Э.Бат-Үүл: 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин хүлээж авдаг болно
2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин хүлээж авдаг болно
2014.04.23

Э.Бат-Үүл: 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин хүлээж авдаг болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн талаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа. Найрсаг Улаанбаатар хөтөлбөр нь 2014-2020 оны хооронд хэрэгжих бөгөөд хоёр үндсэн зорилготой юм байна. Тухайлбал “Монгол туургатны соёлын аялал жуулчлалын төв”, “Бизнес аялал жуулчлалын төв” болох зорилт тавьжээ. Энэ хоёр зорилгоо хэрэгжүүлэхийн тулд “Сэтгэл татам Улаанбаатар”, “Өрлөг түүхт Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” гэсэн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.  

Нийслэлийн иргэд гэр бүлээрээ, хамт олон, найз нөхдөөрөө идэвхтэй амрах орчныг бүрдүүлж, сонгодог урлагийг хотын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгон сурталчилж, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудын менежментийг сайжруулах юм байна. Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг 7-14 хоногийн хугацаанд үргэлжилдэг мега эвент болгон өргөжүүлж Монгол туургатны соёл, спортын наадам гэсэн агуулга хэлбэрээр зохион байгуулдаг болох аж. Мөн Олон улс, тив, дэлхийн хэмжээний урлаг, спортын тоглолт, наадмуудыг жилийн турш зохион байгуулах юм байна.

Харин “Өрлөг түүхт Улаанбаатар”-ын хүрээнд Монгол наадам цогцолбор, Гандангийн дэнжийг соёлын дүүрэг болгож, Усан парк, амьтны хүрээлэн, Их Майдар цогцолбор, Зайсан цогцолбор, Түмэн хишигтэн цогцолборыг шинээр байгуулах юм байна.

Жуулчдыг татахын тулд чөлөөт худалдааны бүс байгуулна.

Харин архитектурын өвөрмөц шийдэлтэй, дурсгалт газруудыг сэргээн засварлах, хотын түүхтэй холбогдох онцлог газруудыг тэмдэгжүүлэх, тохижуулах, жуулчдад ээлтэй мэдээллийн дэд бүтэц, тохижилт, Жуулчны гудамжны тохижилт, соёлын аялал жуулчлалын үзмэр бүхий амралт, аялал жуулчлалын цогцолборуудыг барьж байгуулах юм байна.

Мөн нийслэлийн Налайх дүүрэгт “аялал жуулчлалын жишиг суурин” байгуулахаар төлөвлөжээ. Хотын аялал жуулчлалын онцгой үзмэр, түүх соёлын дурсгалт газруудыг олон улсын түвшинд хүргэж тохижуулах ажлыг хийх аж.

Гандангийн дэнжийг шашин, соёл, гар урлалын дүүрэг болгон хөгжүүлэх зорилт тавьжээ. Харин “Монгол наадам” цогцолборыг аялал жуулчлалын хотхон болгон өргөжүүлэх юм байна. Мөн жуулчдыг татахад нөлөөлдөг зүйл бол үйлчилгээний ажилтнуудын зан харьцаа байдаг. Тиймээс “Инээмсэглэх Монгол-Найрсаг УБ” аяныг зохион байгуулж нийслэлийн иргэд, нийтийн болон төрийн үйлчилгээнийхэн хамрагдах юм байна. Мөн HUB буюу урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

2030 он гэхэд нийслэл хот 5 сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавьж байгаа аж. Сүүлийн үед дэлхийн нийтийн жуулчдын хандлага Ази, номхон далайн бүс рүү чиглэж байгаа гэсэн судалгаа гаргажээ. Дэлхийн хүн амын өсөлт, техник, технологийн дэвшилттэй холбоотой жуулчдын тоо нэмэгдсэн байна.

-Жуулчдын хажуугаар цагаачлах хүчнийхэн орж ирээд байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
“Инээмсэглэх Монгол-Найрсаг УБ” аяныг зохион байгуулж нийслэлийн иргэд, нийтийн болон төрийн үйлчилгээнийхэн хамрагдана

-Хотын дарга Э.Бат-Үүл: Жуулчин гэж яагаад яриад байгаа вэ гэхээр жуулчин хэзээ ч харладаггүй. Манайд жуулчин, цагаач хоёрыг хольж ойлгоод байгаа юм. Энэ дээрээ арга хэмжээ авдаггүй. Аялал жуулчлалын компаниуд тухайн оронд жуулчин үлдээсэн бол дахиад тэр орны жуулчныг авахгүй. Тэгэхээр компаниудын бизнес алдагдалд орно шүү дээ. Тийм учраас жуулчдаа үлдээхгүй. Хууль бусаар орж ирж цагаачлаад байгаа хүмүүс аюул учруулаад байгаа. Үүнийг бид цэгцлэх ёстой. Маш их жуулчин орж ирж байгаа үед хүчний байгууллагаа бэхжүүлнэ. Олон жуулчин орж байгаа юм чинь эрсдэлтэй.

-Таван сая жуулчин хүлээж авна гэхээр нэлээдгүй хугацаа шаардагдах байх?

-Өнөөдрийн байдлаар таван сая жуулчин ирвэл даахгүй шүү дээ. Метро, тусгай зориулалтын зам, байшин барилгаа бариад 2030 онд авна гээд байгаа юм. Бүх дэд бүтцээ шийдвэрлэнэ. Мөн жуулчдыг татахын тулд чөлөөт худалдааны бүс байгуулна. Дэлхийн брэндүүдийг татваргүй худалдаалах бүс гэсэн үг.