УИХ баталсан хуулиа зөрчихөөр шийдсэн бололтой
УИХ баталсан хуулиа зөрчихөөр шийдсэн бололтой
2014.03.25

УИХ баталсан хуулиа зөрчихөөр шийдсэн бололтой

Гишүүд өөрсдөө “УИХ-ын тогтоол бол хууль” гэж ярьдаг. Ээлжит бус чуулганыг 31-нд хуралдуулна гэдэг нь хуулиа зөрчихгүй гэсэн санаа бололтой. Гэвч сүүлийн үед ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй байхаар намын бүлгүүд тохиролцсон тухай мэдээлэл гарах боллоо.

Өнгөрсөн долоо хоногт “Ээлжит бус чуулган хуралдъя гэхээр Засгийн газар төсвийн тодотголоо өргөн барихгүй байгаа юм биш үү” гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Намын бүлгүүд ярилцаад чуулганыг хугацаанд нь хийе гэсэн байна билээ.  Түүнээс засаг хойшлуулаагүй. Угаасаа төсвийн асуудлыг аудит, УИХ хянаж байгаа шүү дээ. Түүнээс Засгийн газар биш” гэсэн юм. Намын бүлгүүд юу гэж ярилцсан талаар АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа  МАН- ын бүлгийн дарга С.Бямбацогт  нараас тодрууллаа.

С.Одонтуяа: Төсвийн тодотголыг нэг мөсөн ээлжит чуулганаар хэлэлцэнэ.

-Ээлжит бус чуулганыг хуралдуулж төсвийн тодотгол хийхээ больё гэж намын бүлгүүд ярилцсан юм уу?

-Төсвийн тодотголыг ээлжит чуулганаар хэлэлцье гэж ярилцсан. Гэхдээ бүлэг албан ёсоор хуралдаж шийдвэрээ гаргаагүй. Гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа учраас бүлэг хуралдах боломжгүй байна.

-Та гишүүнийхээ хувьд ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэдгийг дэмжиж байгаа юу?

-Би хувь гишүүнийхээ хувьд царцаасан төслүүдийг аль болох хурдан хэлэлцэх хэрэгтэй гэсэн бодолтой байна. Гэвч олон гишүүн хөдөө орон нутагт, тойрогтоо ажиллаж байгаа учраас нэгмөсөн ээлжит чуулганаараа хэлэлцье гэсэн санал намын бүлгүүдээс гарсан.

-Ээлжит бус чуулганыг хуралдуулаагүй тохиолдолд царцаасан төслүүдийг эхний улиралд багтаан хэлэлцэнэ гэсэн 63 дугаар тогтоолын заалтаа УИХ зөрчих юм биш үү?

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна.

 С.Бямбацогт: Ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй байх талаар ярилцсан юм.

Намын бүлгүүд ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж тохиролцсон юм уу?

-Ерөнхийдөө тэгж ярилцсан.

-Тэгэхээр ээлжит бус чуулган хуралдахгүй гэсэн үг үү?

-Албан ёсоор тэгж шийдээгүй байна. Түүнээс өмнө ярилцаж, тохиролцох асуудал олон байна.

Ерөнхий сайд болон УИХ дахь АН, МАН-ын бүлгийн байр сууриар бол ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ баталсан тогтоолоо зөрчихөөр шийдсэн бололтой. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн байр суурийг сонсох гэсэн боловч тус бүлгийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолттой байлаа. Гэхдээ эрх баригч, болон сөрөг хүчин бүлэг ойлголцолд хүрчихвэл тус бүлгийн байр суурийг үл харгалзан ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй байх боломжтой юм.