Лифттэй автобус эзэддээ очлоо
Би ярьж чадахгүй, бас сонсож... Гудамжинд алхахдаа ч, автобусанд явахдаа ч хүмүүсийг харц, үйлдлээр нь мэдэрдэг.
Хэдий тийм ч тэд намайг ойлгодоггүй. Бүгд л гайхаж, өрөвдсөн харцаар ширтдэг. Манайх гэр хороололд байдаг. Өглөө болгон хотын төв рүү хичээлдээ явахдаа автобусанд ийм л бодол тээж, ганцаараа юм шиг амьдардаг... сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй охин ийн ярьж байна.
Тэр нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуульд сурдаг. Гэхдээ тэр өнөөдрөөс эхлэн хичээлдээ сургуулийнхаа тусгай автобусаар ирж, харьдаг болно. Ганц энэ охин ч биш тус сургуульд сурч байгаа сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй хүүхэд тусгай автобусаар үйлчлүүлэх болсондоо баяртай байгаа.
300 гаруй хүүхэд тусгай автобусаар үйлчлүүлэх болсондоо баяртай байгаа.
Учир нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангаж, коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэхүү зорилтын хүрээнд өчигдөр ерөнхий боловсролын зургаан тусгай сургуульд зориулалтын автобусыг хүлээлгэн өглөө.
Тэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 700 сая төгрөгийн өртөг бүхий долоон автобус худалдан авч ийнхүү тусгай сургуулиудад нийлүүлж байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль дээр болсон юм. Дээрх долоон автобусны зургаа нь энгийн, нэг нь тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан лифттэй автобус аж.
Энгийн автобус нь 26 хүний суудалтай, 98 сая төгрөгийн үнэтэй бол лифттэй автобус нь 17 хүний суудалтай, 144 сая төгрөгийн үнэтэйг албаныхан хэлж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан лифттэй автобусыг Монголд анх удаа оруулж ирж байгаа бөгөөд эхний ээлжинд Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургуульд, энгийн автобусуудыг 29, 116, 25, 63, 55 дугаар тусгай сургуульд хүлээлгэн өглөө.
Энэ үеэр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 39 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайхан хэлэхдээ “Манай сургууль улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 316 сурагчтай. Үүнээс 160 гаруй нь дотуур байранд амьдардаг. Бид үлдсэн сурагчдаа хоёр микро автобусаар зөөдөг байсан. Ийнхүү 26 хүүхдийн суудалтай том оврын автобустай болсноор бага ангийн сурагчдаа сургуульд нь унаагаар зөөх боломжтой боллоо. Мөн өмнө нь явуулж байсан чиглэлээ нэмэх нөхцөл бүрдэж байна” гэв.
Тус сургууль нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхүүдийг элсүүлэн тэдэнд сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд болон мэргэжлийн анхан шатны боловсролыг сургалтын тусгай арга зүй, технологиор олгодог. Харин 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн суралцагчдын хөгжлийн бэрхшээлийн онцлог, авьяас сонирхолд нийцүүлэн “Үсчин-гоо сайхан”, “Хоол үйлдвэрлэл-нарийн боов”, “Модон эдлэлийн мужаан”, “Оёмол бүтээгдэхүүний оёдолчин-эсгүүрчин” гэсэн дөрвөн мэргэжлээр мэргэжлийн анхан шатны сургалтыг эхлүүлсэн нь бага ч атугай суралцагчдынхаа амьдралын баталгаа, нийгэмд эзлэх байр суурийг нь хангаж өгч байгаа явдал юм.
Харин Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургуульд Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 228 хүүхэд хамрагддаг байна. Үүнээс 118 нь бага ангид суралцдаг аж. Сурагчдын 20 нь тэргэнцэртэй тухай сургуулийн захирал нь ярьж байв.
26 хүүхдийн суудалтай том оврын автобустай болсноор бага ангийн сурагчдаа сургуульд нь унаагаар зөөх боломжтой боллоо
Түүнчлэн сурагчид төдийгүй эцэг эхчүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай автобусаар үйлчлэх болсонд талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм. Учир нь 70 дугаар сургуульд Баянхошуунаас явдаг тэргэнцэртэй хүүхдүүд олон байдаг гэнэ. Тэдгээр хүүхдийг сургуульд нь өдөр бүр нийтийн тээвэр болон микро автобусаар зөөвөрлөхөд хүндрэлтэй байж. Харин өчигдрөөс эхлэн энэхүү тусгай автобусаар сурагчдыг зөөвөрлөх болсон нь тэдний талархлыг хүлээж байгаа бөгөөд сурагчдын хувьд тав тухтай орчинд сургууль руугаа аюулгүй зорчих, эцэг эх нь цаг, мөнгөө хэмнэх гээд олон давуу талтай болжээ.
Дашрамд дуулгахад улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1300 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад, 15770 хүүхэд сургуульд суралцаж байна. Үндэсний хэмжээнд зургаан тусгай сургууль байгаагаас харааны бэрхшээлтэй хүүхдийн нэг, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн нэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дөрвөн тусгай сургуульд нийт 1600 гаруй хүүхэд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй нийт хүүхдийн 50 орчим хувь нь буюу 7064 нь харааны бэрхшээлтэй гэж бүртгэгджээ. Дээрх сургуулиудад согог зүйч багш 58, хэл ярианы засалч багш дөрөв ажиллаж байгааг албаныхан хэллээ.