Ч.Хашчулуун: “Наймаачин” төрөөс ухаалаг төр рүү шилжих ёстой
МУИС-ийн багш, доктор, эдийн засагч, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Төр хэтэрхий их аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг хязгаарлах хэрэгтэй гэж үзэн Ерөнхийлөгчөөс Төрийн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хууль дээр таны байр суурь ямар байна вэ?
- Манай төрийн оролцооны асуудлын санаа нь зөв боловч хэлбэрт нь гажуудал байна. Нэгдүгээрт, төр аж ахуйн үйл ажиллагаанд шууд оролцох нь зарчмын хувьд нэн буруу гэж үздэг. Учир нь төр зах зээлийн эдийн засагт зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг тул ингэж орохоор өөрөө өөрийгөө зохицуулах, дэмжих естой хувийн хэвшилтэй өрсөлдөх байдалтай болдог. Иймээс үнэхээр шаардлагатай л үед төр бол оролцож бусад үед дүрэм журам, хууль, татвар зэргээр эдийн засагт нөлөөлөх нь илүү оновчтой гэдэг. Хоёрдугаарт, бидний төр гэж ойлгодог ойлголтын ард үнэн хэрэгтээ тухайн сонгуулиар ялсан улс төрчдийн бүлэглэл байдаг. Тэгэхлээр төрийн компани байгуулах нь зарим нөхцөлд, ялангуяа засаглал султай, олон нийтийн хяналт сул үед төр улс төрчдийн саалийн үнээ болдог. Тэд бизнесийн үйл ажиллагаанд орохдоо уг нь төрийн сонирхол нийт улс орны ашиг сонирхол байхад улс төрчидийн хувьд өөрийн ашиг сонирхолд хөтлөгдөх, ашиг хонжоо олох, сонгуульд зарсан мөнгөө буцааж олох гэсэн тэс өөр сонирхол давамгайлдаг. Энэ нь төрийн аж үйл ажиллагаа анхны зориулсан зорилгоос хазайх боломж үүсдэг.
Энэ нь төрийн аж үйл ажиллагаа анхны зориулсан зорилгоос хазайх боломж үүсдэг.
Үүнтэй холбогдуулан сүүлийн үед янз бүрийн төрийн өмчид компаниудыг байгуулж байна. Манайх шиг улс төржсөн нөхцөлд засгийн эрхэнд байгаа хүчин нь захирлыг нь томилохдоо “ажилгүй найзууддаа” ажлын байтай болгох зорилгын үүднээс заримдаа мэргэжлийн бус хүн тавьдаг байдал ажиглагдаж байна. Тэр хүн нь ажилтнуудаа мөн адил өөрийн танил тал, хамаатан, намын нөхдийг шахаагаар томилно. Ингэхлээр тухайн төрийн үйлдвэр нь анх ашигтай ажиллах тооцоотой байсан ч мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн учраас үйлдвэр ашгаа өгч чаддаггүй. Төрийн компаниудын алдагдлыг тэгэхээр нь заримдаа төрөөс нөхөж өгдөг. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг ямар ч хяналтгүй, дураараа зарцуулах нөхцөлийг нь бий болгож байгаа.
-Төрийн Ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хууль яагаад гарах ёстой юм бэ?
- Төрийн аж ахуйн үйл ажиллагаа хийж болохгүй гэж хуульчлаагүй учраас компани үүсгэх, байгуулах сонирхол цаана байсаар л байна. Тиймээс хуульчлах зайлшгүй хэрэгтэй.
-Төрийн өмчид аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой газар нь яагаад хяналтаа тавьж чадахгүй байна бэ?
- Төрийн өмчийн компаниудыг хянах ёстой Төрийн Өмчийн Хороо нь өөрөө Засгийн газрын нэг байгууллага учраас хяналтаа тавьж чаддаггүй, улс төрийн шахалтад орсон байдалтай байдаг. Энэ бүхэнд хэн нэгнийг буруутгах гэж хэлж байгаа зүйл биш. Гэхдээ үр дүнд нь улсаар дүүрэн үр ашиг муутай төрийн компаниуд үүсчихсэн байдаг. Мөн тэдгээр компаниуд нь нэгэнт аж ахуйн үйл ажиллагаанд оролцож байгаа учраас хөрөнгө оруулалт хийнэ, тендер зарлана, бараа үйлчилгээ худалдан авна. Энэ нь авлигын нөхцлийг үүсгэдэг. Цаашид аль болохоор гуравдагч хяналтыг сайжруулах хэрэгтэй. Хуулийн төсөлд Төрийн өмчийн аж ахуй нэгжийг байгуулахдаа ТУЗ-ыг дандаа хараат бус хүмүүсээр бүрдүүлэх, Засгийн газрын судалгаа, шинжилгээ дээр тулгуурлан УИХ-аар баталж байхаар тусгасан байна лээ. Энэ бас нэг хяналтын сайжруулж байгаа асар чухал хэлбэр юм.
-Төрийн өмчид компани дээр гарч байгаа хамгийн том гажуудал бол захирлын томилгоо гэж Та ярилаа. ТУЗ-ийн томилгоо мөн адил байх шиг?
- Манайд компаний захирал, ТУЗ-ыг нь ихэвчлэн Төрийн өмчийн хороо юмуу Засгийн газар шууд томилж байгаа. Засгийн газар өөрөө улстөрчдөөс бүрдсэн байдаг шүү дээ. Тэгэхлээр тэд нар томилж байгаа төрийн компани ТУЗ нь, түүний гишүүд өөрснөө хараат бус үзэлтэй байж чадахгүй байдаг. Нэгдүгээрт, мэргэжлийхэн биш улс төрчдийн шалгуураар тэднийг томилж байгаа нь “том асуудал” үүсгэж байна. Хоёрдугаарт, Төрийн өмчийн хороо ТУЗ-өө сонгохдоо төрийн компани учраас төрийн төлөөлөл өндөр байх ёстой гэсэн буруу ойлголттой байдаг. Олон улсын туршлагыг хархад харин ч эсрэгээрээ төрийн компани учраас хяналтын хороо, ТУЗ нь аль болох хараат бус хүмүүсээс бүрддэг. Өөрөөр хэлбэл үүсгэн байгуулагч нь төр байж болно. Харин ТУЗ нь мэргэжлийн, тухайн салбартаа танигдсан эсвэл компани засаглалаар өндөр мэдлэгтэй гэх зэрэг шалгуурт нийцсэн хүмүүс байх учиртай. Тиймээс манай төрийн өмчит компаниудын захирал, ТУЗ-ыг томилгоог бүрэн дүүрэн шинэчлэж байж энэ сайжирна. Мөн дээрээс нь хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчийн зүгээс ашигтай ажиллах шахалт байх ёстой. Үүнийг уг нь төрийн өмчийн хороо хийх ёстой. Бас төрийн өмчит компаниудын давуу эрхийг болиулах хэрэгтэй. Энэ нь өрсөлдөөнийг гажуудуулж байна. үнийг мөн тус хуулийн төсөлд тусгасан байгаа.
-Төрийн ямар салбаруудад аж ахуйн үйл ажиллагаа хийх ёстой юм бэ?
-Ер нь бол хувийн хэвшлийхний хийж болох бүх ажлыг тэднээр хийлгэх нь зөв гэж үздэг. Хувийн хэвшлийхний хийж дийлэхгүй, мөнгө нь хүрэхгүй, хийгээд ч ашиг гарахгүй учраас хийх сонирхолгүй салбаруудад төр аж ахуйн үйл ажиллагаа хийж болно. Тухайлбал, томоохон дэд бүтцийг байгуулах, сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн хамгаалал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбаруудад байна.
-Төр хувийн хэвшлийн хийчих ажлыг төр өөрөө хийгээд байна гэж байна. Та жишээ хэлээч?
-Хувийн компаниуд бага зардлаар хийчих ажлыг төр булааж аваад өөртөө их завгүй юм шиг харагдах, мөн түүнийхээ хөрөнгийг төсвөөс гаргаад байх нь тун зохимжгүй л дээ.
Нэг жишээг хэлье. Тавантолгой дээр гэхэд төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” ХК , нөгөө нь хувийн өмчийн “Энержи Ресус” ХХК гэсэн хоёр компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ хоёрыг харьцуулаад хархад. Хувийн өмчийн “Энержи Ресус” ХХК цахилгаан станц, хотхон, үйлдвэр, засмал замаа хүртэл барьчихсан. Зогсоогоогүй бол төмөр замаа ч барьчих боломжтой байна. Гэтэл улсын өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нөгөө компаниасаа 20 дахин илүү ордын хэсгийг эзэмшиж байгаа ч гэсэн хэдхэн машин, гэртэй л байх жишээтэй.
Тэгэхээр төр аж ахуйн үйл ажиллагаанд орооцолдоод худалдаад, зараад, наймаа хийгээд байх нь ер нь зохимжгүй. Энэ хуулийг хархаар наймаачин төрөөс ухаалаг бодлого гардаг төр рүү шилжих ёстой гэдэг нь харагдаж байна.