Гаднаас зээл авч томоохон бүтээн байгуулалтуудаа санхүүжүүлэхгүй бол Монгол Улсын хөгжил удааширна
УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.02.24

Гаднаас зээл авч томоохон бүтээн байгуулалтуудаа санхүүжүүлэхгүй бол Монгол Улсын хөгжил удааширна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй уулзаж 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынх нь талаар сонирхон ярилцлаа.

Саяхан л олимпийн Сочи хотоос ТВ-5 телевизээр монголчууддаа мэндчилгээ илгээж зогссон Ц.Даваасүрэн дарга “УИХ-ын хаврын чуулганы бэлтгэл ажил эхэлчихсэн” гэсээр амьсгаа өндөртэй явна.

-2013 оны УИХ-ын намрын чуулганы үеэр бусад байнгын хороодыг бодвол Төсвийн байнгын хороо арай л ажил ихтэй өнгөрүүлэх шиг болно лээ. Хийсэн ажлаасаа товчхон танилцуулахгүй юу?

-Ажил ихтэй байлаа. Манай байнгын хороо намрын чуулганы үеэр 60.2 хувийн дундаж ирцтэйгээр 23 удаа хуралдаж, 55 асуудал хэлэлцүүлснээс 42 хуулийн төсөл, УИХ-ын бусад шийдвэрийн найман төсөл, хяналт шалгалтын гурван ажлыг тус тус байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 29 санал, дүгнэлт, долоон танилцуулга, 198 саналын томъёолол бэлтгэн УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.

Энэ хугацаанд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 184 албан бичиг, нэг өргөдөл гомдол хүлээн авч, 126 албан бичгийг шийдвэрлэсэн байна. Байнгын хорооныхоо хуралдааны тойм болон, зохион байгуулсан ажлын талаар УИХ-ын вэб сайт, дотоод сүлжээнд 116 мэдээлэл бэлтгэн нийтэд мэдээлэв.

-2014 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн талаар арай жаахан дэлгэрүүлэн тайлбарлаж өгөөч. Иргэдийн дунд ашигт малтмалаас орж ирэх орлого эрс буурснаас улсын төсөв ихээхэн хумигдаж, танагдсан гэсэн ойлголт яваад байгаа л даа?

-Татварын орлого бүрдүүлэлт багагүй хэмжээгээр тасарсан нь үнэн. Түүнээс гадна улстөрийн хүчнүүд сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд ашигт малтмалаас орж ирэх ёстой байсан мөнгийг ямар ч тооцоогүй урьдчилан тараасан нь өнөөдөр төсөвт тодорхой хүндрэл учруулсаар байна. Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого нь 6.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага нь 7.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 410.0 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэхээр батлагдлаа.

Татварын орлого бүрдүүлэлт багагүй хэмжээгээр тасарсан нь үнэн.

Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5.5 их наяд төгрөг, Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг 1.1 их наяд төгрөг,төсвийн тогтворжуулалтын санд ху­римтлуулах хөрөнгийн хэмжээг 29.7 тэр­бум төгрөг, шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1.4 их наяд төгрөг, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 289.9 тэрбум төгрөг, Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2.5 их наяд төгрөг байхаар тооцож Монгол улсын 2014 оны төсвийн тухай хуулийг баталсан байгаа.

-Ерөнхий сайдын толгойны өвчин бол­чихоод байгаа он дамжин удааширч, ба­риг­даж дуусдаггүй барилга, обьект олон бий. Тэдгээрийн төсөв, санхүү хөрөнгө оруу­лалтыг хэрхэн зохицуулахаар болсон бэ?

-Наад асуудал чинь ганц Засгийн газар, Ерөнхий сайдын ч толгойны өвчин биш юм. Барилга, обьектийг он дамжуулан удаашруулж зураг, төсөв, материалын хэрэглээ шаардлагаас шалтгаалан хөрөнгө мөнгө шамшигдуулах, асар их үргүй зардал гаргадаг байдал газар сайгүй байгаа.

2014 оны төсөвт он дамжин удааширч, ямар ч үндэслэлгүйгээр үнэ нь хэд дахин өссөн 243 обьектийг дахиж сайтар нягтлах ёстой гэж үзээд анх удаа “0” үнэлгээтэйгээр зөвхөн хөрөнгө оруулалтын нэрсийн жагсаалтад оруулан баталсан. Энэ 243 барилга, обьектийг үндэсний аудитын байгууллагуудаар дахин сайтар нягтлан шалгуулсаны дараагаар 2014 оны төсөвт зөвхөн хөрөнгө оруулалтын хүрээнд тодотгол хийж асуудлыг нь шийдвэрлэхээр тогтсон байгаа.

Өөрөөр хэлбэл хаврын чуулган эхлэнгүүт төсөвт тодотгол хийнэ. Энэ тодотгол маань зөвхөн тэрхүү 243 обьектийн хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэх юм. Товчхондоо он дамжин удааширч, хөрөнгө оруулалт нь хэд дахин нэмэгдсэн энэ 243 обьектоос алийг нь цааш явуулах вэ, алинд нь ямархуу хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ л тодотгох юм. 2014 оны төсвийн тухай хуулийн гол онцлог нь энд л оршиж байгаа юм.

-Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ач хол­богдол, одоо цагт зайлшгүй өөрчилж ши­нэчлэх болсон учир шалтгааны талаар тайлбарлана уу?

-Өнөөдөр Монгол Улсын төсөв, ялангуяа төсвийн шинэ хуулийн дагуу орон нутагт хуваарилагдаж байгаа төсвийн хэмжээ эрс нэмэгдсэн. Жишээ нь 2000 онтой харьцуулахад Монгол Улсын төсөв 15-16 дахин өссөн байгаа. Тэгвэл хөрөнгө оруулалт 40 дахин нэмэгдсэн статистик үзүүлэлт гарч байгаа юм.

Улсын төсөв ингэж огцом өсч, тэр хэрээр бүх салбарт асар их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа учир санхүүгийн сахилга, төсвийн зарцуулалтад тавих хяналт шалгалтыг үндсээр нь өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл орон нутагт ямар хэмжээгээр хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна тэр хэмжээгээр санхүүгийн хяналт шалгалтыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Үүнтэй уялдуулан төрийн аудитыг УИХ, төр засгийн хяналтын босоо тогтолцоонд оруулж өгсөн.

Тэр ч байтугай орон нутгийн хэмжээнд ч төрийн аудитын босоо тогтолцоо үйлчлэх болно. Төрийн аудитаар хийсэн хяналт, шалгалтын тайланг зөвхөн төрийн аудитын дарга нь сонсоод өнгөрдөг байсан бол энэ хууль батлагдсанаас хойш УИХ дээр сонсдог болгон өөрчилсөн. Мөн ямар чиглэлээр хаана хяналт, шалгалт хийх вэ гэдгийг УИХ-ын Төсвийн байнгын хороо баталдаг болсон.

Тэгээд хийгдсэн шалгалтуудын дүнг УИХ дээр сонсож үнэлэлт, дүгнэлт өгч байх юм. Үүнээс хойш төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хөрөнгө санхүүгийн асуудлыг УИХ дээр ярилцаж, асуудлыг шат шатны байгууллагуудад нь шилжүүлж байх юм.

-Өнөөдөр мөрдөгдөж байгаа татварын бодлого цаашдаа энэ хэвээрээ яваад байх уу. Татвартай холбоотой ямар нэгэн өөр хуу­лийн төсөл өргөн мэдүүлсэн зүйл бий юу?

Тат­варын хуулиудын шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцэх төлөвлөгөө бий.

-Одоо мөрдөгдөж байгаа татварын бод­логыг цогцоор нь эргэж үзүүштэй шаардлага тулгарч байгаа нь үнэн. Засгийн газрын түвшинд татварын хуулийн шинэчлэлттэй холбоотой хуулийн өөрчлөлтийн шинэчилсэн найруулга хийж байгаа. Тат­варын хуулиудын шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцэх төлөвлөгөө бий. Харин УИХ-ын гишүүдээс санаачилсан хуу­лиуд бол байгаа.

Жишээлбэл НӨАТ-ын хуулийн босгыг өндөрсгөх чиглэлээр Засгийн газ­раас санаачилсан хуулийг С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан хуультай хамтруулан хэлэлцээд явж байгаа. Хэрвээ УИХ-ын гишүүд татвартай холбоотой хууль санаачилсан байвал заавал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуультай нэгтгэн хэлэлцэх чиглэл барьж байна. Яагаад гэвэл аливаа татварын тухай хуульд хувь гишүүдийн лобби орж, эрх ашиг нь хамгаалагдан сонирхлын зөрчил үүсчих гээд байдаг гэмтэй л дээ.

-Яг одоогоор Монгол Улсын гадаад, дотоод өрийн хэмжээ сэтгэл зовоох хэм­жээнд хүрсэн үү. Өрийн хэмжээг янз бүрээр тогтоогоод байх юм. Та тодорхой тоо хэлж болох уу?

-Энэ бол өөрөө маш чухал асуудал. Тоо баримтын талаар үндсэн нэг ойлголттой болох нь зайлшгүй хэрэгтэй юм. Өнөөдөр бид Төсвийн тогтвортой байдлын хуулиар ямар нэгэн хязгаарлалт тавьчихсан байгаа үзүүлэлт нь нийт өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа л байгаа юм. Харин олон улсын практикаар бол нийт өрийн шалгуурыг долоон үзүүлэлтээр авч үздэг. Нийт өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа нь сэрэмжлүүлэг дохио өгдөг л хэлбэр юм. Тэгэхээр бид энэ харьцаан дээр хязгаарлалт тавьчихаад бүх төсөл арга хэмжээг санхүүжүүлж чадахгүй байгаа юм л даа.

Гэхдээ зайлшгүй хийгдэх ёстой томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтуудаа зогсоогоод байх нь зөв эсэх нь сонголтын тухай л асуудал. Хэрвээ бид гадны зээл авахгүй гээд томоохон бүтээн байгуулалтуудаа хойшлуулаад байвал Монгол Улсын хөгжил тэр хэмжээгээр удааширна. Олон улсын шалгуур үзүүлэлтээс харахад зээлд тавьдаг долоон үзүүлэлтийн гурав нь л муу дүнтэй гарвал аливаа зээлийг зогсоох ёстой гэж үздэг. Нэг ёсондоо өрийн дарамтад орно гэж үздэг. Монгол Улсын хувьд 2017, 2022 онд эдгээр үзүүлэлтүүдээс хоёр нь муудах тооцоо, дүр зураг харагдаж байгаа.

Эндээс үзвэл бидэнд зээл авах бололцоо байна. Гол нь түүнийгээ хурдан үр ашгаа өгөх төсөл, хөтөлбөрт л ашиглах ёстой. Гэтэл үр ашиг муутай, зарим нь бүр хууран мэхлэх замаар хөрөнгө мөнгө шамшигдуулж байгаа тохиолдол олон байна. Жишээ нь бид “Чингис бонд”-оос Монголд ноосон даавуу үйлдвэрлэнэ гэж 20 сая ам. доллар авсан төсөлд аудитын шалгалт оруулах гэж байгаа. Олны дунд Монголд ноосон даавуу үйлдвэрлэх биш Солонгосоос хямдхан даавуу оруулж ирээд сурагчдын форм, төрийн албан хаагчдын хувцас үйлдвэрлээд байна гэсэн яриа яваад байгааг бид шалгаж тогтооно.

Одоогоор Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 40 хувьд хүрчихсэн байгаа. Зарим нэг өрийг нэмбэл үүнээс ч хэтэрчихсэн. Жишээлбэл Оюутолгойн 34 хувийг Монголын талд зээл гээд өгчихсөн. Гэтэл бид үүнийг өр гэж тооцохгүй л яваад байгаа шүү дээ. Уг нь үүнийг Монгол Улсын гадаад өрд оруулан тооцох ёстой юм. Оюутолгойн Монголын талын 34 хувийг гадаад өрд оруулан тооцох юм бол ДНБ-ий 50 хувьд дөхнө. Тэгэхээр бас л эвгүй тал руугаа л яваад байна гэсэн үг.