Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.12.19/ өргөн барилаа.
2014.03.07

Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн  Ш.Түвдэндорж болон нэр бүхий гишүүд Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.12.19/ өргөн барилаа.

  Авлигатай тэмцэх газар нь орон нутагт бүтцийн салбар нэгжгүй байгууллага. Хөдөө орон нутагт авлигын эсрэг үйл ажиллагааг тодорхой бодлого төлөвлөгөөтэй явуулах, ялангуяа орон нутгийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхижүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа боловч хүний нөөц, санхүүгийн  боломжоос шалтгаалан аймаг сумдад хүрч ажиллахад хүндрэл бэрхшээл гарч байгаа талаар төсөл санаачлагч тайлбарлаад Авлигатай тэмцэх байгууллагын салбар, нэгжийг орон нутагт байгуулахтай холбогдуулан Авлигатай тэмцэх газрыг Авлигатай тэмцэх ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгасан тухай дуулгалаа.

  Бусад олон улсын жишгээс харахад Авлигатай тэмцэх байгууллага нь олон нийтийн хяналтын зөвлөлтэй, орон нутагтаа салбар, нэгжтэйгээр,  ихэвчлэн “хороо”–ны зохион байгуулалттай ажилладаг байна.  Харин манай улсын тухайд  гол төлөв хороо, зөвлөлийн зохион байгуулалттай байна гэдгийг ч хэлсэн. Мөн хоёр хөрш орныг оролцуулан Азийн 18 улсын Авлигатай тэмцэх байгууллагын нэр, зохион байгуулалтын бүтцийг судалж үзэхэд хороо 8, товчоо 4, агентлаг 3, Үндэсний газар, алба, зөвлөл тус бүр нэг байгааг дурдлаа.

Төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид  нэгдэн орж,  2006 онд Авлигын эсрэг хуулийг батлан, Авлигатай тэмцэх газрыг байгуулан ажиллуулснаас хойшх 6 жилийн хугацаанд хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой алхам хийгдэж, ахиц дэвшил гарсан байна. Тухайлбал, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн үзэл баримтлалд үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулиуд батлагдсан нь авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын аливаа эрсдлээс хамгаалахад түүхэн үүрэг гүйцэтгэх зохицуулалт хийгдсэн гэж хэлж болох юм.

Улсын Их Хурлаас 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 8 жилийн хугацаатай батлан хэрэгжүүлсэн. Одоо үндэсний хэмжээнд мөрдөх авлигатай тэмцэх үндэсний стратегийн төслийг боловруулж байгаатай холбогдуулан хөтөлбөрийг Улсын Их Хурлаас баталж мөрдүүлэх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн түүнийг хэрэгжүүлдэг, биелэлтээ тайлагнадаг байхаар суурь хууль болох Авлигын эсрэг хуульд нэмж оруулна. 

Түүнчлэн Авлигатай тэмцэх байгууллагаас иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, аливаа  дайчилгаа, баривчилгааны үед ажилтнууд энгийн хувцастай, ялгах тэмдэггүйн улмаас олон нийт аль байгууллагын ямар ажилтан болохыг ялгаж танихгүй нөхцөл байдал үүсч,  улмаар багагүй хүндрэл гарч байсан байна.

Авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудын дийлэнх олонхийг цэргийн болон цэрэгжсэн байгууллагаас сонгон авч  ажиллуулж байгаа бөгөөд  хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд хүнд нөхцөлд ажилладаг учир тэдний өндөр насны тэтгэвэрт гарах насны хязгаарыг бусад байгууллагын төрийн тусгай албан хаагчдын нэгэн адил буюу авлигатай тэмцэх байгууллагад ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаатай дүйцүүлэн тооцдог байхаар хуулийн төсөлд тусгана.

Үүнтэй уялдуулан өөрийн орны болон  олон улсын ижил төстэй байгууллагуудын жишиг, албаны онцлог, Засгийн газрын санал, дүгнэлт, албан хаагчдын нийтлэг эрх ашигт нийцүүлэн Авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамааруулахаар хуулийн төсөл боловсруулна.

Мөн ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан Авлигатай тэмцэх байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэдэг байхаар хуулийн төсөлд тусгана.

Авлигын эсрэг хуульд заасны дагуу төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэх, мэдээллийг нээлттэй болгох, үйл ажиллагаагаа нээлттэй байлгах, төрийн албан хаагчид ёс зүйн дүрмээ сахин биелүүлэх зэрэг чиглэлээр төрийн болон бусад байгууллагуудад хандан зөвлөмж өгч ажилладаг. Мөн уг хуульд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар хүлээх үүргийг тусгайлан заасан байдаг.

Гэвч энэхүү үүргээ биелүүлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагууд идэвх санаачилга гаргадаггүй, үүргээ биелүүлдэггүй, Авлигатай тэмцэх байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй, хэрэгжилтэд нь ач холбогдол өгдөггүй зэрэг дутагдал гарч байна. Иймд Авлигатай тэмцэх газраас дээрх чиглэлээр өгсөн зөвлөмж, хууль ёсны шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж биелүүлэх үүрэгтэй байхаар эрх зүйн зохицуулалт хийх  шаардлагатай байна.

Мэдүүлэг гаргагч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэх талаар зааж өгсөн боловч түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх талаар тусгайлан зааж өгөөгүй байдаг. Иймд Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг өөрөө үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байхаар өөрчлөх нь зүйтэй.

Хөрөнгө, орлогын мэдүүлэгч гаргагч хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон бол 30 хоногийн дотор мэдүүлэхээр заасан зохицуулалтад зарим өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал, мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогоо мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлж байхаар өөрчилнө.

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг өөр өөрөөр заасан нь эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхэд зарим талаар хүндрэл учруулж байна. Иймд энэхүү ялгаа, зөрүүг арилгах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтад Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь 55 нас хүрсэн байх шаардлагыг хангахаар хуульчилсныг 45 нас болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгана. Төрийн алба хаших насны дээд хязгаар эрэгтэй 60, эмэгтэй 55 байхаар хуулиар тогтоосон боловч уг байгууллагын даргад нэр дэвшигч 55 нас заавал хүрсэн байх нь эмэгтэй хүн Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвших эрхийг хязгаарласан, жендерийн тэгш байдлыг хангахын эсрэг зохицуулалт болжээ. Түүнчлэн уг байгууллагын даргыг 6 жилээр томилон, нэг удаа улируулан томилох боломжтой. Хэрэв 55 настай хүнийг тус байгууллагын даргаар томилоод улируулан ажиллуулахад тэрээр 67 настай болж төрийн алба хаших насны дээд хязгаарыг давж байгааг харгалзан үзэх шаардлагатай юм.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гарах үр дагавар

Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар ямар нэг сөрөг үр дагавар үүсэхгүй. Харин Авлигын эсрэг хууль тогтоомж боловсронгуй болж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй, хэвийн явуулах боломжтой болно.

Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомж

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай