
А.ГАНБААТАРЫН ҮЕД МЯНГАН ХӨЛ БӨМБӨГЧИДТЭЙ АЙМГУУД БИЙ БОЛЖЭЭ
Мянган малтай айл гэвээс бололцоотой, хөрөнгөтэй, юмтай дажгүй гэж ярина, сонсогдоно. Түүнтэй адил энд тэнд мянган морь уралдлаа гэхэд том наадам болжээ гэх жишээий. Үүнээс үүдэн мянган хүүхэд морин хуур тоглов, мянган хүүхэд “Тусгаар тогтнол” хэмээх шүлэг уншив. Мянган даага уралдлаа гэхэд “Овоо өтгөн наадам болжээ. Адуу өсч байгаа юм байна” гэж дүгнэдэг, ярьдаг ард түмэн шүү.
Түүнтэй адилхан саяхан баруун аймгаас ирсэн дасгалжуулагч “Манай аймагт мянган хүүхэд хөл бөмбөгөөр хичээллэдэг” гэж ярилаа. Үүний дараагаа зарим нэг нь “Бөөн гутлын дайснууд гарах нь дээ” гэцгээж байна. Ганц аймагт мянган хүүхэд хөл бөмбөг өшиглөөд байна уу гэвэл худлаа бололтой. Мянган морин хуурч гэдэг шиг Төдий чинээний хөлбөмбөгчид 5-6 аймгаас гарах бололцоотой гэнэ. Бүр аймаг сум, гудамж талбайн багууд бий болсон тухай ярьж байна.
Хөл бөмбөг тоглооч ээ, тэмцээн уралдаанд орооч ээ гэж хэн ч уриалаагүй. Зүгээр хар аяндаа хөл бөмбөг рүү гүйдэг зөв совин мэдрэмж байна гэлтэй. Тэр тусмаа хавар цагт хүүхдүүд хөл бөмбөг тоглох туйлын дуртай. “Гадаа хавар ирж газрын гижиг хүрч инээд алдан байгаа. Гарч тогло хүү минь” гэдэг шиг. Ямартаа ч Монгол орон даяар хүүхэд багачуулын дунд хөл бөмбөг тоглодоггүй газар алга болох нь.
Увсынхан хүү төрөөрэй, бөх болгоно гэдэг шиг айл бүхэн Роналдо, Мисситэй болох, ерөөдөг цаг ойртсон байна. Энэ бүхний эхлэлийг хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан А.Ганбаатар тавьж өгчихөөд явсан байна. Дэлхийд тэргүүлэгч спорт гэгдэх хөл бөмбөгийн одууд тал нутгаас төрөх нь цаг хугацааны л асуудал. Нусаа хацартаа наасан бөмбөг хөөсөн бацаанууд өнөөдөр гудамжинд маргааш дэлхийд гарах болтугай.