УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зарим гишүүд ШУА-ийн хүрээлэнтэй танилцав.
2014.02.07

НББСШУБХ-ны зарим гишүүд ШУА-ийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр / 2014.02.06 / ШУА-ийн Физик-технологийн хүрээлэн, Хими-технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудтай санал солилцлоо.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Сумъяабазар, Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар нар оролцож шинжлэх ухаан, технологийн салбарын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэрхэн дээшлүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн захирал, академич Б.Чадраа хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрээр танилцуулгадаа, Монгол орны салхины болон нарны эрчим хүчний нөөцийг тогтоох суурь судалгааг олон арван жил хийж, томоохон суурь бүтээлүүдийг гадаадын эрдэмтэдтэй хамтран хэвлүүлж байгааг дурдаад, эдгээр суурь бүтээлүүдийг хэвлүүлснээр Монгол оронд нар, салхины эрчим хүчийг ашиглах шинжлэх ухааны үндэслэл бүрдэж, үр дүн нь үйлдвэр практикт нэвтэрч эхлээд байгааг онцоллоо.

Түүнчлэн физикийн суурь судалгааг явуулах цомхон чадварлаг, гадаадад үнэлэгддэг хамт олонтой болох, физикийн орчин үеийн технологийг судалж нэвтрүүлэх, үүнийг хэрэгжүүлэх чадварлаг залуусаар бүрдсэн хэд хэдэн баг бий болгох зорилготой ажиллаж байгааг хэлсэн.

Ийнхүү энэ удаа гурван хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид улсын төсвөөс санхүүждэг Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.