УИХ-ын гишүүн С.Ганбаатар ШУА-ийн зарим хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцав
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.03.06

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ШУА-ийн зарим хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцав

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг үе шаттайгаар шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ.

Өнөөдөр тус байнгын хорооны гишүүн С.Ганбаатар Үндэсний хөгжлийн хүрээлэн болон Палеонтологийн төвийн лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, залуу эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын төлөөлөлтэй уулзан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд ШУА-ийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Дараа нь С.Ганбаатар гишүүн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын  өмнө тулгамдаж байгаа асуудлын  талаар тэдний үгийг сонсож, харилцан санал солилцсон юм.

ШУА-ийн Палеонтологийн төвийн лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, олон зуун жилийн өмнө олдсон олдворуудын хадгалалт, хамгаалалт хэрхэн байгааг үзэж сонирхсон юм.

Тэрээр ШУ-ны байгууллагуудын ажилтнуудын дийлэнх нь цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн санал тавьдаг тухай дурдаад энэ асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. Ингэхийн тулд хүрээлэнгийнхээ статусыг дээшлүүлж, Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулахад та бүхний хийсэн судалгаа зөвлөмжид тулгуурладаг болох  хэрэгтэй гэсэн  саналыг хэлээд, бид үүнд хамтран ажиллана гэлээ.

Үүний дараа ШУА-ийн Палеонтологийн төвийн лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, олон зуун жилийн өмнө олдсон олдворуудын хадгалалт, хамгаалалт хэрхэн байгааг үзэж сонирхсон юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ШУ-ны байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан энэ салбарт ямар шинэчлэл хийх хэрэгтэй байгаа, ямар асуудал тулгамдаад байгаа, төсвөөр юу шийдүүлэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой зэрэг чухал саналуудаа нэгтгээд энэ сарын 20-н гэхэд УИХ-ын НББСШУБХ-д өгөх үүрэг даалгавар өглөө.