Алтнаас гадна экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ахны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ хуулийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, санал дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа. Тодруулбал, байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэхээр санал гаргасан байна. Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Ц.Даваасүрэн “Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлт нь Монголбанк арилжааны банкинд бие бусаар тушаавал хөнгөлөлт үзүүлнэ гэсэн нь "Оюутолгой"-г татвараас чөлөөлөх гэж байна гэсэн санааг цухалзаад байна. Тиймээс үндсэн ордын алт тушаахад энэ заалт хэрэггүй байгаа юм. Гадны хөрөнгө оруулалттай компаниуд энэ лобби хийгээд байна уу гэсэн хардлага яваад байна л даа.
Нөөц нь тодорхой байхад хөнгөлнө гэдгийг Монголын төр хэлэлцэж байгаа нь утгагүй зүйл. Яагаад хэлэлцээд байгаа юм бэ” гэсэн асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Засгийн газраас өргөн барьсан хуулийг УИХ-аас хэлэлцдэг. Үүний дагуу хэлэлцэж байгаа” гэлээ.
Мөн ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат “Биет бус, биет алт гэдгийг хууль санаачлагчаас оруулж ирснийг ажлын хэсгээс хассан. Монголбанкнаас зөвшөөрөл өгсөн банкинд алтаа тушаавал татвар нь 2,5 хувь гэдгээрээ байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжсэн зүйл байхгүй. Хөрөнгө оруулалтын тухай хууль гаргасан нь гадны хөрөнгө оруулагчдыг ялгаварлах хэрэггүй гэж баталсан. Улс орон алттай байх юм бол эдийн засгийн хөгжил сайжирна гэж үзэж байгаа юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хууль батлагдвал хоёр тэрбум доллараар валютын нөөц нэмэгдэнэ гэсэн байна. Энэ баталгаатай юу. Валютын нөөцийг нэмэгдүүлнэ гээд хийсэн ажил нь урагшлахгүй байгаа юм” гэсэн асуултад Б.Гарамгайбаатар “Засгийн газраас энэ хуулийг өргөн барьсан. Бидэнд өгсөн мэрэгжлийн байгууллагуудын судалгаагаар энэ хуулийг гаргаснаар алтаа Монголбанкинд хадгалах нь нэмэгдэнэ гэдгийг баталгаатай хэлж байгаа юм.
Энэ хуулийг гаргаснаар алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх компани Монголбанкинд тушаана гэдгийг Засгийн газар ч , мэргэжлийн хүмүүс ч хэлж байгаа” гэсэн хариултыг өгсөн юм. Энэ хууль батлагдсанаар “Оюутолгой” ХХК-ийг огт хамаагүй юу гэсэн Ө.Энхтүвшин гишүүн тодруулахад ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат “Гадны орны туршлагад үндэслэн энэ хуулийг санаачилсан. “Оюутолгой” ХХК орохгүйгээр 20 гаруй мянган тонн алтны нөөц бүрдүүлэх боломжтой болж байгаа юм. Алттай болсноор төгрөг чангарч, худалдан авах чадвар сайжирна. Үүний үр дүнг Монголын ард түмэн хүртэнэ” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг. Энэ алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад таван жилд таван хувиар хөнгөлсөн. Улс их хохирч, орлогогүй болсон. Ер нь энэ алтны асуудлаар байнгын хороо нухацтай дүгнэлт хийсэн үү. Алтны асуудалд хөнгөн хандаж болохгүй. Мөн Алтанд хяналт тавихад хамгийн амархан зүйл гэж би боддог. Нөөц нь тогтоогдсон бол хэдийг олборлосноос татвараа аваад явах боломжтой байхад яагаад энэ хуульд тусгаж өгөөгүй вэ. Валютын нөөц бүрдүүлэхэд алт нөлөөлнө.
Гэхдээ байгалиа хохироож, экспортыг нэмэгдүүлэх олон аргыг хэрэглэхгүй, зөвхөн алт гээд сонирхоод байгаа нь хэр зүйтэй вэ. Алтыг хамгийн бага тушаасан гэх жилүүдэд 2008-2012 онд гадаад валютын нөөц 2,7-3 их наяд болгосон. Нэг хэсэг бүлгийг татвараас чөлөөлөх гэж байгаа юм шиг харагдаж байна. Үүний оронд алт тушаасанд нь урамшуулал олгож болохгүй юм уу” гэсэн асуултад
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Алтанд байнгын хороо ажын хэсэг гаргаж, судалгаа хийсэн. Алт хөтөлбөр нь алт олборлох үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлж байсан. Тиймээс тушаалтад нь дэмжлэг үзүүлдэггүй байсан юм билээ. Энэ хууль бол алт олборлогчдод алтаа Монголдоо тушаах боломжийг олгож байгаа юм. Алт бол Монголбанк хэдий хэмжээний нөөцтэй байх тусмаа Монгол Улсын нэр хүнд өснө.
Алтаар барьцаалж, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой. 2008-2012 оны үед валютын нөөц өндөр байсан нь гадаадын хөрөнгө оруулалт маш ихээр орж ирж байсны хүчинд Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн. 2012 оноос гадаадын хөрөнгө оруулалт буурснаас болж валютын нөөц буурч эхэлсэн. Алт тушааснаар урамшуулал олгож болох уу гэж байна. Татварын хөнгөлөлт нь өөрөө урамшуулалт болж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Энэ бол алтанд маш их хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх төсөл явж байна. Өмнө нь бид АН-ыг цөөнхийн бүлэг байхад би та бүхэнтэй нэгдэж хувь хишгийг ард түмэнд тэгш хувиарлах гээд яриад явж байсан. Гэтэл өнөөдөр эрх баригч болсныхоо дараа алтыг татвараас чөлөөлөөд, заримыг нь тэглээд явж байна. Алтны лоббид автаж байгааг бид харж байна. Өмнө авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа үр дүнд хүрсэнгүй, үүнийг засч залруулая гэж байхад эрх баригч болсноороо өөрчлөөд эхэллээ. Байнгын хороо үүнийг судалсан уу”
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Энэ асуудлыг гишүүд өөр өөр өнцөгөөс тайлдбарлаж байна. Монгол Улсын хөгжилтэй холбоотой асуудал учраас хэлэлцэж байна. Өмнөх Засгийн газрын үед Алт хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнгүй болсон. Тиймээс тэр үед хариуцаж байсан хүмүүст яагаад хариуцлага тооцоогүй юм бэ гэдгийг би ч гэсэн асуумаар байна. Хууль гараад үр дүн өгөөгүй бол бид түүнийг засч, залруулах ёстой. Тиймээс л энэ хуулийг өөрчлөн оруулж ирж байгаа юм” гэлээ.