Н.Баярмаа: Төрийн аж ахуй эрхлэх хүрээ хязгаар, арга механизмыг нь зөв тогтоож өгнө
Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, хуульч, судлаач Н.Баярмаатай ярилцлаа
-Сүүлийн жилүүдэд аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит болон оролцоотой компани, үйлдвэрийн газрууд олноор байгуулагдах болж. Энэ нь юутай холбоотой вэ?
- Өнөөдөр манайд төрийн аж ахуйн үйл ажиллагааны хүрээ, хязгаар, үндэслэл тодорхойгүй, төр бүхий л салбарт чөлөөтэй аж ахуй эрхлэх боломжтой байна. Энд маш энгийн нэг зарчим үйлчилж байгааг ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн дагуу төр өөрөө эдийн засгийн зохицуулагч шүүдээ. Гэтэл зохицуулах, хуулиа батлах чиг үүрэгтэй этгээд нь өөрөө тоглоомдоо ямар ч хязгаарлалтгүйгээр орж тоглодог, ингэхдээ баримталдаг үндсэн зарчимгүй байх нь зүй ёсыг алдагдуулах нь тодорхой. Ийм учраас л энэ үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хязгаарлалт хэрэгтэй.
Товчхондоо төр ингэж хуулийн этгээдийг олноор үүсгэн байгуулж байгаа нь эдийн засгийг зохицуулах чиг үүрэг, ард түмний өмчлөх эрхийг тэдний нэрийн өмнөөс хэрэгжүүлэх чиг үүргийнхээ ялгаа зааг ямар байвал зохистойг тодорхойлоогүйтэй холбоотой. Энэ хоёр бодлого хоорондоо зөв уялдаатай байх, зохицуулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өмчлөгчийн статусаа зүй зохистой ашиглах боломж олгосон механизмбүхий эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой гэж ойлгож байна.
Төрийн аж ахуйн үйл ажиллагааны хязгаарлалт гэдгийг тодруулаач?
-Хязгаарлалт гэдэг нь төр аж ахуй эрхлэх зайлшгүй үндэслэлийг тогтоож өгөх шаардлагатай гэсэн үг л дээ. Тэрхүү зөв тогтоосон үндэслэл, хүрээ, хязгаарын дотор төр аж ахуй эрхлэгч байж болно. Үүнийг бид хориглохгүй. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн дараа өргөн барих Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулиар энэ хүрээ хязгаар, арга механизмыг тогтоож өгөх юм.
-Өнөөдөр яг хичнээн төрийн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Төрийн өмчийн хорооноос бидэнд өгсөн мэдээллээр зарим нэг төрийн өмчийн үйлдвэрийн газрыг оролцуулахгүйгээр 80 гаруй төрийн өмчит компани байна. Эдгээрийн ихэнх нь хувьчлагдахаар хүлээгдэж буй зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны компаниуд байгаа. Хувьчлах шаардлагатай салбарынхаа хувьчлалын бодлогыг тодорхойлж, төр өөрийн ачааг багасгахгүй атлаа шинээр нэмээд алдагдлаа ихэсгээд байх нь зөв биш. Хуулийн төслийг өргөн мэдүүлэх хугацаанд мөн нилээд хэдийг үүсгэн байгуулсан мэдээтэй байгаа.
-Эдийн засагт төр ингэж үйлдвэрлэгчийн хувиар хэт гүнзгий оролцох нь ямар сөрөг үр дагварыг авчирдаг юм бэ?
-Төр аж ахуй эрхлэх зарчим, арга механизм тодорхой биш байх үед тооцоо судалгаа муутайгаар эдийн засгийн салбарт үйлдвэрлэгчийн хувиар оролцох нь нэгдүгээрт, төсөвт ихээхэн хэмжээний дарамт авчрах, хоёрдугаарт шударга өрсөлдөөнийг боомилох, гуравдугаарт бизнесийн өндөр эрсдлийг төр ард түмний хөрөнгөөр хариуцах, дөрөвдүгээрт, менежментийн оновчтой тогтолцоо , төрийн өмчит корпорацийн сайн засаглалын эрх зүйн үндэс бүрдээгүй байгаатай зэрэгцэн хууль зөрчих, үүрэг хариуцлага эзэнгүйдэх явдлыг гааршуулах зэрэг олон сөрөг үр дагавартай.
-Ер нь онолын хувьд төр ямар салбарт түлхүү оролцох ёстой юм бэ?
- Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулах хүрээнд 2 гол асуудлыг судалж, эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байна. Нэгдүгээрт төр эдийн засагт оролцох оролцооны онолын үндэслэлийг тодорхой хэмжээнд судалж байна. Ингэснээр төр аж ахуй эрхлэх зарчмыг зөв хуульчлах ач холбогдолтой.
Хоёрдугаарт нэгэнт төр тухайн аж үйлдвэрийн эсвэл санхүүгийн салбарт нөлөөлөлтэй байх нь зөв гэж үзэж байгаа бол уг нөлөөллөө хэрэгжүүлэх оновчтой арга механизмыг хуульчлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эдийн засаг дахь төрийн оролцооны ойлголт өөрөө эдийн засгийн ухааны судлагдахуун. Үүнийг хатуу бөгөөд нарийвчлан хуульчлах боломжгүй. Илүүтэй салбар бүрийн бодлогын шийдлээр давхар зохицуулагдах асуудал гэж ойлгож болно.
Тухайлбал аж үйлдвэрийг яаж дэмжих, эрчим хүчний салбарт яаж нөлөөлөх гэх мэт асуудлууд холбогдох яамдаас тухайн үеийн нөхцөл байдалд уялдуулан боловсруулж Улсын Их Хурал дээр зангидагдан батлагдсан бодлогын дагуу хэрэгжих ёстой. Зүй нь бол улс төрийн богино хугацааны нүд хуурсан шийдлээс аль болох ангид, аль болох тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдалтай уялдсан зөв бодлого байх шаардлагатай. Засгийн газар эрчим хүчний салбарт суурь үнийг чөлөөлөх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй учир энэ салбарт төр дангаараа үйл ажиллагаа эрхлэх ёстой, дэд бүтцийн хөгжилтэй нийгэм хүн амын хөгжил, хотжилтын бодлого уялдах учир төрийн нөлөөлөл их байж дангаараа хэрэгжүүлэх ёстой гэх мэт тайлбарыг олон судлаачид хэлдэг.
Гэхдээ үүнийг эсэргүүцэж өөр өөрийн үзлээр тайлбарлах нь ч бий. Ийм маргаантай асуудлуудыг хатуу хуульчлах нь зохимжгүй, хуульчлах боломж ч байхгүй. Энэ асуудлыг уян хатан бөгөөд илүүтэй зөвхөн онолын үндэслэлтэй зарчим тогтоох замаар л хуульчлах нь зөв.
-Бусад улс орнууд төрийн аж ахуйн үйл ажиллагааг хэрхэн зохистой хязгаарладаг юм бэ?
Гадаад орнуудын хувьд ерөнхийдөө салбарын бодлоготай уялдуулан зохицуулахын зэрэгцээ төрийн өмчит компаниуддаа засаглалын тодорхой хэлбэрийг тогтоож өгөх байдлаар хязгаарлалт тогтоогдог нь түгээмэл ажиглагдаж байна. Төр эдийн засгийг зохицуулахдаа өөрөө үйлдвэрлэгч байхаас гадна худалдааны зохицуулалтын арга, өрсөлдөөний арга гээд олон өөр арга байна.
Эдгээрээс миний ойлгож байгаагаар хамгийн оновч муутай арга нь өөрөө дунд нь орж трактороо бариад, тариагаа тариад, бизнесийн эрсдлийг бүрэн үүрээд явах арга. Үүнийг л бид тодорхой түвшинд хязгаарлахыг зориод байгаа юм. Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдсан, цөөн тооны нийлүүлэгчдийн хангаж чадах шинэ технологи шаардлагатай салбар, түүнчлэн үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбарт төрийн оролцоо байх хэрэгтэй гэж Зүүн азийн орнуудын үсрэнгүй хөгжлийг судалсан судлаачид үздэг юм байна. Гэхдээ төр энэ салбарт зайлшгүй ийм хэлбэрээр орох шаардлагатай гэж үзсэн нөхцөлд энэ үндэслэл тодорхой байх ёстой, компани байгуулах механизм өөрөө хяналттай байх ёстой, эрсдэл, алдагдлыг хүлээх эзэн, менежмент, засаглалын бүтэц тодорхой, оновчтой байх ёстой.
Товчхондоо бид хуулийн төслийг боловсруулахдаа эдийн засаг дахь төрийн оролцооны суурь зарчмыг тогтоогоод, хуулийн этгээд байгуулах хэлбэрээр оролцохдоо мэргэшсэн хөрөнгө оруулагчийн статустай байх үзэл баримтлалд суурилж байгаа.
-Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай хууль шинээр гарч, дагаж мөрдөх хүртэл энэхүү хуулийг дагаж мөрдөнө гэж байгаа. Дээрх хууль хэзээ өргөн баригдаж, батлагдах төлөвтэй байна вэ?
-Төрийн аж ахуйн үйл ажиллагааны хуулийн үзэл баримтлал бэлэн болж, хуулийн төслийг боловсруулах шатанд ажиллаж байна. Аль болох яаралтай бэлэн болгохоор хичээж байгаа хэдий ч энэ асуудал нь төрийн өмчийн ойлголтыг харах өнцгийг өөрчлөх, төрийн өмчлөлийг хэрэгжүүлэх зарчим, арга механизмыг тогтоох, бусад олон салбарын, тухайлбал эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, нийгмийн салбарын шинэчлэл, бодлоготой зарчмын хувьд сайн уялдсан байх шаардлагатай учир суурь судалгаа маш сайн хийгдсэн байхыг шаардаж байгаа. Хөнгөн гоомой хандаж алдаа гаргахгүйг бүх талаар чармайх хэрэгтэй
Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийн үндэслэлд Төрийн бодлогыг уялдуулах нэрийдлээр төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хэт гүнзгий оролцож, нөлөөлж байна гэсэн байсан. Өнөөдөр яг ингэж оролцоод байгаа бодит жишээг хэлж өгч болох уу?
-Энэ асуудлын дор 2 зүйлийг дурдаж болох юм. Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчит хуулийн этгээдийн төрлийг ойлгомжгүй, чухамдаа бол бизнесийн харилцааг зохицуулах суурь хууль болж байгаа Иргэний хуульд заасан хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж тогтоосон байдаг. Иргэний хуулийн дагуу ашгийн төлөө хуулийн этгээд нь компани ба нөхөрлөлийн хэлбэрээр үүсгэн байгуулагдах ёстой.
Ингээд тэдгээр нь компанийн тухай хууль, нөхөрлөлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Манай 2011 онд шинэчлэн найруулагдсан Компанийн тухай хууль нь компанийн засаглалын хувьд алдаа оноотой зүйл байгаа ч гэсэн зайлшгүй шаардлагатай элементүүдийг суулгаж өгсөн хууль байдаг. Гэтэл аж ахуйн үйл ажиллагаа эрхлэж байгаа атлаа уг хуулиар зохицуулагдахгүй төсвөөс санхүүждэг улсын төсөвт үйлдвэрийн газар, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг нэртэй боловч бодит байдал дээр энэ нь их л “эргэлзээтэй” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэх мэт 100 хувь яамны харьяанд байх хуулийн этгээдийн төрлүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Засгийн газар шууд үүсгэн байгуулж аж ахуй эрхлэхээр зааж төсвөөс санхүүжүүлж байна. Төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар гэдэг нь өөрөө ямар ч ойлгомжгүй механизм.
Энэ төрлийн хуулийн этгээдүүд удирдлагын хувьд 100 хувь холбогдох яамны харьяанд байж, төсөвт дарамт болж байна. Ийм үйлдвэрийн газрууд өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэг, эмнэлгийг оролцуулахгүйгээр 25 орчим байна.
Хоёрдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудын дотоод засаглалын асуудал ихээхэн учир дутагдалтай. 100 хувийн төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл төрийн өмчийн хорооны төлөөлөл болон яамдын захиргааны ажилтнуудаас (хараат бус гишүүдийг үл харгалзан) бүрддэг. Мөн Төрийн өмчийн хороо давхар хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл компанийн шийдвэр гаргах бүрэн эрхийг барьж буй этгээдүүдийн дийлэнх нь төрийн захиргааны ажилтнууд байна. Эдгээр нь аль нэг салбарын бизнесийн чиглэлээр мэргэшсэн этгээд байхаасаа илүүтэй төрийн өмчийг бизнесийн эрсдэлд оруулж харицлага хүлээхээс зайлсхийх зарчим баримталсан төрийн захиргааны боловсон хүчнүүд байдаг. Энэ ч тэдний өнцгөөс харвал зөв зарчим. Ийм байдлаар удирдлага нь бүрэлдэх тогтолцоотой хуулийн этгээд жинхэнэ утгаараа аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж ашиг олоход бэрхшээлтэй нь тодорхой юм.
Энэ нь төр аж ахуй эрхлэхэд төрийн захиргааны оролцоо хэт гүнзгий байгааг харуулж байгаа хэлбэр гэж үзэж байна.