Төмөртэйн төмрийн хүдрийн нөөцийг 300 сая тоннд хүргэх бололцоотой
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.01.27

Төмөртэйн төмрийн хүдрийн нөөцийг 300 сая тоннд хүргэх бололцоотой

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар С.Ганбаатар гишүүний асуулгад Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариуллаа.

Асуулга 1: Төмөрлөгийн үйлдвэрлэл, төмөрлөгийн хөгжил манай оронд ямар шатандаа явж байгаа вэ?

Хариулт: Ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол 2012 онд 90 орчим хувь болж өсчээ. 2000 оны эхээр төмрийн хүдэр, баяжмалыг экспортолдоггүй байсан. 2012 онд төмрийн хүдрийн экспорт 6.4 сая тонн болж, Монгол Улсын экспортын гуравдагч томоохон бүтээгдэхүүнд тооцогдож байна. Улсын хэмжээнд нийт 38 ААН-д төмрийн хүдрийн орд ашиглах тусгай зөвшөөрөл олгосон. Эдгээрэс 24 аААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолоор төмрийн хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг баталсан. 2013.04.01-ний өдрийн байдлаар төмрийн хүдрийн экспортлох гэрээний үнэ дунджаар 58.0 ам.доллар байсан. Нойтон баяжмал үйлдвэрлэснээр 124.0 ам.доллар, хорголжин төмөр үйлдвэрлэснээр 165.0 ам.доллар болж, үнэ өсөх боломжтой болж байна.

Асуулга 2: Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн байдал?

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь жилд 100.0 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ хаягдал төмрийн олдцоос шалтгаалан хүчин чадлынхаа 50-60 хувийг ашиглаж ирсэн байна. Тус үйлдвэр 2009 онд 3.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2012 онд 6.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь Төмөртолгой, Төмөртэй, Хуст уулын төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн шинээр уурхай нээх, төмөрлөгийн үйлдвэрлэлийг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.

Манай улсын хамгийн том төмрийн хүдрийн орд болох Төмөртэйн төмрийн хүдрийн орд нь 229.3 сая тонны нөөцтэй гэж тогтоогдсон. 2007 онд стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Төмөртэйн төмрийн хүдрийн нөөцийг 300 сая тоннд хүргэх бололцоотой гэж үзэж байна. Агуулга багатай төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулснаар борлуулалтын үнэ тонн тутамд 40-45 ам.доллараар нэмэгдэх боломж бүрдэнэ. Дархан, Сэлэнгийн орчмын гурван том орд нь эдийн засгийн өндөр үр ашигтай бөгөөд Монгол Улс 40-50 жил ашиглах боломжтой.

Ийнхүү асуулгад хариулсны дараа гишүүд асуулт асууж, хариултаа авав. Чуулганы хуралдаан хэсэг завсарласны дараа одоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлж байна.