Ховдынхон бүсийн амаржих газартай боллоо
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хүмүүс Ховд, Баян-Өлгий аймгуудад ажиллаж байгаа билээ.
Д.Дэмбэрэл дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамт сүүлчийн хоёр жил Ховдод багш нарын баяраар очиж таарсан аж. Багш нарын баярын 45 жилийн ойн арга хэмжээнд тэд оролцож оюунлаг ховдчууддаа мэндчилгээ дэвшүүлж амжлаа.
Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн дэргэд бүсийн амаржих газрын 50 ортой эмнэлгийн нээлтэд бас оролцов. Нэг тэрбум 558 сая төгрөгийн өртгөөр баригдсан тус эмнэлэгт С.Бямбацогт гишүүн тусгай тоноглолтой 100 ширхэг ор, эмнэлгийн багаж хэрэгслийг аавынхаа нэрэмжит сангаас хандивлаж байгаагаа хэллээ.
Ажилсаг хичээнгүй ховдчуудаас энэ жил улсын сайн малчин гурав, тэргүүний тариаланч нэг төржээ. Манхан сумын Танхилт багийн улсын сайн малчин Х.Хаянхярваагийнх далайн түвшнээс дээш 2010 метрт Хойд Сэнхэрийн эхэнд өвөлжиж байхад нь очлоо. Энэ өвөл хонь, адуу, тэмээ голлосон 1700-гаад толгой мал тоолуулжээ. Тэрээр мал дээр гараад 27 жилийн хөдөлмөр зүтгэлээрээ аймаг, сумын олон удаагийн аваргаар тодорч байжээ. Мөн Зэргэлдээ Чандмань сумын Тахилт багийн малчин А.Энхтайванд улсын сайн малчин цол тэмдгийг нь гардууллаа.