2014.04.28

Д.Баярсайхан: Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй бол Төрийн үйлчилгээний гадна үлдэнэ

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханаас өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны талаар тодрууллаа.

-Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа энэ сарын 9 хүртэл үргэлжилнэ. Энэ судалгааны талаар тодруулахгүй юу?

-Шинэчлэлийн Засгийн газраас энэ онд багтаан Монгол Улсын нийт хүн ам, өрхийн мэдээллийн санг бүрдүүлэх чиглэл өгсөн. Засгийн газраас баталсан 269 дүгээр тогтоолын дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааг хийхээр болсон. Монгол Улсын нийт хүн ам, айл өрхүүдийн хэрэглээ ямар байгаа, хэдий хэмжээний өрх хаана амьдарч байна вэ гэдгийг тодорхой болгоно гэсэн үг. Ер нь ийм томоохон хэмжээний судалгаа цаанаа маш том зорилго агуулж байдгийг хэлэх нь зүйтэй. Энэ удаагийн судалгаа нь Засгийн газар, салбарын яамдыг нийт хүн амд чиглэсэн зохистой бодлого хэрэгжүүлэхэд нь мэдээллийн сангаар хангах баазыг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой.

-Өмнө нь энэ төрлийн судалгаа хийж байсан. Одоо хийх гэж байгаа судалгаа нь тэр үеийнхээс юугаараа өөр юм бэ?

-2010-2012 онд өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааг хийж байсан л даа. Гэхдээ зорилго нь өөр, зөвхөн нийгмийн халамж хэрэгтэй хэсэгт чиглэж байлаа. Одоо хэрэгжиж буй Хүнсний эрхийн гэрчилгээ (талон) олгох буюу нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн ам, өрхийг тодруулах зорилгоор хийсэн гэж ойлгож болно. Харин одоо хийж буй судалгаа бол огт өөр зорилготой. Өөрөөр хэлбэл, зөвхөн эмзэг бүлэг гэж чиглэлгүй Монгол Улсын нийт хүн ам, өрхийг хамруулж, салбар дундын нэгдсэн мэдээллийн санг үүсгэх учиртай. Засгийн газрын явуулж байгаа аливаа бодлого, үйл ажиллагаа болон төрийн бусад үйлчилгээг иргэдэд хүргэхэд энэ мэдээллийн санг ашиглана гэсэн үг.

-Салбар дундын мэдээллийн сан бүрдүүлэх нь улсад ямар ашигтай юм бэ?

-Энэ ажлаас хэн ашиг хүртэх вэ гэдэг нь их чухал асуудал. Энгийн жишээ хэлье л дээ. Төр нь иргэддээ хүргэх гэж байгаа ажил нь эзэн биегүй байвал үр дүнгүй болно. Эзэн биегүй ажилд зарцуулах хөрөнгө нь ч тодорхойгүй байна. Тэгэхээр төр хэнд, ямар үйлчилгээг хүргэх вэ гэдэг бодлогоо тодорхойлоход Өрхийн нэгдсэн мэдээллийн сан чухал ач холбогдолтой.

-Мэдээллийн нэгдсэн сан Засгийн газарт ашиг тусаа ингэж өгөх юм байна. Тэгвэл иргэнд, надад энэ судалгаанд хамрагдсанаар ямар ашиг тустай юм бэ?

-Магадгүй, та бид хоёр мэдээллийн санд орж чадсангүй гэж төсөөлье. Энэ тохиолдолд нийт хүн амд зориулж хэрэгжүүлэх аливаа төрийн үйлчилгээний гадна үлдэнэ гэсэн үг. Жишээ нь, ЭМЯ-наас нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд зориулсан “Эрүүл мэндийн хөтөлбөр” хэрэгжүүллээ гэж бодъё. Гэтэл тухайн өрх судалгаанд хамрагдаж чадаагүй бол ЭМЯ-ны хөтөлбөр тэр өрхөд хүрч чадахгүй. Мөн нийт хүн амаа интернэтийн сүлжээнд хамруулъя гэвэл уг судалгаанд тулгуурлаж тооцооллоо хийнэ. “Энэ байршилд нийт төдөн өрх байна, амьжиргааны түвшин нь ийм байна” гэсэн тооцоогоо боловсруулснаар Засгийн газар төсөв хуваарилна. Судалгаанд хамрагдалгүй хоцорвол энэ тооцоо, төсвийн гадна үлдэнэ. Энэ ондоо багтааж мэдээллийн сан бүрдүүлж, ирэх оны эхний улиралд Засгийн газарт үр дүнгээ тайлагнах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Хэрэв судалгаанд хамрагдалгүй хоцорвол яах вэ?

-Аймаг, дүүргүүдэд өргөдөл гомдлын мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаа. Ямар нэгэн байдлаар судалгаанд хамрагдаагүй үлдсэн өрх байвал дараа нь энэхүү өргөдөл, гомдлын системээр судалгаандаа хамрагдах бололцоогоор нь хангаж өгсөн.

-Түр оршин суугч болон бүртгэлгүй, шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй байгаа өрхүүдийг хэрхэн хамруулах вэ?

-Тоологч нар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа бүх өрх, хүн амыг засаг захиргааны нэгжийн харьяалал хамаарахгүйгээр тухайн байршил дээр нь бүртгэх үүрэгтэй. Жишээлбэл, хөдөөгийн нэг сумаас Улаанбаатарт суурьшаад шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй хүн байвал тухайн газартаа бүртгэлтэй эсэхээс нь үл хамааран судалгаанд оруулна. Үүний цаана “Иргэний бүртгэлийн урамшуулалтай тогтолцоо” гэсэн давхар бодлого явж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр мэдээллийн сан бүрдсэний дараа тухайн хүнд “Танд төрийн ийм үйлчилгээ авах эрх нээгджээ. Та энэ үйлчилгээг авахыг хүсэж байвал шилжилт хөд өлг өөний асуудлаа шийдүүлэх хэрэгтэй байна. Эндээ бүртгүүлээд үйлчилгээгээ авч болно. Эсвэл өөр газарт бүртгүүлээд үйлчилгээ авч болно” гэх жишээтэй.

-Түр оршин суугчдын үндсэн хөрөнгө нь өөр газарт байж болно шүү дээ. Энэ тохиолдолд иргэд тооллогод хамрагдахдаа үндсэн эд хөрөнгөө мэдүүлэх ёстой юу?

-Хөдөө амьдардаг хүн хотод түр оршин сууж болно л доо. Гэхдээ тооллогод хамрагдахдаа орон нутагтаа байгаа мал, хөрөнгө, хашаа байшингаа үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй.

-Гэр бүл зохиогоод аав ээжийнхээ байрны нэг өрөөнд тусдаа гарчихсан залуу гэр бүлүүд олон. Энэ тохиолдолд хоёр өрх айл байна гэж тооцох уу?

-Тоологч нар айлд ороод үзэмжээрээ өрхийг нь бүртгэхгүй ээ. Тухайн өрхийн гишүүдтэй ярилцаж, өрхийн шинж байдлыг нь тодорхойлно. Түрүүн ярьсан эдийн засгийн хамаарлыг нь тодорхойлно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны хэлсэн тохиолдолд нэг хэсэг нь эдийн засгийн хувьд нэгдмэл байж болно. Нөгөө хэсэг нь тусдаа байж болно шүү дээ. Тийм учраас эдийн засгийн хамаарлыг нь авч үзнэ гээд байгаа юм.

-Иргэдийн амьжиргааны түвшин тодорхой үе шаттайгаар хувьсч байдаг. Тэгэхээр энэ судалгааг хэдэн жил болоод шинэчлэх ёстой байдаг вэ?

-Гурван жил тутам мэдээллийн санг шинэчлэх талаар зөвлөмж гарсан байдаг. Тийм учраас бид 2010 онд эхлүүлсэн судалгааг одоо 2013 онд шинэчилж байна шүү дээ.

-Иргэдийн өгсөн мэдээллийн үнэн зөв эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-Иргэд өмнө нь хэрэгжүүлсэн халамжийн хөтөлбөрт хамруулах зорилготой эндүүрч болох юм. Гэхдээ энэ удаа нийт хүн амыг хамруулж байгаа, амьжиргааны түвшинг тогтоох үзүүлэлт үүд нь өөрчлөгдсөн, тооцоолох аргачлал, систем нь өөр, тухайн авч байгаа мэдээллийн үнэн бодит байдлыг бататгах үүднээс хоёрдогч үүсвэрээс давхар мэдээлэл авч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Юу гэхээр иргэний бүртгэл, малын А дансны бүртгэл, ЗЦГ, АТГ-аас автомашины бүртгэл мэдээллийг тодруулах гэдэг ч юм уу, өрх бүрийн мэдээллийн хоёрдогч эх үүсвэрээс мэдээлэл авч баталгаажуулна.

-Одоогоор хэчнээн айл өрх судалгаанд хамрагдаад байна вэ?

-Бид арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 5 хүртэл буюу 10 хоногийн хугацаанд улсын хэмжээнд орон даяар, нэг цаг хугацаанд, нэгэн зэрэг эхлүүлж, дуусгахаар ажиллаж байна. 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар хамруулбал зохих 729.835 өрхөөс 327.447 өрх буюу 44.9 хувьд нь тоологчид зочилж, үүнээс 298.407 өрхийн мэдээлэл бүрэн цуглаад байна.