Д.Батцогт гишүүн намрын чуулганаас хойш хийсэн ажлаа тайлагнав
НББСШУ-ны байнгын хороо УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар намрын чуулганаар хэлэлцсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг сурталчлах, хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгүүд төлөвлөгөөний дагуу ажиллажээ.
Энэ хугацаанд тус байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа иргэний эрүүл мэндийн тухай, соёлын өвийг хамгаалах тухай, хамтын тэтгэврийн тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
УИХ-ын НББСШУБХ-ны дарга Д.Батцогт: “Шинжлэх ухааны байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлууд, цаашид авах арга хэмжээний талаар академичидтэй санал солилцож, газар дээр нь олон эрдэмтэн, докторуудтай уулзсан. Нөгөө ажлын хэсэг нь эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг засгийн газраас өргөн барих гэж байгаа. Үүнтэй холбогдуулж бид эмийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар хэлэлцүүлгийг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд зохион байгуулсан. Энэ хүрээнд Сарангэрэл, С.Ганбаатар зэрэг гишүүдтэй хамт эмийн үйлдвэрүүдээр орж ажилласан.”