Eagle телевизийн "Бадарчийн Жаргалмаа" ярилцлага
2014.01.24

Өөрийгөө би улс төрд орсноор эвдэрсэн гэж бодохгүй байна

Eagle телевизийн "Бадарчийн Жаргалмаа" ярилцлагын энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар оролцлоо.

Улс төрийг бохир тоглоом гэж ярьдаг. УИХ-д зөв хүн байх хэцүү юу?

Энэ бол том философийн асуудал. Хүн хаана ч байсан өссөн орчин нь байнгад нөлөөлдөг. Тухайлбал жинхэнэ япон хүн 5-7 насандаа төлөвшдөг. Хүүхдийг хүмүүжүүлснээрээ дунд сургуулийн багш нар дээд сургуулийн багшаас хоёр дахин илүү цалин авдаг байх жишээтэй. Хүн болох багаасаа гэж ярьдаг нь ч үүнтэй холбоотой. Түүнчлэн боловсролын орчин, хамт олон нь хүний хүмүүжилд нөлөөлдөг.

Би өөрийгөө улс төрд ороод эвдэрч буруу хүн болсон гэж бодохгүй л байна.

Хуулиудын хэлэлцүүлэгт хэр идэвхтэй оролцож, хуралдаа хэр сууж байна вэ?

Шинэ хүний хувьд Монгол улсын их хурал гэдэг бол маш өндөр хариуцлагатай ажлын орон зай. Учир нь бүх гишүүд ард түмний төлөөлөл байдаг. Миний хувьд сайныг нь дэмжиж, саарыг нь эсэргүүцэж явдаг. Бодит байдлаас харахад алдаг оног хуралдаа ирдэг гишүүд ч байна, идэвхтэй нь ч байна. Эцсийн эцэст хүнээсээ л шалтгаална.

Ирцийг бүрдүүлэхийн тулд УИХ-ын дарга хурууны хээгээр бүртгэх гэж үзсэн. Гэтэл МАН эсэргүүцсэн. Та энэ тухай юу хэлэх вэ?

Эсэргүүцсэн учир гэвэл гишүүд ийш тийшээ томилолтоор явдаг. Тэгэхээр ажлаа хийж байж чуулган тасалдаг болж таарах гээд байсан юм. Би ч бас нэг удаа сарын хугацаагаар тасалсан. Гэхдээ энэ нь намын их хуралд бэлтгээд завгүй байсантай холбоотой. Энэ хугацаанд чуулганы танхимд огт суугаагүйдээ хүлцэл өчиж байна. Гэхдээ би хотын хэмжээнд тулгараад буй олон асуудлыг мэдэж авсан. Сарын хугацаанд нийслэлийн дүүргүүдээр явж хүмүүстэй уулзсан.

Төсөв баталснаас хойш УИХ-ын ирц буурсныг хүн болгон мэдэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч их шүүмжилсэн. Үүнээс гишүүд нэгийг бодож хоёрыг тунгаасан гэж бодож байна. УИХ-ын гишүүн хүн ёс суртахууны дээд зэргийн төлөвшилтэй байх ёстой. Тиймээс гишүүдийн ирцийг компаний ажилчидтай адилаар хурууны хээгээр бүртгэхийг би хувьдаа буруу гэж үзэж байна. Энэ бол цэвэр гишүүдийн ухамсарын асуудал.

Гэхдээ хуралдаа ирэхгүй бол болохгүй гэдэг дохиог та авсан уу?

Авалгүй яахав. Сар тасалсан юм чинь.

Тасалсан хугацаандаа цалингаа авсан уу?

Карт руу хийдэг учраас сайн мэдэхгүй. Тодруулах хэрэгтэй юм байна.

Та хотыг дахин төлөвлөх ажлын хэсэгт орсон. Ажлын хэсэг юу төлөвлөж байна вэ?

Би ажлын хэсэгт хараахан ороогүй байна. Харин намаас томилсон ажлын хэсэгт багтсан. Энэ ажлын хүрээнд Хотын эрх зүйн байдлын тухай хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль гээд олон хууль хөндөгдөнө. Тиймээс сайн бодолцож байж нухацтай хандах хэрэгтэй.