Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай хууль зүйн байнгын хорооны танилцуулга
2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот
Илтгэгч: Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын нэр бүхий гишүүдээс 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцүүлэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг хийсэн эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн болно.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, хуулийн төслүүдийн эцсийн хувилбарын төсөл, саналын томьёоллыг Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.