Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлэв
Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлэв
2014.04.14

Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлэв

УИХ дахь бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт УИХ болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

"Давхар дээл"-ний хуулийг чуулганаар хэлэлцэнэ. Энэ талаар УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн “Зөвхөн УИХ болон Засгийн газрын тухай хуулийг өөрчлөх нь хангалтгүй. Үндсэн хуульд нь УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн заалтыг үлдээж байна.

Тэгэхээр нэг ёсондоо үүнийг өөрчилсөн болж ард түмний нүдийг хуурах гэж байна. Мөн давхар дээлийг тайлах гэж байгаа бол гуравны нэг нь, тавин хувь нь байж болно гэсэн асуудлыг үлдээж болохгүй. Өмнө нь Үндсэн хуульд байсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн заалтыг л сэргээх ёстой. Тэгэхээр процессийн хуулийг биш гол Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун байнгын хороогоор хэлэлцэх Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг зайлшгүй хэрэгжих цаг нь болсон гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр "Улаанбаатар хотод жилдээ 30 гаруй мянган иргэн нэмэгдэж байна. Нийслэлийн иргэд өнөөдөр эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжгүй болж байна. Улаанбаатар хот дэлхийн бохирдол ихтэй хотуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Тийм учраас Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль гарах зайлшгүй шаардлага байгаа юм" гэлээ.

Мөн С.Ганбаатар гишүүн энэ долоо хоногт хэлэлцэх Бие даагчдын зөвлөлөөс өргөн барьсан Компанийн тухай хуулийн талаар саналаа хэллээ. Тэрбээр “Компанийн тухай хуулийн мөн чанар нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр гадаадын санхүүгийн болон банкны байгууллагууд орж ирж манай хувьцаат үйлдвэрийн газруудыг бүгдийг нь луйвардсан 24 жилийн түүхийг таслан зогсооход чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, луйврын үйл ажиллагаа явуулдаг хуулийн цоорхойг зогсооё гэж байгаа” гэж хэлсэн юм.