Валютын нөөц хоёр тэрбум доллараар нэмэгдэнэ
УИХ-ын чуулганы хуралдаан
2014.01.23

Валютын нөөц хоёр тэрбум доллараар нэмэгдэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд гишүүдийн асуулт, хариулт үргэлжиллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Гурван жилийн өмнө алтны татварыг өөрчилсөн, одоо дахиад өөрчлөх гэж байна. Өмнө нь  засгийн газраас өргөн барьсан Алтны ил тод байдлын тухай хууль чуулганаар унасан . Гэтэл одоо зүсийг нь өөрчлөөд оруулаад ирлээ. Ашигт малтмалын хуулиуд дээр Монгол Улс дархлаа сул байна. Уул уурхайн яам гишүүдэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.

Сүүлийн үед томоохон улс орнууд алт нөөцөл байгаа гэж яриад байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд харин ч алт нөөцлөхөө больж байгаа. Ингэж байгаа нь хардлага төрүүлж байна” гэсэн асуултад

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг олон ярьсан. Алтны нөөцийг зайлшгүй байлгах шаардлагатай гэсэн үүднээс энэ хуулийг оруулж ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дараа нь орж ирсэн. Алтны ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэж байх үед их олон ярьсан. Хуучин алдаатай хийсэн зүйлээ засч, залруулах нь зүйтэй гэсэн үүднээс энэ хуулийг оруулж ирсэн гэж бодож байна” гэсэн тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монголын алт Монголбанкинд тушаагдах ёстой. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын лобби явж байна гэж яриад байна.  Энэ бол буруу.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

Хэсэг бүлэг хүмүүс Монголын алтыг ухаж аваад гараад явдаг тохиолдол олон байна. Тиймээс энэ хуулиар Монголбанкны алтны нөөцийг бүрдүүлэх боломж бүрдэж байна. Тиймээс хуулийн төслийг дэмжиж байна. 

Биет ба биет бус алт  гэдгийг тодруулж өгөөч” гэсэн асуултад  ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат “Эдийн засаг хүнд байна. Дэлхийн эдийн засаг ч хүндрээд байна. Өнөөдрийн байгаа байдлаар тааруулж ажиллаж ёстой. Доллар 1700 гарчихсан, алт нь далд байдалд орсон энэ байдлыг удаан хугацаагаар үргэлжлүүлж болохгүй. Энэ хууль батлагдсаны маргаашнаас эхлэн долларын ханш буурч эхэлнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Энэ хуулийн ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин бодлогын хувьд савлаж байна. Асуудлыг шийдэхийн тулд тооцоо, судалгаан дээр суурилсан нь дээр. Хууль батлагдсанаар хоёр тэрбум долларын ашиг олно гэсэн баталгаатай юу. Мөн "Оюутолгой"-д энэ хууль үйлчлэх үү” Б.Гарамгайбаатар “МАн-ын бүлэг дэмжиж байгаад талархаж байна. Энэ хууль эдийн засагт ач холбогдолтой хууль юм. “Оюутолгой” ХХК энэ хуульд хамаагүй бөгөөд бусад компаниудад дэмжлэг үзүүлж, Монголбанкинд тушаалгахаар тусгасан” гэлээ.

Гишүүд асуулт, асууж дууссаны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй дэмжигдсэн таван санал, дэмжигдээгүй хоёр  санал тус бүрээр санал хурааж, хуулийн төслийг Эцсийн хэлэлцүүлэгт бүлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг чуулганы хуралдаанаар дэмжлээ.