

Мөнгө олдог мөртлөө зугаа цэнгээн, тансаг хэрэглээ, бусад буруу хэрэглээнд зарцуулдаг хүн, айл өрх үргэлж мөнгөний асуудалтай л байна. Компани бол дампуурна, улс орон ирээдүйгээ баллана. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдрийн хувьд хотын надад толигор сайхан хотын зам тааламжтай байгаа ч үүний оронд 6000 хүүхдийг сурах сургуультай болгохыг илүүд үзнэ, ногоон хогны уутаас илүү 800 хүүхдийг цэцэрлэгт хамруулахыг илүүд үзнэ, ашиглахгүй хорооны байрыг 30 сая төгрөгөөр буулгаж байхаар 15 айлыг дулаахан гэрээр хангахыг илүүд үзнэ л гэж хэлж байгаа юм.

Авилгажсан төсвийн талаар та юу хэлэх вэ?

-                Урьд хорооны хуучин байруудыг яаж байсан гэхээр буулгаж байгаа хүн нь төрд 1,5 сая төгрөг төлөөд хорооны байрыг буулгаад хуучин байрнаас гарсан материалыг нь авдаг байсан байгаа юм. Одоо тэгтэл нийслэлээс тендер зарлаад буулгаж байгаа хүнд нь нэмээд 30 сая төгрөг өгөхөөр болгож байгаа юм. Авлигажсан төсөв гэдэг нь л энэ байх.

-                Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгаа хямралаас гаргах талаар гарц хайсаар л байна. Та эдийн засагч хүн. Эдийн засгийн хямралаас гарах ямар гарц байна гэж та харж байна вэ?
Миний хувьд Монгол хүн Монголоороо үлдэх эрх чөлөөгөө эдэлж, Монгол хүний заяамал зан чанар, ёс суртахуун, заншлаа авч үлдээрэй гэж уриалмаар байна.

-Одоогийн нөхцөл байдалд эдийн засгийн бодлого гэхээсээ илүү төрийн ой санамжийг сэргээх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн урт хугацааны бодлого бий болгох, энэ нь улс төрийн дотоод нөхцөл байдал, сонгуулийн дүнгээс хамаарахгүй хэрэгжиж байх тогтолцоог л бий болгох хэрэгтэй байна. Үүний дараа бид хөрөнгийн зах зээлээ босгох, гадны хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн төслүүдийг эрчимжүүлэх зэрэг эдийн засгийн асуудлуудаа шийдвэрлэх нь зүйтэй. Эдийн засгийн богино хугацаат арга хэмжээ ямар ч нөлөө үзүүлэхгүй, эсвэл түр зуурын л сэргэлт авч ирэхээс цааш хэтрэхгүй байна.

- Чингис, Самуурай бондыг юунд зарцуулвал илүү үр дүнгээ өгөх бол. Та энэ талаар саналаа хэлээч?

-Эдийн засгийн үр өгөөж өндөртэй, эрсдэл бага төслүүдэд нэн тэргүүнд хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Төрийн оролцоотой бид үүнийг бий болгож чадна. Байрны моргейжийн зээл нь үр ашиг бага төсөл боловч бусад эерэг нөлөөг тооцвол байж болох хувилбар юм.

Гэхдээ ийм хэмжээний өгөөж бүхий төслүүдэд бондын мөнгийг их хэмжээгээр зарцуулах нь бусад шаардлагатай нийгэм дэд бүтцийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүйд хүрэх аюултай. Иймээс ч сая Засгийн газраас төслийн уралдаан зарлаж байх шиг байна. Гэхдээ өдий хүртэл зээлийг ашиглахгүй дэмий хүү төлөн хадгалж байсан нь туйлын үрэлгэн төлөвлөлтгүй байдлын илрэл юм даа.

-Таны сэтгэлийг зовоосон эмзэглэж явдаг ямар асуудал байна, энэ нийгэмд?

-Нийгмийн ялгарал хэт ихсэж байна. Интернетийн өгүүллүүдийн доорх коммент харахад бие биенээ хэт үзэн ядсан хандлага үзэл бодлууд давамгай бичигдэж байгаа нь үүний толь болж харагдаж байна уу даа гэж бодогддог. Нийгмийн бухимдал нь асуудал төвтэй эргэлдэж байвал энэ зүй зохистой хандлага явж байна гэсэн үг. Үзэл бодол руу, яс үндэс рүү,  буруу ойлголт дээр үндэслэн нийгмийн хэсэг рүү чиглэх нь аюултай.

Үүнээс гадна мэдээж боловсрол, эрүүл мэндийн асуудал хэзээд миний санаа тавих, анхаарах асуудлын тэргүүн эгнээнд байсаар байх болно.

Та яагаад улс төрд орох болов. Улс төрд шударга, зөв хүн ажиллахад хэцүү байдаг болов уу. Ер нь шударга хүн ажил хийхэд их л хэцүү болчихоод байгаа шүү дээ, энэ нийгэмд. Та санал нийлэх үү?

-Инээв. /сурв/ Саяхан нэг сайдад төслийн зохицуулагчаас бичсэн захиа интернет дээр гаргасан байсан нь санаанд орлоо. Сэтгүүлч та нар олон янзын хүмүүстэй харьцаж дотоод бодол санааг нь гаргахын төлөө олон төрлийн арга хэрэглэдэг байлгүй дээ.

Улс төрд орсон тухайд бол хүн болгонд өөрийн ? амьдралын зорилго, зорилтууд байдаг. Тэр нь насан туршийн хадагдсан зүйл байдаггүй. Үзэл бодол, байр суурь тогтож, үр хүүхэд өсөх тусам, өөрийгөө, гэр бүлээ, хамт олон, найз нөхдөө, намайг дэмжиж байсан тэр  хүмүүсийг энэ нийгмийн салшгүй хэсэг гэж мэдрэх тусам нөгөө амин хувиа бодсон зорилго нь илүү нийгмийн төлөөх зорилго болон хувирдаг бололтой. Энэ зорилгын I өөрчлөлт л намайг улс төрд хөтөлсөн болов уу гэж I бодож байна. Энэ нь нэг өдөр л улс төрд орлоо гээл ордог асуудал биш, их алсуур аажим болсон зүйл.

Харин шударга, зөв хүн гэдэг тухайн цаг, тухайн нийгэм, эрх ашгийн үнэлэмж байх нь бий. Энэ үүрэгт ажлаа би өөрийн үнэлэмжээр хамгийн зөв, шударга гэсэн бодлоороо л хийнэ. Энэ нь нийт иргэдийн маань нийтлэг зөв, шударга гэсэн үнэлэмжтэй нийцэх болов уу гэж бодож байна. Учир нь би иргэдийн тодорхой хэмжээний үзэл бодлыг илэрхийлэгч болж саналыг нь авч сонгогдсон хүн шүү дээ. Дараагийн асуултын хувьд хаа ч янз бүрийн л хүн байдаг шиг улс төрд хүний бүх төрөл, зан чанарууд байгаа. Бүгдийг шударга зөв, эсвэл хуурамч худалч гэж туйлширч болохгүй байх. Ингэвэл миний дээр хэлсэн хагарал, үл ойлголцлын галыг л өрдөнө.

-УИХ-ын гишүүд зав чөлөө багатай байдаг. Зав гарвал чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Олон ажил хариуцаж байгаа учир зав зай ер нь тааруухан л байх юм. Гэхдээ гэр бүлээрээ спортоор хичээллэх цаг заавал гаргаж байгаа. Уг нь Монголынхоо түүхийг нилээн их судалж, түүхийн ном их уншдаг байсан одоо арай багассан боловч бүрмөсөн хаялгүй бага сага юм судалж л байна. Түүхтэй холбоотой Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан гавъяатай эрхмүүдийн хөрөг зураг нилээдийг бүтээлгэсэн шүү.

-                Энэ их ажлыг нугалж явахад яах аргагүй гэр бүл хамгийн их түшиг болдог. Энэ ялдамд та гэр бүлийн хүнийхээ сайхан чанарыг хэлээч?

Ийм сайн, сайхан бүсгүй миний хань болж, намайг 2 сайхан хүүгийн эцэг болгоод өдий зэрэгтэй явахад нь минь түшиж тулж явж байгаад би маш их бахархдаг. Хамтдаа олон жил болох тусам ханиасаа урьд анзаарч байгаагүй олон сайхан чанаруудыг нь шинээр нээгээд байдаг^ юм байна. Хамгийн сүүлд гэхэд манай хүн урлагийн мэдрэмжээс гадна хүнийг таних, хүнтэй харилцах тал дээр намайг дагуулахгүй мэдрэмжтэйг нь би бас анзаарсан шүү.

-                Таны хэлэх дуртай үг?

Эзэн хичээвэл заяа хичээнэ”  Зорьсон зорилготой түүндээ тууштай, дайчин байгаарай гэж хүүхдүүддээ захиж хэлдэг юм.

- Манай сэтгүүлээр дамжуулан иргэд сонгогчдоо сайхан зүйлд уриалан дуудсан Таны үгээр энэхүү ярилцлагаа өндөрлье.

Баярлалаа. Ярилцлагын сэдвээс арай өөр зүйлийг би уриалж хэлмээр байна. Бид 23 жил хүний эрх, эрх чөлөө ардчилал гэж ярилаа. Миний хувьд Монгол хүн Монголоороо үлдэх эрх чөлөөгөө эдэлж, Монгол хүний заяамал зан чанар, ёс суртахуун, заншлаа авч үлдээрэй гэж уриалмаар байна. Хэрэв Монгол хэл, соёл, түүхээ гүн гүнзгий судлаад шинжлээд байж чадахгүй байлаа гэхэд гадны аль нэг орны соёлд хэт автахаас хүн бүр дор дороо сэргийлээрэй. Бид цөөхүүлээ учир гадны соёлын нэг том давалгаа үүсэхэд бид бүхлээрээ автах аюул ойрхон байдаг нь анзаарагдаж байна. Үүнээс сэргийлж л чадвал

нэгэнт та бүхний дотор олон олон жил хадгалагдаж ирсэн үндэсний онцлог шинжүүд улам дархлаажин удамшин уламжлагдаж чадна. Энэ нь Монгол хүний ген бусдынхаас илүү гэдэг агуулгаар бус агуу түүхт улсын хувьд өөрийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үзэж, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тухайд хэлж байгаа юм.

- Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.