“Монгол Улсад авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцэж байна
Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооноос хамтран зохион байгуулж буй “Монгол Улсад авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үндэсний чуулган Төрийн ордонд боллоо.
УИХ-ын гишүүн, Авлигын эсрэг “Монпак” бүлгийн ахлагч Р.Бурмаа чуулганыг нээж хэлсэн үгэндээ манай улсад авлигын эсрэг үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа хэдий ч цаашид авч хэрэгжүүлэх ажил шил шилээ даран хүлээж байгааг онцолсон. Тэрбээр, “Манай улс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж, 2010 оныг дуустал хэрэгжүүлсэн.
2005 онд Авлигатай тэмцэх тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, 2006 онд Авлигын эсрэг хуулийг батлан гаргасан. Авлигатай тэмцэх хөтөлбөрийг улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа, олон ч ажлууд хийгдэх болно.
Өнгөрсөн онд УИХ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг шинэчлэн баталж, өчигдөрхөн Хууль зүйн байнгын хороо Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Авлигын эсрэг үйл ажиллагаа эрчимтэй явж байна. Цаашид ч үргэлжлүүлэхэд өнөөдрийн та бидний зохион байгуулж буй чуулган, түүнээс гарах зөвлөмж үр дүнгээ өгнө гэж найдаж байна” гэлээ.
Үндэсний хөтөлбөрийг боловсруулах хүрээнд нийтдээ төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалтууд, олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж 4000 гаруй саналыг авч нэгтгэсэн байна.