Амралтын өдрөөр унадаг дугуйгаар тогтмол аялана
Монголын Залуучуудын Холбоо
2014.04.18

Амралтын өдрөөр унадаг дугуйгаар тогтмол аялана

Монголын Залуучуудын Холбоо болон унадаг дугуйг дэмжигч 9 байгууллага хамтран өнгөрсөн онд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан эхлүүлсэн бөгөөд энэ онд нийслэлийн 2 дүүрэгт унадаг дугуйн зам тавигдахаар болсон мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн унадаг дугуйн замыг барьж хувь нэмрээ оруулж байгаад залуус талархалтай байгаа юм.

Хотын төвөөр алхахад унадаг дугуйтай залуус энд тэндгүй л харагддаг болж үнэхээр залуучууд спиртыг биш спортыг сонгож, 4 дугуйтыг биш 2 дугуйтыг сонгодог болжээ. Тэгвэл тун удахгүй унадаг дугуйн аялал нээлтээ хийх гэж байна.

Ирэх амралтын өдөр буюу 4-р сарын 19-ны 10 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Унадаг дугуйтай тогтмол аялал”-ын нээлт болох бөгөөд МЗХ-ны “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачилгаар Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Корпораци, Залуу Дугуйчин Клуб, Каннондэйл дугуйн дэлгүүр, Аттиладугуйн дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд хамтаржээ. 

Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн хүрээнд унадаг дугуйг иргэдийн хэрэглээ болгох, чөлөөт цагаа зөв боловсон, спортлог өнгөрүүлэх боломжыг аялал жуулчлалын үйлчилгээгээр олгох зорилготой.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Маршалын гүүр-Их тэнгэрийн ам-Хадны сүг зураг гэсэн маршрутаар нийт 12,2 км замаар 6 цаг аялах юм байна. Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн хүрээнд унадаг дугуйг иргэдийн хэрэглээ болгох, чөлөөт цагаа зөв боловсон, спортлог өнгөрүүлэх боломжыг аялал жуулчлалын үйлчилгээгээр олгох зорилготой бөгөөд аяллыг бямба, ням гарагуудад тогтмол зохион байгуулахаар болжээ. 

Аялалд хамрагдах хүмүүсийг урамшуулал үзүүлэх боломжоор нь захиалгат аялал, тогтмол аялал гэсэн 2 төрлөөр явагдах бөгөөд 15.000 төгрөгний аялалд /Аяллын дугуй, Хээрийн цай, Хөгжөөнт тоглоом, Өглөөний дасгал, 1 өдрийн аяллын даатгал/, дугуйгүй бол 5.000 төгрөгний аялалд /Хээрийн цай, Хөгжөөнт тоглоом, Өглөөний дасгал, 1 өдрийн аяллын даатгал/ юм байна.