Монголын хөгжлийг дорнын говийнхон тодорхойлно
УИХ, УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөгийг Дорноговь аймгийн Сайншандад энэ сарын 15-нд зохион байгуулсан юм. Үүний өмнө ийм өдөрлөгийг Орхон аймагт зохион байгуулсан билээ. Энэ удаагийн нээлттэй өдөрлөгт Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ж.Батсуурь УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга Л.Пүрэвжав болон тус аймгийн ИТХ-ын дарга Т.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
Парламентыг сурталчлав
УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг Сайншандын «Саран хөхөө» театрт эхэлж, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн үг хэлсэн юм. Мөн энэ үеэр «Монгол Улсын Их хурал-20» жил баримтат киног иргэд үзэж сонирхов. Дараа нь УИХ ын Тамгын газрын Захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга Л.Пүрэвжав УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газрын бүтцийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Хууль боловсруулах ажиллагаа УИХ-ын Тамгын газрын газрын ажилтнуудын нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болдог аж. УИХ-ын Тамгын газарт 200 орчим хүн ажилладаг. Эдгээрийн ихэнх нь мэргэшсэн хуульчид.УИХ-ын Тамгын газрынхан суралцагч байгууллага байхыг эрхэмлэн ажилладаг гэдгээ энэ үеэр онцолж байсан юм.
УИХ-ын хоёр гишүүний хувьд «Энэ удаагийн парламент дорноговьчуудад ашигтай маш олон
шийдвэрийг гаргасан.Тухайлбал Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталснаар Дорноговь Монголын хөгжлийн
хамгийн том төв болно» хэмээн ихэд олзуурхаж байгаагаа илэрхийлж байв.
Улстөржөөгүй сэдэв хамгийн сонирхолтой
УИХ-ыг сурталчлах өдөрлөгийн хүрээнд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь нар хүүхэд залуучуудтай тус тусдаа улстөржөөгүй уулзалтыг зохион байгуулсан нь ихэд сонирхол татсан юм.
Я.Батсуурь гишүүн гэхэд англи хэл сурах тухай лекц уншсан. Тэрбээр «Дорноговь Монгол Улсын хөгжлийг тодорхойлох уул уурхайн том цогцолбор бүхий хот болох гэж байна. Асар их бүтээн байгуулалтыг хийх залуус та бүхэн одооноос биеэ бэлдэх хэрэгтэй. Бүтээн байгуулалтыг дагаад гадны хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой. Энэ үед дэлхий нийтийн хоёрдогч хэл болсон англи хэлний хэрэглээ хамгаас чухал. Тиймээс хүүхэд залуучууд та бүхэн англи хэл сурцгаа. Мөн ирээдүйн ажил мэргэжлээ зөв сонгоорой. Өөрийнхөө давуу талыг мэдэр. Улс орон, бүс нутагтаа хэрэгцээтэй мэргэжлийн жагсаалтыг давхар бодолцон мэргэжлээ сонгох хэрэгтэй» хэмээн энгийн халуун дотно яриаг хүүхэд залуучуудтай өрнүүлсэн юм.
Харин Ж.Батсуурь гишүүний хувьд ЭМШУИС-ийн харъяа Анагаах ухааны коллежийн оюутнуудтай Монгол Улс болон Дорноговь аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлаар ярилцлаа. Түүний хувьд ойрын жилүүдэд Дорноговь аймагт хийх бүтээн байгуулалтад та бүхэн бэлэн үү гэсэн асуултыг залууст тавьж байв. Дэд бүтцийн хөгжлийн тухай болон орчин үеийн техник технологийн ололт дэвшлийн талаар тэд ярилцаж залуусын оролцоо хувь нэмрийг онцлон ярьцгааж байсан. Хоёр гишүүний улс төржөөгүй яриа, зөвлөгөө оюутан залууст таалагдсан нь гарцаагүй.
Мөн энэ үүний дараа иргэдтэй уулзах үеэр эх орны хишиг 1.5 сая төгрөг, тэтгэвэр тэтгэмж, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн журмыг дэлгэрэнгүй болгохыг хүсэж байсан юм. Түүнчлэн эх орны хишгээс иргэдэд олгох мөнгийг банкны зээлд зориулж болох эсэх гээд маш олон асуулт гарч байлаа.
Орон нутагт бүх эрх мэдлийг өгөх үү
Өдөрлөгийн хамгийн сонирхолтой хэсэг бол орон нутгийн удирдлага, жирийн иргэдийг оролцуулсан хуулийн хэлэлцүүлэг байсан. Ирэх хаврын чуулганаар Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж батлахтай холбогдуулан хэлэлцүүлэг хийв. тус хэлэлцүүлгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх Ч.Мөнхбаатар,УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх С.Доржханд, Сангийн яамны ахлах мэргэжилтэн С.Мөнгөнцэцэг, Дэлхийн банкны Эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төслийн зөвлөх Т.Батсүх нар зохион байгуулан оролцогчдын асуултад хариуллаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь нар оролцов.Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэгт тус аймгийн төсвийн захирагчид болон санхүүгийн албаны ажилчид оролцож хуулийн төслийн талаар санаа оноогоо хэлж, хууль хэрэгжих хамгийн бага нэгж дээр учирдаг бэрхшээлийг тоочив. Хэлэлцүүлэгт оролцогчид орон нутагт санхүүгийн эрх мэдлийг өгмөөр байна.Орон нутагт асуудлаа бие даан шийддэг болъё. Шинэ хуулиар төсвийг захиран зарцуулах эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ гэж байгаа ч сургууль, эмнэлэг,цэцэрлэгийн төсвийг аймаг шийдэхгүй, тухай салбар яаманд нь хэвээр үлдээнэ гэж байгаа нь эрх мэдлийг шилжүүлээгүйтэй адил юм. Сургуулийн хагархай цонх шиллүүлэх, дээвэр засуулахын төлөө Улаанбаатар орж холбогдох сайдтай нь уулзах гээд явдаг байдал хэвээр үлдэх нь ээ. Тийм учраас аймгийн Засаг дарга урьдын адил эрх мэдэлгүй байх нь. Уул уурхай эрхлэгчид орон нутагтаа харъяалагдан санхүүгийн тайлангаа гаргаж, татвараа төлдөг баймаар байна, Түүнчлэн шинэ хуульд төсвийн cap улирлын хуваарийн цагалбарыг дэндүү шахуу хийсэн байгааг байгууллагуудын нягтлан бодогчид шүүмжилж байв.
Биржийн хуулийг малчин, ченж хоёр хүлээж байна
Өдөрлөгийн үеэр хэлэлцсэн хоёр дахь асуудал бол «Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай» хуулийн төсөл байлаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн дарга Ц.Норовдондог,УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны зөвлөх Б.Мяхдадаг, ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа нар зохион байгуулж оролцогчдын асуултад хариулсан. Хэлэлцүүлэгт УИХ-ын хоёр гишүүн сууж малчид, ченж болон орон нутгийн удирдлагуудын санал бодлыг сонсож асуултад хариулж байлаа.
Биржийн тухай хуулийг малчид төдийгүй ченжүүд хэзээ батлагдахыг нь хүлээж буйгаа илэрхийлж байв.Хөдөө аж ахуй, малын гаралтай түүхий эд, махны үнэ тэнгэрт хадаж, малчдын гараас дөрвөөс таван дамжлагаар дамжин хэрэглэгчдийн гар дээр асар үнэтэй ирдэг тухай ярьж байлаа.Малчдын хувьд малын түүхий эдээ тохирсон үнээр зарах хүсэлтэй байдаг.Харин хэрэглэгчдийн хувьд малчдаас олон гар дамжуулалгүйгээр боломжийн буюу хөөрөгдөөгүй үнээр мах сүүгээ худалдан авах хүсэлтэйгээ хэлж байв.Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид энэ бүхнийг хамгийн зүйд зохистой зохицуулах газар бол бирж, хэмээн тайлбарлаж байлаа. Малчид, иргэдийн хувьд ямар ч байсан хууль хурдан батлагдаж, хэт хөөрөгдсөн үнэ үгүй болоосой, энэ хуулиар ченжүүдэд давуу эрх олгоогүй биз гээд биржтэй холбоотой олон асуудлыг сонирхож байв. Мөн тэдэнд хамгийн ойр хуулийг бүх талыг оролцуулан орон нутагт хэлэлцүүлж байгаад талархан санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, дахин ийм хэлэлцүүлгийг өөр хуулиудаар хийж байхыг зохион байгуулагчдаас хүсэж байсан юм.
Тоног төхөөрөмж бэлэглэлээ
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх УИХ-ын хууль сурталчлах төвд УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн өндөр хурдны иж бүрэн компьютер болон УИХ-ын мэдээлэл,хууль тогтоомжийн төслийг үзэх боломж бүхий УИХ-ын дотоод сүлжээнд шууд холбогддог мэдээллийн электрон самбар бэлэглэлээ. Энэ үеэр УИХ-ын хууль сурталчлах танхимын үйл ажиллагааг илүү тодорхой болгож». харилцаа холбоог сайжруулан ажиллахыг орон нутгийн зүгээс хүсэж байв.
Төрийн албан хаагчидтай уулзав
Өдөрлөгийн хүрээнд тус аймгийн төр захиргааны байгууллагын ажилтнуудтай уулзаж санал бодлыг нь сонссон. Тэдний зүгээс дараах асуудлыг УИХ-ын гишүүд болон УИХ-ын Тамгын газарт тавьж байлаа. Дорноговь аймгийн Сайншанд хот өргөжин тэлэх шаардлага байгаа тул хот төлөвлөлт, хөгжлийн бодлогыг дахин боловсруулан аймгийн мастер төлөвлөгөөг шинэчлэх хэрэгтэй. Сайншанд хотын ойролцоо Оросын цэргийн анги нэгтгэл байсан тул орчныг цэвэрлэж аюулгүй болгох хүсэлтийг БХЯ-нд тавьсан боловч шийдэгдэхгүй байгаа. Мөн уул уурхайн салбарт орон нутгийг компаниудыг дэмжин татан оролцуулах, аймгийн төвд бизнес инкубаторын төв байгуулах шаардлагатай гэсэн юм.
Энэ үеэр тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг «Дорноговь аймгийн 80 жилийн ой энэ онд болно. 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн боловч хөрөнгө мөнгө дутагдалтай байна. Гэсэн ч бид зорьсноо бүтээнэ. Хамрын хийдийн 12 тэрбум төгрөгийн өртөгтэй авто замын ажлыг эхлүүлнэ. Гэтэл төсөвт замын ажилд 600-хан сая төгрөг тавьсан. Бид бүтээн байгуулалтад гар бие оролцох боловсон хүчнээ орон нутагтаа бэлдэж байна. Хувийн хөрөнгө оруулалтаар Төмөр замын коллеж байгуулагдсан. МСҮТ-өөр дамжуулан маш олон хүнийг бэлтгэж байна» гэсэн юм.
Энэ удаагийн УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг Дорноговь аймагт амжилттай зохион байгуулагдаж, давхацсан тоогоор 1600 орчим хүн оролцлоо. Харин хуулийн нээлттэй хэлэлцүүлэгт 200 гаруй хүн оролцож 30 гаруй хүн санал бодлоо илэрхийлсэн юм.