Төрийн байгуулалтын байнгын хороо
2014.02.17

Төрийн ордны барилгын ажлыг эхлүүлэх албан бичиг хүргүүлжээ

Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр  хэвлэлийн бага хурал хийлээ.

Байнгын хорооны гишүүд 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар  мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, С.Дэмбэрэл нар оролцлоо.

УИХ-ын шинэ ордны барилгыг өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос шийдвэрлэсэн газарт барих ажлыг энэ оны хавраас эхлүүлэх, шаардагдах нэмэлт хөрөнгийг олох асуудлаар Засгийн газарт албан бичиг явуулсныг байнгын хорооны дарга А.Бакей энэ үеэр сэтгүүлчдэд дуулгалаа. Харин тус байнгын хорооны гишүүн Ж.Батзандан энэ үеэр ухаалаг төр рүү шилжих Ерөнхийлөгчийн санаачлагыг тус байнгын хороо дэмжин ажлын хэсэг байгуулж тусгай төлөвлөгөө гарган энэ чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж өргөн барихаар ажиллаж байгаа гэв.

Сонгуулийн хуулийн ажлын хэсэг судлаач эрдэмтэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулна

УИХ-ын гишүүн Р.Бурмаа сонгуулийн хуулийн ажлын хэсэг судлаач эрдэмтэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулж, сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэх, зардлыг хямдруулах, хууль тогтоомжийг ойлгомжтой хялбар болгох үүднээс нэгдсэн зохицуулалт хийх, нэг тойрог нэг мандат зарчмыг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал нэгдээд байгаа гэдгийг ярилаа.

1Төрийн байгуулалтын байнгын хороо 2013 оны намрын чуулганы хугацаанд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтийг зарим байгууллагад танилцах, УИХ-аас  баталсан хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох хуулийн төслийн талаар иргэд, орон нутгийн байгууллагаас саналыг авч, хэлэлцүүлэгт байгаа төсөлд тусгах талаар санал боловсруулах, олон улсын байгууллагын болон гадаад орны төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гишүүдийг шаардлагатай судалгаа, лавлагаа, мэдээллээр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласныг байнгын хорооны дарга А.Бакей мэдээллийнхээ үеэр онцлов.

Тус байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд байнгын хорооны гишүүдийн 63.8 хувийн ирцтэйгээр нийтдээ 12 удаа хуралдаж, 40 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Намрын чуулганы хугацаанд тус байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 35 албан бичиг, дөрвөн өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, хариу өгсөн аж. Намрын чуулганы хугацаанд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлуулсан байна.